ШВЕЙЦАРЬ, КАНАД БОЛОН МАКАОГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

A- A A+
ШВЕЙЦАРЬ, КАНАД БОЛОН МАКАОГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Прокурорын Холбооны 28 дугаар чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Швейцарын Холбооны Улсын ерөнхий прокурор Стефан Блаттлертай уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын прокурорын байгууллага хоорондын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, үндэстэн дамнасан, ялангуяа авлига албан тушаал болон мөнгө угаах зэрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, хөрөнгө буцаах чиглэлээр харилцан туршлага солилцох, прокурорыг мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр санал солилцсон байна.

Швейцарын холбооны улсын ерөнхий прокурорын зүгээс Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөллийг энэ оны 11 дүгээр сард тус улсад хүлээн авч, дээрх асуудлаар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дээрх чуулга уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид Канад Улсын ерөнхий прокурорын орлогч, хатагтай Кэтлин Руссель, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн ерөнхий прокурор Ип Сон Санг тэргүүтэй төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар хууль бус криптовалютын наймаа, авлига албан тушаал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр прокурорын байгууллага хооронд туршлага солилцох, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх чиглэлээр прокурорыг чадавхижуулах сургалт зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцсон байна.