“ДИЖИТАЛ НОТЛОХ БАРИМТ БОЛОН ЗЭРЛЭГ АН АМЬТДЫГ ХУДАЛДААЛАХ, МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АНУ-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ДИЖИТАЛ НОТЛОХ БАРИМТ БОЛОН ЗЭРЛЭГ АН АМЬТДЫГ ХУДАЛДААЛАХ, МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АНУ-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын ерөнхий прокурорын газар болон АНУ-ын Хууль зүйн яамны Прокурорын хөгжил, туслалцаа, сургалтын газрын хамтын ажиллагааны хүрээнд “Дижитал нотлох баримт болон Зэрлэг ан амьтдыг худалдаалах, Мөнгө угаах гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг АНУ-ын Хууль зүйн яамны Зэрлэг ан, амьтдыг худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан зөвлөх, Азийн бүсийн суурин төлөөлөгч, хатагтай Силвиа Шведер, Зүүн Өмнөд Ази дахь цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хакерын гэмт хэрэг ба оюуны өмч хариуцсан зөвлөх прокурор, ноён Скотт Брадфорд, Дижитал мөрдөн шалгах ажиллагааны шинжээч, хатагтай Макензи Машке, АНУ-ын дүүргийн шүүгч, хатагтай Памела Чен, Хонгконгийн Их Сургуулийн профессор, хатагтай Аманда Витфорт нар удирдан явуулж, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын албан хаагч нарт тодорхой сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Тодруулбал, “Дижитал нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, хураан авах, шинжлэн судлах”, “Мобайл хэрэгслийн шүүх шинжилгээ”, “Дижитал нотлох баримт ба түүнийг шүүхэд танилцуулах үйл ажиллагаа”, “Криптовалют”, “Мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэх талаар шүүхээс анхаарах асуудал”, “Зэрлэг ан амьтдын эсрэг гэмт хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь”, “Мөнгийг мөшгөх талаарх ажиллагаа” зэрэг өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чухал сэдвүүдээр онолын хичээл зааж, гадаад улсын туршлагын талаар мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.

Түүнчлэн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын шүүх, прокурорын байгууллагын төлөөллүүд АНУ-ын дээрх нэр бүхий албаны хүмүүстэй уулзалт хийж, “Ял наймаалцах ажиллагаан дахь шүүхийн оролцоо”, “Дижитал нотлох баримтыг шүүхийн шатанд үнэлэх асуудал”-аар хоёр улсын хууль эрх зүйн орчин, ялгаатай зохицуулалтын талаар хэлэлцэж, санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ боллоо.