Г.МИЖИДДОРЖ: БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ 12-20 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ОНООСОН

A- A A+
Г.МИЖИДДОРЖ: БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСТ 12-20 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ОНООСОН

Хан-Уул дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллгаанд хяналт тавих ахлах прокурор Г.Мижиддоржоос тус дүүрэгт “Бага насны хүүхдийг хүчиндэх” гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.

- Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цөөнгүй гарч байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

- Хан-Уул дүүргийн хэмжээнд 2022 оны 9 сарын байдлаар бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг 18 бүртгэгдэж, хуулийн дагуу шалгагдсан байна. Үүнээс 8 хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн.

Шүүхээс дээрх хэргүүдийг хянан хэлэлцээд, гэмт хэрэг үйлдсэн хүмүүст 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Тус дүүрэгт үйлдэгдсэн дээрх төрлийн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулах юм бол 2.5 дахин өссөн байгаа нь нэлээд анхаарал татаж байгаа. Тиймээс дүүргийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргүүдийг нэг бүрчлэн судалсан. Энэ судалгааны дүнг үндэслэн цаашид мөрдөх байгууллагатай хамтран холбогдох урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна.

- Судалгаагаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ, хэдэн насны хүүхдүүд ямар нөхцөл байдлын улмаас энэ төрлийн хэргийн хохирогч болж байна вэ?

- Насны хувьд дийлэнх нь 10-14 насны хүүхдүүд байна. Гэмт хэргийн хохирогч, холбогдогч нарын хоорондын хамаарлыг авч үзвэл ихэнх нь гэр бүлийн буюу төрөл садангийн харилцаа хамааралтай хүмүүс байгаа нь харамсалтай. Мөн цахим сүлжээгээр танилцаж улмаар дээрх гэмт хэргийг үйлдсэн тохиолдол ч бас гарсан.

Нас бие, сэтгэхүйн хувьд хүүхэд маш онцлог гэдгийг хүн бүр мэднэ. Өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, биеэ хамгаалж чадахгүй учраас тэднийг нийгмийн бүх орчинд зайлшгүй халамжилж, хамгаалж байх хэрэгтэй байдаг. Энэ үүргийг бүх эцэг, эх, асран хамгаалагч нар хүлээдэг.

Гэтэл үүргээ биелүүлдэггүй, үр хүүхдээ анхаарч хайхардаггүй, тэдэнтэй ярилцдаггүй, сонсдоггүй хүмүүсийн хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа нь гарсан гэмт хэргүүдийг судлаад үзэхээр харагдаж байна.

Тэгэхээр эцэг, эх асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэх, цахим орчин дахь хэрэглээг нь зохистой байлгах, гэмт хэрэгт өртөхөөс нь урьдчилан сэргийлж энэ талаар ярилцаж, хэлж ойлгуулж байх хэрэгтэй.  

Түүнчлэн нөхөн үржихүй, эрүүл ахуйн соёл, эрх зүйн мэдлэг мэдээлэл олгосон хичээл, сургалтыг хүүхдийн насны онцлогт тохирсон байдлаар сургууль, цэцэрлэгт нь заадаг байх хэрэгтэй байна. Нийгмийн сүлжээн дэх замбараагүй мэдээллээс хүүхдүүд буруу үлгэр дуурайлал авдаг учраас зөв цэгцтэй ойлголт, мэдээллийг багаас нь өгч байх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Нэмж хэлэхэд нийгмийн сүлжээнд гарсан мэдээ, мэдээллээс гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл авч, бусдын хүүхдийг хохироосон тохиолдол бас гарч байсан. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид энэ төрлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхдээ маш болгоомжтой, мэдрэмжтэй хандаж байгаасаа гэж хүсмээр байна.

Эх сурвалж: Arslan.mn