11 ДҮГЭЭР САРД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

A- A A+
11 ДҮГЭЭР САРД  ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

Онцлох үйл явдал- 11 сар

1.    ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД АЖИГЛАГЧААР ОРОЛЦЛОО

Тус уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид ажиглагчаар оролцож мөн үеэр БНХАУ-н Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Ин Ёнтой уулзалт хийлээ. Уулзалтаар нүүрс тээвэрлэлт, экспорттой холбоотой хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авахаар тус улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцсон байна.

2.    “ХУУРТАХГҮЙ БОЛ АЛДАХГҮЙ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хууртахгүй бол АЛДАХГҮЙ” аяныг зохион байгуулж эхэллээ. Нэг сарын хугацаанд үргэлжлэх тус аяны хүрээнд иргэд, олон нийтэд уг гэмт хэргээс өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, залилагч ямар аргаар иргэдийг хууран мэхэлж хохироодог талаар сэрэмжлүүлэг мэдээллүүдийг хүргэж байгаа юм. Яг одоо таны таньдаг, миний мэддэг хүн залилагч этгээдийн зальжин санаанд хууртаж хохирогч болж байхыг үгүйсгэхгүй. Иймд Та ч гэсэн аянд нэгдэж, дэргэдэх нэгнээ эрсдэлээс хамгаалаарай.

3.    ОЮУНЫ ӨМЧИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН УЛС ОРНУУДЫН ТУРШЛАГЫГ СУДАЛЛАА

Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотноо болсон Оюуны өмчийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний /IPCEN/ долоодугаар хуралд Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцлоо. Хурлаар цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй оюуны өмчийн эсрэг гэмт хэргийн шинэ төрлийн талаар онцлон хэлэлцсэн байна.

4.    АНУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат АНУ-ын Хууль зүйн яамны гадаад дахь Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын алба (OPDAT)-ны Ази, Номхон далайн бүсийн захирал Е-Тин Ву тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд авлига, албан тушаалын болон зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэргүүдтэй тэмцэх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах асуудлаар ярилцлаа.

5.    ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газраас “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж,  дээрх гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхэд татварын байгууллагаас үзүүлэх дэмжлэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар ярилцаж, хамтран ажиллахаар болсон байна.