“ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

A- A A+
“ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Өнөөдөр /2022.07.07/ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Прокурорын байгууллагын мэдээлэл лавлагааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Энэхүү төвийг прокурорын байгууллагын чиг үүргийн хүрээнд хамаарах мэдээлэл, лавлагааг нэг дор төвлөрүүлж, үйлчилгээг хялбар, түргэн шуурхай хүргэх, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах, үйлчилгээ авах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нээж байгаа юм.

Иргэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид “Прокурорын байгууллагын мэдээлэл лавлагааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-өөр дамжуулан өргөдөл, гомдол, санал хүсэлт гаргах, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээлэл, прокурортой биечлэн уулзах уулзалтын цаг авах, Эрүүгийн хэргийн төв архив болон түүний салбар архивт хадгалагдаж байгаа шүүх, прокурорын шийдвэрийн хуулбар, лавлагааг гаргуулах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

“Прокурорын байгууллагын мэдээлэл лавлагааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв” нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын 72, Мишээл салбарын 24 дүгээр цонхонд тус тус байрлан, ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд ажиллана.