card

Эрүүгийн хэргийн тусгай архив

Улсын Их Хурлаас 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр баталсан “Прокурорын байгууллагын тухай хууль”-ийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэргийн төв архив, сум, сум дундын прокурорын газраас бусад прокурорын газарт түүний салбар архив ажиллана, мөн өдрийн 47 дугаар тогтоолд “Эрүүгийн хэргийн улсын нэгдсэн архив, түүний салбар нэгжийн хэвийн ажиллагааг хангахад шаардагдах ажлын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах арга хэмжээ авах” тухай, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 28/147/115 дугаартай хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-ын 3.2-т “Улсын ерөнхий прокурорын газарт эрүүгийн хавтаст хэргийн төрөлжсөн төв архив, аймаг, нийслэлийн прокурорын газарт түүний салбар архив ажиллана” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын газарт Эрүүгийн хэргийн төв архив, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хэргийн салбар архив байгуулагдан, хөмрөг үүсгэгч байгууллагаас баримтаа хүлээн авч , сан хөмрөгөө бүрдүүлж, хадгалж, ашиглуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Архивын баримт ашиглалт

-Архивын баримтыг иргэн, хуулийн этгээд, эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр баримтаас лавлагаа, хуулбар олгох, уншлагын танхимаар танилцуулах, судлуулах болон архиваас гадагш түр ашиглуулах, дотоод ажлын хэрэгцээнд тус тус ашиглуулна;

-Хэрэг, материалаас тухайн хэргийн оролцогчдод өөрт нь хамааралтай баримтыг өөрийнх нь хүсэлтийн дагуу хуулбарлан олгоно;

-Иргэн, хуулийн этгээдэд холбогдолтой баримтыг тухайн хуулийн этгээдийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, ажилтанд зөвхөн тухайн хуулийн этгээдэд холбогдох баримтыг, хувь хүний баримтыг өөрт нь өөрөө ирэх боломжгүй тохиолдолд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, төрсөн эцэг, эх, хууль ёсны эхнэр, нөхөр, төрсөн ах, дүү, үр хүүхэд нь болохыг нь нотолсон баримтыг үндэслэн тухайн хүнд холбогдолтой баримтыг ашиглуулна;

-Уншлагын танхимаар баримтыг танилцуулах, судлуулахад холбогдох журмын дагуу шаардлагатай бичиг баримтыг үндэслэж ашиглуулна.

-Баримтыг  Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ”-г үндэслэн ашиглуулна.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТУСГАЙ, САЛБАР АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ 

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасны дагуу Архивын ерөнхий газрын даргын 2021 оны “Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Архивын төлбөрт үйлчилгээний үнийн хэмжээ:

  • 1921-1940 оны баримт 3,500 төгрөг (нэг он, нэг тал)
  • 1941-1960 оны баримт 3,000 төгрөг (нэг он, нэг тал)
  • 1961-1992 оны баримт  2,500 төгрөг (нэг он, нэг тал)
  • 1992-хойших үеийн баримт 2,000 төгрөг (нэг он, нэг тал)
  • Архивын лавлагаа – 2,000 төгрөг
  • Хэрэг, материалтай танилцах-3,000 төгрөг (өдрийн)
  • Судалгаа, шинжилгээнд ашиглуулах-2,500 төгрөг (1-хадгаламжийн нэгж)
  • Баримтын хуулбар – 2,000 төгрөг (1 нэг тал)

АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Эрүүгийн хэргийн тусгай болон салбар архивын баримтаас иргэд, үйлчлүүлэгчид нь лавлагаа, хуулбар авахдаа тухайн прокурорын газраас болон Мишээл, Дүнжингарав дахь нэг цэгийн үйлчилгээний төвд өөрийн биеэр ирж холбогдох журмын дагуу  хүсэлтээ бичгээр гаргаж,  шаардлагатай баримт бичгийг хавсаргана.

Үүнд:

Архивын үйлчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу байгууллагын удирдлагын шийдвэрээр хууль тогтоомжийг  үндэслэн олгоно.Түүнчлэн Прокурорын байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системээр дамжуулан холбогдох хуулийн байгууллагуудад архивын лавлагаа, хуулбарыг олгож байна.

Иргэн танд

Онцлох мэдээлэл