ПРОКУРОР АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 5 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН 5 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 5 дугаар сарын 15-аас 19-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 42603, мөрдөн байцаалтын 3404 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 169, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 9, Авлига, албан тушаалын 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 6, Худал мэдээлэл тараах 3, Хууль сахиулагчийг эсэргүүцэх 2,  Мөрийтэй тоглоом зохион байгуулах, Хүүхдэд садар самуун сурталчлах , Мөнгө угаах, Хил хууль бусаар нэвтрэх, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах тус тус 1, нийт 303 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас иргэн П.Б, Г.Б нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн мөрдөн байцаалт явуулж байсан эрүүгийн хэрэгт нь нөлөөлөх зорилгоор хахууль өгсөн гэх хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 /Хээл хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байсан П.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сумын ерөнхий боловсролын сургуулийн 23.523.113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн байрыг эд хөрөнгө актлах тухай шийдвэр гараагүй байхад  нураалгаж, гарсан модон материалыг бусдад ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байсан З.Б нь Өвөрхангай АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Л-той үгсэн тохиролцож, орон нутгийн өмчийн хөрөнгөөс 1.600.000 төгрөгийг хувьдаа авч, үлдсэн 1.000.000 төгрөгийг Д.Л-д өгч, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, GPS мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Б нь албан тушаалын эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.