“Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ахмад прокуроруудыг шагналаа

A- A A+
“Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ахмад прокуроруудыг шагналаа

“Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан прокурорын байгууллагын хөгжил, дэвшлийн төлөө өөрийн мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад прокуроруудыг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар шагнаж урамшууллаа. Прокурорын байгууллагын хамгийн ахмад прокуроруудын нэг 92 настай Б.Бадамыг “Прокурорын хүндэт тэмдэг”-ээр, ахмад прокурор Н.Дашжамцыг “Прокурорын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм. Шагналыг Прокурорын байгууллагын ахмадын холбооны тэргүүн Г.Бадамханд гардуулан өгч гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа ч сэтгэл зүрхээрээ хамт байдагт талархаж эрүүл энхийг хүслээ.

Ахмад прокурор Н.Дашжамц: Би прокурорын байгууллагад 35 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан.  Хөвсгөл аймагт чухал хэргийн мөрдөн байцаагчаар анх ажлын гараагаа эхэлж, мөрдөн хэлтсийн туслах прокурор, Төв, Дорноговь аймаг, Налайх дүүрэгт мөрдөн хэлтсийн туслах прокурор, Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан. Олон жилийн түүхтэй прокурорын байгууллагаараа ороод гарахад үргэлж сайхан байдаг. Яг л гэртээ ирсэн мэт сэтгэгдэл төрдөг. Хуулийн байгууллага дотроо нэр бүтэн яваа Прокурорын албаараа үргэлж бахархаж явдаг. Энэ дашрамд ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, шударга ажиллах хэрэгтэйг залуу прокурорууддаа захиж хэлье. Мөн олон жил хамт ажилласан, прокурорын байгууллагаас гавьяаныхаа амралтад гарсан нийт прокурор, ажилтнуудад Ахмадын баярын мэнд хүргэж, урт насалж удаан жаргаарай гэж хүсье. 

Прокурорын байгууллагын чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрч хүч, эрдэм мэдлэгээ зориулсан үе үеийн ахмад прокурор, прокурорын байгууллагын ажилтан, алба хаагч Та бүхэндээ баярын мэнд хүргэе!