“ПРОКУРОР-2021”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2021” МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ПРОКУРОР-2021”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2021” МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, хувь хүнийг хөгжүүлэх зорилготой “ПРОКУРОР-2021”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2021” мэргэжлийн тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн тэмцээнд  аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газраас шилэгдсэн 62 прокурор, туслах ажилтан оролцсон бөгөөд прокурорын хяналтын ажлын чиглэлүүдээр ур чадвар сорьсон 8 төрлөөр зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

“Прокурор-2021” тэмцээний тэргүүн байранд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргал, дэд байранд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал, гуравдугаар байранд Тээврийн прокурор газрын хяналтын прокурор А.Ариунаа, шагналт байранд  Дорноговь аймгийн Зам-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Л.Содбаяр, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхам, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяа нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

“Туслах ажилтан-2021” тэмцээний тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Ц.Сэргэлэнбаатар, дэд байранд Сэлэнгэ аймгийн прокурорын газрын туслах ажилтан Г.Манилцэцэг, гуравдугаар байранд Баянгол дүүргийн прокурорын газрын туслах ажилтан З.Хүслэн, шагналт байранд Орхон аймгийн прокурорын газрын туслах ажилтан Э.Гэрэлтуяа, Хөвсгөл аймгийн прокурорын газрын туслах ажилтан Ш.Баттөмөр, Нийслэлийн прокурорын газрын туслах ажилтан Ц.Чингүүн нар шалгарсан юм.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий прокурор болон Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн гишүүд оролцож, тэргүүлсэн прокурор, ажилтнуудад шагнал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас 2019, 2020 онуудад энэхүү мэргэжлийн тэмцээнийг зохион байгуулж чадаагүй. Прокурорын байгууллагын ирээдүй, прокурорын мэдлэг, ур чадвар ямар байгаа нь энэ тэмцээнээс харагддаг. Прокурор, туслах ажилтан 2021 тэмцээнд амжилттай оролцсон та бүхнээр бахархаж байна. Та бүхэн бол прокурорын байгууллагын ирээдүй юм” хэмээн оролцогчдод баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

“Прокурор-2021” тэмцээний тэргүүн байранд шалгарсан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х. Насанжаргал:

Бүх нэгжийн прокурорын газруудаас шалгарсан шилдгүүдтэй гурван өдрийн турш өрсөлдөх үеэр бусдаасаа суралцах, туршлага солилцох зүйл маш их байсан. Би 2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөх жилдээ үйлдвэрлэлийн дадлагаа Сүхбаатар аймгийн прокурорын газарт гурван сарын хугацаанд хийж гүйцэтгэхдээ прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаар мэдэж авахаас гадна прокурор гэж ямар үнэ цэнэтэй мэргэжил болохыг мэдэж авсан. Сургуулиа төгсөөд 2016 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт 5 жил туслах ажилтнаар ажиллаж, 2021 оны 2 дугаар сард Дорнод аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон ажиллаж байна. Өмнө нь туслах ажилтан байхдаа энэхүү тэмцээнд оролцож байсан бол энэ жил прокурор болоод анх удаа оролцож байна. Өмнө нь оролцож байсан туршлага маань энэ удаагийн тэмцээнд амжилт гаргах үндэс суурь болсон байх гэж бодож байна.

Манай Дорнод аймгийн прокурорын газрын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа. Миний хувьд “Прокурор-2021” тэмцээндээ тэргүүн байр эзэлж байгууллага, хамт олондоо 90 жилийн ойн том бэлэг барьж байгаадаа баяртай байна.

“Туслах ажилтан-2021” тэмцээний тэргүүн байранд  шалгарсан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Ц. Сэргэлэнбаатар:

Би прокурорын байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт туслах ажилтнаар ажиллаж байгаад 2020 оны 1 сараас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт туслах ажилтнаар ажиллаж байна.  Нийслэл, орон нутгийн шилдэг туслах ажилтнуудтай хамт өрсөлдөж тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Энэ жил хуульчийн сонгон шалгаруулалтдаа тэнцэж, гэрчилгээгээ авсан. Прокурор хүнийг хуульч биш хүний нүдээр харахад зөвхөн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцдог гэж хардаг. Миний хувьд прокурорын хяналтын ажлын зорилго нь хүний эрхийг хамгаалахад чиглэгддэг талаар илтгэлээ тавьсан. Тэмцээнд оролцох боломжоор хангасан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хамт олондоо талархлаа илэрхийлье.

“Туслах ажилтан-2021” тэмцээний дэд байранд  шалгарсан Сэлэнгэ аймгийн прокурорын газрын туслах ажилтан Г. Манилцэцэг:

Би Сэлэнгэ аймгийн прокурорын газраа төлөөлж “Туслах ажилтан-2021” тэмцээнд оролцож байна. Сэлэнгэ аймгийн прокурорын газрын захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх туслах ажилтнаар томилогдоод нэг жил найман сар болж байна. Сэлэнгэ аймгийн Сайхан болон Мандал сум дахь сум дундын прокурорын газрын нийт 9 туслах ажилтнуудаас шалгараад тэмцээндээ амжилттай оролцож дэд байр эзэлсэндээ маш их баяртай байна. Тэмцээн сэтгэн бодох, илтгэх чадвар, эссе бичлэгийн сорилуудтай байсан. Эссений сэдэв нь “Прокурорын ажил миний нүдээр” нэртэй байсан. Энэ сэдэв надад их хүнд санагдсан. Учир нь прокурорууд маш их ачаалалтай ажилладаг. Ажил, ажил гэж явсаар хайртай гэр бүлдээ цаг зав гаргаж огт чаддаггүй. Прокурорууд ажлын өдөр, амралтын өдөр ялгаагүй өглөөнөөс орой болтол ажиллаж байгаа харагддаг. Прокурорууд ажлын ачаалалтай ажиллаж байгаа нь хүний нөөцийн дутагдал гээд олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа байх. Энэ санаагаа эссендээ тусгаж илтгэл тавьсан. Энэ ташрамд намайг сурч, хөгжих боломжоор хангаж, дэмжиж тусалж байдаг Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хамт олондоо баярласнаа илэрхийлье.