card

Түгээмэл асуулт хариулт

Прокурорын байгууллагад өргөдөл, гомдол хэрхэн гаргах вэ? Ямар хугацаанд шийдвэрлэдэг вэ?

Иргэн та прокурорын шийдвэр, ажиллагааг эс зөвшөөрвөл, прокурор, ажилтны сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, прокурор, ажилтны талаар гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл болон прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ прокурорын байгууллагад гаргах боломжтой. Өргөдөл, гомдол гаргахдаа:

  • Хаана, хэнд хандаж гаргах вэ? гэдгийг зөв сонгох.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг эхлээд тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурорт хандаж гаргана.

Мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналтын прокурорт, хяналтын прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт, нэгжийн дээд шатны прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг дээд шатны прокурорын газарт гаргана.

  • Хуулийн хугацаанд гаргах.

Таны хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг “Хариу мэдэгдэх хуудас”-аар өгнө.  Та уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол “Хариу мэдэгдэх хуудас”-ыг гардан авснаас хойш нэгжийн дээд шатны прокурорт ажлын 3 хоногийн дотор,  дээд шатны прокурорын газарт 3 хоногийн дотор гомдол гаргаж болно.

  • Гомдол гаргагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг бичих.
  • Холбогдох хэргийн явц, шийдвэрлэлтийн талаар товч, тодорхой бичих.
  • Гомдол, хүсэлтийг тод, гаргацтай бичих.

Өмнөх шатны прокурорын шийдвэрийг буюу “Хариу мэдэгдэх хуудас”-ны хуулбарыг хавсаргах.

Прокурорын байгууллагад өргөдөл гомдолыг цахим шуудангаар хэрхэн гаргах вэ? Анхаарах зүйл юу байна вэ?

Иргэд прокурорын байгууллагад гаргах өргөдөл, гомдол, хүсэлтээ заавал биечлэн очиж өгөхгүй байж болно. Тухайн гомдол гаргаж буй прокурорын газрынхаа баталгаат болон цахим шуудангийн хаягаар хүргүүлж болно. Аль ч хэлбэрээр ирүүлсэн дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

  • Гарын үсгээ зурж баталгаажуулсан байх
  • Холбоо барих утасны дугаар, хаягийг бичсэн байх
  • Өмнөх шатны прокурорын шийдвэрийн хуулбарыг хавсаргах
  • Иргэний үнэмлэх, өмгөөллийн үнэмлэхний хуулбарыг хавсаргах

PDF болон зурган хэлбэрээр илгээнэ.

Прокурорын туслах ажилтан болоход ямар шалгуур тавьдаг вэ?

Улсын Ерөнхий Прокурорын газраас байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор жил бүр прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулдаг. Улсын Ерөнхий прокурорын 2022 оны А/19 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ын дагуу зохион байгуулсан шалгалтад тэнцсэн иргэнийг прокурорын туслах ажилтнаар томилон ажиллуулдаг. Хууль, эрх зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, гэмт хэрэг үйлдэж, шүүхээр гэм буруутайд тооцогдож байгаагүй, төрийн албаны шалгалтад тэнцсэн, цэргийн алба хаасан байх гэсэн үндсэн шаардлагыг хангасан иргэд туслах ажилтнаар ажиллах хүсэлт гаргаж болно.

Эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорилгод тэнцсэн иргэд дараагийн шатны буюу Монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг шалгах эссэ болон дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадварыг шалгах бодлогын шалгалтууд авна.

Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг шалгаруулалт эхлэх өдрөөс гучаас доошгүй хоногийн өмнө байгууллагын www.prokuror.mn сайтад байршуулна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч ямар эрх эдлэж, үүрэг хүлээдэг вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийн хохирогч гэнэ. Прокурор, мөрдөгч, шүүгч шийдвэр гаргаж хохирогчоор тогтоодог. Хохирогч ямар эрхтэй вэ?

  • Өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах
  • Хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах
  • Мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах
  • Шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох шүүх хуралдаанд даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч гэрч шинжээчид асуулт тавих
  • Шүүх прокурор мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах
  • Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мөрдөн байцаалт дууссан бол хавтас хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах
  • Гэмт хэргийн улмаас үүссэн хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах
  • Шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолын хувийг авах
  • Эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах
  • Өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

Үүргийн хувьд шүүгч, прокурорыг дуудсан цагт ирэх үүрэгтэй. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрт илэрхий болсон хэргийн талаарх мэдээллийг задруулахгүй байх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих, хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Прокурор болохын тулд ямар шаардлага тавигддаг вэ?

Прокурорын тухай хуулийн дагуу прокуророор ажиллах хүнд дараах шаардлага тавигддаг.

  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил, эсхүл прокурорын туслах ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан, гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй, мэргэжлийн шаардлага хангасан, хорин таван насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилно.
  • Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ур чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх, эсхүл бууруулан томилох, сэлгүүлэн ажиллуулах журмыг Улсын ерөнхий прокурор батална.
Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хэрхэн хамгаалдаг вэ?

УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дэргэд Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба байгуулагдсан. Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт болон өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасан байдаг.

Прокурор төрийн байгууллага хүсэлтийг хүлээлгүй төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдол хаана, ямар байдлаар гарсан байгаа судалгаан дээр үндэслэж дүн шинжилгээ хийж тухайн байгууллагад хандаад хамтарч ажиллаж байна.

Тодруулбал гэмт хэрэг зөрчлийн улмаас төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, түүнд хохирол учирсан асуудал дээр  ямар төрийн байгууллага хэрхэн явах вэ гэдэг зохицуулалт өөрөө зарим нэг хэргийн хувьд онцлог байдаг учраас төрд учирсан хохирол, нийтийн эрх ашиг зөрчигдсөн асуудал орхигдох учраас прокурор өөрийн санаачлагаар явах боломжийг олгосон. Нөгөө талаараа эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, төрд хохирол учирсан бол төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Төрийн байгууллагууд хохирсон талаарх мэдээллээ прокурорын байгууллагад хүсэлт гаргах ёстой.

Иргэн танд

Онцлох мэдээлэл