ТАВДУГААР САРД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛЖ ӨНГӨРСӨН ОНЦЛОХ 5 ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

A- A A+
ТАВДУГААР  САРД  ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД БОЛЖ ӨНГӨРСӨН ОНЦЛОХ 5 ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА

1.ПРОКУРОРУУД БНХАУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

Монгол Улсын ерөнхий прокурорын газар болон БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Хэнань аж үйлдвэрийн их сургуульд зохион байгуулагдсан сургалт, семинарт  Улс, аймаг, Нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 20 прокурор оролцлоо.

Сургалтын үйл ажиллагаа БНХАУ-ын Хэнань мужийн Жөнжөү, Дэнфэн, Шаньси мужийн Шиань хотуудад боллоо.  БНХАУ-ын шүүх, прокурор, хянан шалгах газрын тогтолцоо, Хянан шалгах тухай хуулийн зохицуулах зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа болон Хятад улсыг ядуурлаас ангижруулах талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг тус улсын хууль, эрх зүйн зохицуулалтын талаар судалж, туршлага солилцжээ.

2. “МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ: ОНОЛ ПРАКТИКИЙН АСУУДАЛ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРЛЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн Монголын Хуульчдын холбоотой хамтран “Мөнгө угаах гэмт хэрэг: онол, практикийн асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголт, чиг хандлагыг оюутан сурагчдад хүргэх болон  эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхлыг нь дэмжих, илтгэх ур чадвар, арга барилыг төлөвшүүлэх, холбогдох байгууллагуудад санал, санаачилгыг нь уламжлах зорилготой тус уралдаанд их дээд сургуулийн оюутан, сурагчдаас нийт 47 илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд 10 илтгэл шалгарч, хэлэлцүүлсэн юм.

Энэхүү эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон байна.

3. НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОХИРОГЧИЙН СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Дорноговь аймгийн прокурорын газраас Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэн буй  гэмт хэргийн улмаас бага насны болон насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг, сэтгэл санааны хохирлын нөхөн төлөгдсөн байдлыг 2022 болон 2023 оны эхний 5 сарын байдлаар судалж, холбогдох арга хэмжээг авчээ.

Тус аймгийн прокурорын газар аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн сэтгэл зүйч нараар “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хор уршиг, сэтгэл заслын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдийг хамруулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь цаашид сэтгэл санааны хохирол, хор уршгийг тогтоох эхлэлийг тавьсан байна.

4. “ШИЙТГЭЛ БОЛ ШИЙДЭЛ БИШ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Чингэлтэй дүүргийн прокурорын газар тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Шийтгэл бол шийдэл биш” аян зохион байгуулжээ.

Аяны хүрээнд  Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, "Сэтгэлийн оньс" академитай хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, “Эцэг, эхийн зөвлөл”-ийн дарга нарт насанд хүрээгүй хүүхэд холбогдсон болон хохирсон хэргийн талаар танилцуулсан байна.

5. ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэн Дотоод хэргийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээ 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр боллоо.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг судлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, сургалт явуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, ном, гарын авлага гаргах зэргээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.