Н.ЭРДЭМБИЛЭГ: ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБООТОЙГООР ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН

A- A A+
Н.ЭРДЭМБИЛЭГ: ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБООТОЙГООР ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хууль батлагдсантай холбоотойгоор ямар төрлийн үйлдлийг гэмт хэрэг, зөрчилд тооцохоор болсон талаар УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Эрдэмбилэгтэй ярилцлаа.

Монгол Улсын Их хурлаас “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг баталсан. Энэ хуулийн үндсэн зорилт, агуулга нь юу байна вэ?

Техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшилттэй зэрэгцэн виртуал хөрөнгийн салбарын зах зээл Монгол Улсад эрчимтэй тэлж байна. Үүнтэй  холбогдуулан виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчныг бий болгох, олон нийтийн дунд үүсээд байгаа тодорхойгүй байдлыг арилгах, санхүүгийн залилангийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг баталсан.

“Виртуал хөрөнгө” гэж юуг хэлж байгаа вэ? Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн эрх, үүрэг нь ямар байх талаар хуульд хэрхэн тусгасан бэ?

Энэ  хуулиар “Виртуал хөрөнгө” гэж чухам юуг ойлгох талаар тодорхой хуульчилж өгсөн.  Тодруулбал, “аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг Виртуал хөрөнгө” гэж томьёолж хуульчилсан байна.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэдэгт хүн, хуулийн этгээд, гэрээ, хэлцэлд оролцогчийн нэрийн өмнөөс, тэдгээрийн захиалгаар, эсхүл тэдгээрт зориулсан хуульд заасан үйлчилгээг үзүүлэх компанийг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих, нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд арилжих, виртуал хөрөнгийг шилжүүлэх, виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах, нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх компанийг тооцно.

Харин виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авч байгаа этгээдийг “харилцагч” гэх бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эцсийн өмчлөгч, хуулийн этгээдийн хувьцааны 5, түүнээс дээш хувийг эзэмшдэг хувь хүн, хуулийн этгээдийн нэгдлийг ойлгохоор хуульчилсан.

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” батлагдснаар бусад хууль, тогтоомжид өөрчлөлт орсон уу?

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Тухайлбал, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Татварын ерөнхий, Төрийн албаны тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулиуд, мөн Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон байна.

Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжид өөрчлөлт орсон байна. Виртуал хөрөнгөтэй холбоотой ямар үйлдлийг гэмт хэрэг, зөрчилд тооцохоор хуульчилсан бэ, хэрхэн ялгах вэ?

Зөрчлийн тухай хуульд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль зөрчих” зөрчлийг шинээр нэмж хуульчилсан.

Үүнд: 1-рт Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлтгүй эрхэлсэн бол; 2-рт Виртуал хөрөнгийн үйлчилгээ  үзүүлэгч өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгийн үйлчилгээ хийх, шилжүүлэх, арилжах, хадгалах, удирдах нөхцөл, боломжийг тасралтгүй хангаж ажиллаагүй бол; 3-рт Виртуал    хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хуульд заасан мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо, тэдгээрийн хянан шалгагчид саадгүй, бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөөгүй бол; 4-рт Виртуал    хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, түүний удирдлага, холбогдох этгээд болон эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаагүй бол; 5-рт Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь хуульд заасан шаардлага, эрх, үүргээ хангаж ажиллаагүй бол; 6-рт Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь бүртгэлээс хасагдсан тохиолдолд харилцагчид нэн даруй мэдэгдээгүй бол зөрчилд тооцохоор болсон.

Эдгээр зөрчлийг үйлдсэн тохиолдолд зөрчилд холбогдох хөрөнгө, орлогыг хураан, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг мянгаас гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг арван мянгаас хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, албадлагын арга хэмжээ авахаар хуульчилсан.

Эрүүгийн хуульд Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашигласан” үйдлийг шинээр гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Тухайлбал: Виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан бол гэмт хэрэгт тооцох болсон бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж; албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хүндрүүлэн ял шийтгэхээр заасан байна.

Мөн энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Иймд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг, харилцдаг хүмүүс “Виртуал хөрөнгийн үйчилгээ үзүүлэгчийн тухай” хууль болон бусад хууль, тогтоомжийг сайтар судалж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Өглөөний сонин Баасан гараг 041 /3596/