Д.ГАЛБАДРАХ: 167 ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРЭГТ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ, 20 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРЭГ НЭЭСЭН

A- A A+
Д.ГАЛБАДРАХ: 167 ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРЭГТ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖ, 20 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРЭГ НЭЭСЭН

Увс аймгийн прокурорын газраас 2022 онд  хяналт тавьсан гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлт, явц байдлын талаар тус аймгийн Ерөнхий прокурор Д.Галбадрахтай ярилцлаа.

-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хэчнээн хэргийг шалган шүүхэд шилжүүлээд байгаа вэ?

Увс аймгийн прокурорын газраас 2022 онд  мөрдөн шалгах байгууллагуудаас хүлээн авч шалгасан 879 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан, үүнээс Цагдаагийн байгууллага 846 буюу 96.2 хувийг, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 31 буюу 3.5 хувийг, ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2 буюу  0.2 хувийг шалгасан.

Хүлээн авч шалгасан гомдол, мэдээллийг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 91 буюу 11.5 хувиар өссөн.  

Хэрэг бүртгэлтийн  403  хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 18 буюу 4.6 хувиар,  мөрдөн байцаалтын 256 хэрэгт  хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 40  буюу 18.5 хувиар  тус тус  өссөн, хэрэг бүртгэлтийн хэргийн  55.6 хувийг эцэслэн шийдвэрлэсэн.

 Хэрэг бүртгэлтийн хэргүүдээс  Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 249 буюу 61.7 хувийг, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 67 буюу 16.6 хувийг,  Хүний амьд явах эрхийн  эсрэг гэмт хэрэг 17 буюу 4.2 хувийг  тус тус зонхилон эзэлж байна. 

Мөрдөн байцаалтын 256 хэргийн  230 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  48 хэргээр буюу 26.3 хувиар өссөн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн эцэслэн шийдвэрлэлт 97.2 хувьтай гарсан.

- Бүртгэгдсэн нийт хэргийн зонхилох хувийг ямар төрлийн гэмт хэргүүд эзэлж байна вэ?

Мөрдөн байцаалтын хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 2, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг  111, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг  88,  үндэсний аюлугүй байдлын эссрэг гэмт хэрэг 1, авлигын гэмт хэрэг 4, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 12, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 6, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн  ашиглалтын журмын эсрэг  гэмт хэрэг 21 бүртгэгдсэн. 

Үүнээс үзэхэд  тус аймагт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн  ашиглалтын журмын эсрэг  гэмт хэрэг гарсан нийт хэргийн зонхилох хувийг эзэлж байна. 

- Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт ямар түвшинд явж байна вэ? 

Зөрчлийн талаарх 4128 гомдол, мэдээллийг бүртгэлд хүлээн авснаас өнгөрсөн онтой харьцуулахад 87 буюу 2%-иар буурсан. 

Зөрчлийн гомдлыг шийдвэрлэлтээр нь авч үзвэл, Эрх бүхий албан тушаалтан 2967 гомдлыг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн, 469 гомдлыг хүлээн авахаас татгалзсан, 634 зөрчлийн хэрэг нээсэн, 34 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, үлдэгдэл гомдол мэдээлэл 24 байна. 

Эрх бүхий албан тушаалтан 167 хэрэгт шийтгэл оногдуулж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгож, 20 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 460 хэрэгт шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, 3 хэргийг нэгтгэж, тайлангийн үлдэгдэл 8 хэрэгтэй байна.

Түүнчлэн прокурор хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан 11 шалгалт, төлөвлөгөөт бус 3 шалгалт хийж, 58 дүгнэлт бичсэнээс 54 дүгнэлт биелэж биелэлт 93.1 хувьтай байна.

-Ямар төрлийн зөрчил зонхилон үйлдэгдэж байгаа талаар мэдээлэл өгвөл?

Зөрчлийн 675 хэргээс 369 буюу 54.6%-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих”, 132 буюу 24%-ийг  Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил”, 39 буюу 5.7 хувийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан хүний биед халдах зөрчил эзэлж байгаа нь хамгийн их байна.

Зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор зөрчлийн нөхцөл байдлын судалгааг хийж аймгийн гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон аймгийн удирдлагуудад танилцуулга хүргүүлэх, түүнчлэн гаралт, шийдвэрлэлт, урьдчилан сэргийлэх, шүүхээр шийдвэрлэж буй байдлын талаар улирал тутам Увсын өнгө сонинд нийтлүүлж, мэдээ мэдээлэл өгч ажиллаж байна.

Мөн аймгийн хэмжээнд зөрчлийн гаралт шийдвэрлэлтийн байдлыг судалсан судалгааны  дүнгийн талаар, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, танхайрах зөрчлийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус аймгийн прокурорын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээий талаар аймгийн телевизэд тухай бүр мэдээ, мэдээлэл өгч байгаа.

- Хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах чиглэлээр бусад харьяа төрийн байгуулагуудтай хэрхэн уялдаатай хамтран ажиллаж байгаа вэ?

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр аймгийн прокурорын газраас Цагдаагийн газартай өргөтгөсөн байдлаар хамтарсан зөвлөгөөнийг улирал бүр хийж мөрдөн шалгах ажиллагаанд үүсч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг аймгийн Ерөнхий прокуророос газар дээр нь шийдвэрлэж, хяналтын харьяа байгууллагын удирдлагад үүрэг, чиглэл өгөн биелэлтийг тооцон ажиллаж байна.

Мөн  хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор  прокурор, мөрдөгч нарын хамтарсан зөвлөгөөнийг сар бүр  зохион байгуулан ажилласан. 

Дээд шатны прокуророос хяналтын харьяа байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн удааширсан  хэрэг нэг бүртэй танилцаж, мөрдөн шалгах байгууллагын удирдах албан тушаалтан, мөрдөгч, прокурор нарт хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх хугацаатай үүрэг, чиглэлийг өгч  биелэлтийг тооцож ажилласан. 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн газрын эрүүгийн болон мөрдөн байцаах тасаг, хэсгүүдийн хэмжээнд “Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг энэ оны II, IV дүгээр улирлын байдлаар  зохион байгуулсан. 

Түүнчлэн хил дамнан үйлдэгддэг мал хулгайлах гэмт хэргийн газарт үзлэг хийх практик сургалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор мөрдөгч, прокуроруудад “Сэжигтнийг баривчлах ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахь хүний эрх”, шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч нарын дунд “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, хэрэгжилт” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж  эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэн ажилалаа. 

Цахим сүлжээ, хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэг өссөнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд прокуроруудын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуультай хамтран “Цахим мэдээллийн аюулгүй байдлыг эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Фэйсбүүк ашиглан үйлдсэн гэмт хэрэгт IP хаяг илрүүлэх арга”  сургалтыг зохион байгуулсан.

Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрхэлэхд мөрдөгч, прокуроруудын ур чадвар дээшилсэн. 

- Хяналтын ажлын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагааны хууль зүйн үндэслэл, Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хугацаа сунгасан байдал, зөрчлийн хэрэг, гомдол, мэдээллээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдлыг шалгаж гарсан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авсан.  

Хяналтын ажлын чиглэлээр авч хэрэгжүүлсэн удирдлага, зохион байгуулалтын үр дүнд хүлээн авч шалгасан нийт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн шийдвэрлэлт  өмнөх оноос  106 буюу 14.2 хувиар,  хэрэг бүртгэлтийн хэргийн шийдвэрлэлт  33  буюу 16.9  хувиар,  мөрдөн байцаалт явуулсан хэргийн шийдвэрлэлт 34 буюу 15.8 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэргээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэрэг 15.3 хувиар  тус тус өссөн, хугацаа сунгасан хэрэг бүртгэлтийн хэрэг 2.4 хувиар буурсан, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэрэг гараагүй, хэрэг бүртгэлт явуулсан хэргийн 55.6 хувийг, мөрдөн байцаалт явуулсан хэргийн 97.2 хувийг эцэслэн шийдвэрлэсэн зэрэг ажлын эерэг үзүүлэлт гарсан. 

Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах талаар санаачлагатай ажиллаж төрийн байгууллагын 68 хүсэлтийг хүлээн авч,  үүнээс прокурор өөрийн санаачилгаар 986 362 000 төгрөгийн үнийн дүнтэй   65 нэхэмжлэл бичиж төрд учирсан хохирлыг төлүүлсэн. 

- Тэгвэл гэмт хэрэг, зөрчлийн хэргийг бууруулахад цагдаа, прокурорын байгууллагагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Прокурорын газраас сумдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хийсэн ажил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төсвийг зөв зохистой зарцуулан, хуулийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа эсэхийг шалгаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гүйцэтгэлийн төлөвлөгөөг зөв оновчтой төлөвлөн, иргэд аж ахуйн нэгж руу чиглэсэн гэмт халдлагаас хамгаалах нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэх талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүдийг авсан.

Тухайлбал, аймгийн хэмжээнд үйлдэгдсэн эрүүгийн болон зөрчлийн нөхцөл байдлыг хагас, бүтэн жилээр судлан, дүн шинжилгээ хийж, судалгааны дүнг үндэслэн гэмт хэргийн гаралт ихээр үйлдэгдсэн  сумуудад зөрчлийн болон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлж, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, Засаг дарга нарт танилцуулгаар санал хүргүүлж ажилласан.

Мөн иргэд, албан байгууллагуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, мэдээ, мэдээллээр хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа.

Эх сурвалж: Arslan.mn