Ц.БАТЗАЯА: ТАРБОЗАВРЫН ТОЛГОЙН ЯС ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХҮМҮҮСТ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭСЭН

A- A A+
Ц.БАТЗАЯА: ТАРБОЗАВРЫН ТОЛГОЙН ЯС ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ХҮМҮҮСТ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭСЭН

Түүх, соёлын дурсгал, дахин давтагдашгүй эд өлгийн зүйлсээ харийнханд худалдаж, ашиг хонжоо хайгчид олон байдаг. Дуулиант “Тарбозавр батаар”-аас өмнө археологи, палеонтологийн олдвор, бурхны шашны эд өлгийн зүйлсийг хил давуулан худалдах гэмт хэрэгтэй хууль сахиулагчид тэмцэн илрүүлсээр ирсэн ч иргэд төдийлөн ойшоож үздэггүй байлаа. Эрик Прокопи гэгч америк эр Хятад, Япон, Солонгос, Украин, Англи, Канад дахь зохион байгуулалттай, үндэстэн дамнасан сүлжээ бүхий хамтрагчдынхаа оролцоотойгоор Монгол Улсаас үлэг гүрвэлийн чулуужсан ясыг “гэр” гэсэн гаалийн бүрдүүлэлтээр хил давуулж, далайн чанадын оронд аваачин дуудлагаар худалдах болсноос улбаатайгаар манайхан эртний эд өлгийн зүйлсдээ анхаарал хандуулж эхэлсэн.

Тухайн үеийн ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяраар удирдуулсан эрүүгийн төлөөлөгч нар энэ зохион байгуулалттай сүлжээг маш сайтар мөрдөж, Интерпол ч манайхны энэ чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчний ур чадварыг өндрөөр үнэлж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. 

Гэвч хялбар аргаар мөнгө олох сонирхолтой хүмүүс эртний олдвор, түүх, соёлын дурсгалт зүйлсээ харийнханд худалдахыг санаархаж, шүүхийн хаалга татсаар байгаа нь харамсалтай. Үүнийг дараах тоо баримт гэрчилнэ. Тодруулбал, прокурорын байгууллага 2024 оны эхний хагас жилийн хугацаанд соёлын биет өвийн эсрэг 26 гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьжээ. Тухайлбал, цагдаагийн байгууллагын мөрдөн шалгасан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн, устгасан хоёр, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн 12, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 19 хэрэгт хяналт тавьсан байна. Эдгээрийн наймд нь прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бол одоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 15 хэрэг шалгаж буй. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн 80.7 хувь нь нийслэлд, 19.3 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Нийслэлд, тэр дундаа “Жуулчны” гэж нэрлэгддэг Урт цагааны гудамж орших Чингэлтэй дүүрэгт энэ төрлийн хэрэг олон гарчээ. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагаас тус дүүргийн хэмжээнд гарсан соёлын өвтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлыг тодрууллаа. 

Чингэлтэй дүүргийн нутагт үнэт болон эртний эдлэлийн дэлгүүрүүд төвлөрсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор соёлын өвийн эсрэг гэмт хэрэг цөөнгүй гарч, танайхаас хяналт тавьдаг биз?

-Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах, соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх, соёлын биет өвийн   худалдаа зохион байгуулах, зуучлах зэрэг нь соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт хамаарна. Чингэлтэй дүүрэгт үнэт болон эртний эдлэлийн дэлгүүрүүд, валют арилжааны төвүүд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг учраас соёлын өвийн эсрэг гэмт хэрэг бусад дүүрэгтэй харьцуулахад их гардаг. Тус дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж ажилласан соёлын өвтэй холбоотой гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн. Тухайлбал, 2020 онд нэг, 2022 онд гурав, 2023 онд ес, 2024 оны I улиралд гурван хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Гэмт хэргийн тоо өссөн нь 2021 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст дагнасан чиг үүрэг бүхий Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг байгуулж, илрүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн зохион байгуулалттайгаар, нууц, далд аргаар үйлддэг учраас илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ур чадвар шаарддаг онцлогтой.

Үе уламжилж ирсэн эртний эд зүйлс иргэдэд их хадгалагдаж байдаг. Мөн хөдөө, орон нутгаас эртний олдвор ч олдог. Энэ тохиолдолд ер нь хаана хандах ёстой вэ. Иргэд энэ талаар сайн мэдэхгүйгээс болж соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг уу? 

Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлт, санхүүгийн чадамж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эсэх зэрэг нь харилцан адилгүй. Соёлын биет өв, археологийн олдворыг өндөр үнээр арилжаалдаг учраас иргэд ашиг олох зорилгоор эртний булш, хиргисүүр, сүм хийдийн үлдэгдэл бүхий газарт хууль бусаар хайгуул, малтлага хийх, түүхийн дурсгалт газруудыг сүйдлэх, мэргэжлийн бус хүмүүс учраас малтлага хийхдээ олдворуудыг гэмтээх, төрийн өмчид байвал зохих археологийн олдворыг бусдад арилжих зэргээр гэмт хэрэг үйлдэж байна.

Мөн хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг. Тухайлбал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлд “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн”, бас “Олдвор илрүүлбэл, илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгүүлнэ” гэж заасан байдаг.

Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул хийх, соёлын биет өвийн эд зүйлийг бусдад зарж борлуулах, худалдан авах зэрэг нь гэмт хэрэгт тооцогддог. Тиймээс Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

Хөдөө, орон нутгаас түүхэн дурсгалт олдвор байж болохоор эд зүйл олбол мэргэжлийн байгууллагад хандаж, соёлын өвийн олдвор мөн, эсэхийг шинжлүүлж байхыг иргэддээ зөвлөе. 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас энэ төрлийн ямар хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлэв?

Нэг бус хэрэг бий. Жишээ нь, Тарбозаврын толгойн яс худалдахыг завдсан хүмүүст шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул хийж, Монголын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтох буюу хүрэл зэвсгийн үе /НТӨ-III-I мянган/-д хамаарах эд зүйлийг илрүүлэн, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулах, зуучлахаар завдсан нэр бүхий зургаан иргэнд холбогдох эрүүгийн хоёр хэрэгт Эрүүгийн хуулийн 25.4-1 дэх хэсгийн “Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх”, 25.5-1-ийн “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Тодруулбал, иргэн Б.У, Т.Б, Э.О, Э.Э нар бүлэглэн энэ оны нэгдүгээр сард Цэрдийн галавын үе буюу 66 сая жилийн өмнөх устаж үгүй болсон Тарбозавр (Tarbosaur bataar) нэртэй үлэг гүрвэлийн толгойн ясны хэсгийг худалдахыг завдсан хэрэгт холбогдсон. Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүхээс Б.У, Т.Б, Э.О нарыг гэм буруутайд тооцож, тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 13.6 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан Төрийн санд тушаалгахаар, эд мөрийн баримтаар хураагдсан Тарбозаврын толгойн ясны хэсгийг Соёлын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх иргэн Э.Ц, С.Т, Т.Г нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Э.Ц нь 2023 оны долоодугаар сард археологи, палеонтологийн хайгуул, малтлага хууль бусаар хийсэн, Монголын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн үүсэж байх хүрэл зэвсгийн үе буюу НТӨ-III-I мянганд хамаарах хүрэл хутгыг хайгч багажаар илрүүлэн, улмаар Т.Г, С.Т нартай бүлэглэн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулж, зуучлахаар завдсан гэмт хэрэгт холбогдсон юм. Тэдэнд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхээс Э.Ц, Т.Г, С.Т нарыг гэм буруутайд тооцож, Э.Ц-т хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Т.Г, С.Т нарт хорих ял оноохгүйгээр, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болсон. Эд мөрийн баримтаар хураагдсан хүрэл хутгыг Соёлын яаманд шилжүүлж шийдвэрлэлээ.

Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байгаа бол?

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнтэй хамтран энэ оны зургаадугаар сард “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг “Чингис хаан” музейд зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын газар, нийслэлийн Прокурорын газар, дүүргийн Прокурорын газрын прокурорууд болон Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, дээрх музей, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцож соёлын өвийн эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд гардаг хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн. Мөн энэ үеэр соёлын өвийн эд зүйлсийг бүртгэлжүүлэх, улсын өмч болгоход анхаарах асуудлаар санал солилцсон. Хэлэлцүүлгийн үр дүнд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах, эд зүйлийн үнэлгээ гаргах журмыг боловсруулах талаар Соёлын яаманд санал хүргүүлж, тус яамнаас 2024 оны гуравдугаар улиралд соёлын өвийн эсрэг гэмт хэргийн талаарх нэгдсэн чуулган зохион байгуулахаар болоод байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран цаашид соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. 

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2024.07.05 №130 (7945)