ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР 2022 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТООН МЭДЭЭ

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР 2022 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТООН МЭДЭЭ
  • Ял эдлүүлэх ажиллагаанд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 21.480 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж хяналт тавьж ажиллав.

Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 хорих анги, 1 сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, 28 цагдан хорих байр, 27 баривчлах байр, 22 саатуулах байрны үйл ажиллагаа, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьсан байна.

Прокурор хорих ял эдэлж байгаа 6006, цагдан хоригдсон 11.896, Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн 19.189, албадан саатуулагдсан 6541, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 21.480 хүн, хуулийн этгээдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажилласан.

Хорих ял эдэлж байгаа 6006 иргэний 73.7 хувь нь нээлттэй дэглэмд, 24.8 хувь нь хаалттай дэглэмд, 1.5 хувь нь сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаагийн 254 нь эмэгтэй, 30 нь гадаадын иргэн, 82 нь өсвөр насны хүн байна.

  • Ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 2555 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллав.

Прокуророос 2022 онд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын явцад хорих ял, цагдан хорих, саатуулах, баривчлах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа эсэхтэй 6319 удаа танилцаж, 1088 шалгалт, судалгаа хийлээ.

Шалгах, танилцах ажиллагааны явцад ял эдлүүлэх ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн зөрчил 2555-ыг илрүүлж, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар 207 прокурорын шаардлагыг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн. Прокурорын шаардлагын мөрөөр хуульд заасан үүргээ биелүүлж ажиллагаагүй 63 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсон байна.

2022 онд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, ял эдлэхээс зайлсхийсэн иргэний ялыг хорих ялаар солиулсан тохиолдол өмнөх оноос 74.6 хувиар өссөн байна. Тодруулбал, торгох ялаар шийтгүүлсэн 191, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 240, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 461 иргэн ял эдлэхээс зайлхийж, хорих ял эдлэхээр болсон байна.

Түүнчлэн цагдан хорих хугацаа нь хэтэрсэн, албадан саатуулагдсан хоногийг баривчлах шийтгэлд нь оруулан тооцоогүй зэрэг зөрчлийг илрүүлж, эрх нь зөрчигдсөн 109 хоригдол, ялтан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн.

Олон улсын гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Бүгд Найрамдах Казахстан Улсад хорих ял эдэлж байсан Монгол Улсын 4 иргэнийг шилжүүлэн авах, хорих ялыг Монгол Улсын хууль тогтоомжид дүйцүүлэн шийдвэрлүүлэхээр дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.