“СОДНОМБАЛЖИРЫН БҮДРАГЧАА-90 ЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

A- A A+
“СОДНОМБАЛЖИРЫН БҮДРАГЧАА-90 ЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

С.Бүдрагчаа агсны 90 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд /2024.03.05/ Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат оролцож, “Монгол Улсын прокурорын байгууллагын хөгжилд БНМАУ-ын прокурор Содномбалжирын Бүдрагчаагийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

БНМАУ-ын прокурор, төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх,  хошууч генерал Содномбалжирын Бүдрагчаа нь 1954-1956 онд Завхан аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, 1958-1961 онд Улсын прокурорын туслах прокурор, 1965-1968 онд Улаанбаатар хотын прокурор , 1968-1969, 1979-1982 онд Улсын прокурорын нэгдүгээр орлогч, 1982-1988 онд БНМАУ-ын прокуророор томилогдон ажиллаж байв.

Тэрбээр прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хяналтын ажлын арга барил, чанар, үр нөлөөг сайжруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах хандлагыг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсний зэрэгцээ хүний нөөцийг чадавхжуулах, ялангуяа прокуроруудыг гадаад улсад мэргэжил дээшлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1988 оны 11 дүгээр зарлигаар “Прокурорын хүндэт ажилтан” тэмдгийн загвар, тодорхойлолтыг батлуулах ажлыг зохион байгуулж, прокурорын байгууллагын дээд шагналыг бий болгосон түүхтэй.

Тус эрдэм шинжилгээний хуралд мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Нямдорж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Боловсон хүчний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Доржготов, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш-Ёндон, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, дэслэгч генерал Ц.Тогоо нар оролцож, хүндэт зочид, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлсэн байна.