ЭХ ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООТОЙ УЛС ОРНУУДЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧИГ ҮҮРЭГ НЬ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭГ ХАМАРСАН БАЙДАГ

A- A A+
ЭХ ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООТОЙ УЛС ОРНУУДЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧИГ ҮҮРЭГ НЬ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭГ ХАМАРСАН БАЙДАГ

Монгол улсын прокурорын байгууллага болон гадаад улс, орнуудын прокурорын байгууллагын үйл ажиллагааны онцлог, хууль эрх зүйн тогтолцооны талаар УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааы хэлтсийн хяналтын прокурор Г.Гантүвшинтэй ярилцлаа.

Улс орнуудын хууль эрх зүйн тогтолцоо ялгаатай байдаг, тэгвэл прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүрэг, хууль эрх зүйн тогтолцоо нь үүнийг дагаад өөр хоорондоо адилгүй байдаг уу?

Улс орнуудын хууль эрх зүйн тогтолцоо нь тухайн улсын түүхэн уламжлал, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан олон талаар ялгаатай байдаг. XX зуунд эрх зүйн тогтолцоог нийтийн эрх зүйн болон эх газрын эрх зүйн тогтолцоотой гэж ерөнхийд нь ангилдаг байсан бол өнөө үед дээрх хоёр эрх зүйн тогтолцооны хөгжлийн хандлага нь төстэй болж, холимог эрх зүйн тогтолцоотой улс орнууд нэмэгдэж байна. Ихэнх судлаачид прокурорын байгууллагын чиг үүргийн гол ялгааг нийтийн эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хувьд прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн, харин эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хувьд прокурор нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад чиглэсэнд байдаг гэж үздэг.

Эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын прокурорын байгууллагуудын хөгжлийн хандлагыг харахад нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь хэдийнээ үндсэн чиг үүргийн нэг хэсэг нь болсон байна. Үүнээс гадна эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын прокурорын байгууллагуудын “хяналт тавих” чиг үүрэг нь харьцангуй өргөн цар хүрээг хамарсан байдаг бөгөөд нийтийн эрх зүйн тогтолцоотой улс орнуудын прокурорт ийм чиг үүрэг байдаггүй.

Жишээ нь Франц Улсын прокурорын байгууллага нь улсын нийт хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Тухайлбал, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, яллах, хувиараа гомдол гаргасан иргэдийг дэмжих, шүүхийн шийдвэрийг удирдан гүйцэтгүүлэхээс гадна шүүхийн ажилтнуудад хяналт тавих, шүүхийн тусламжийн системийн үйл ажиллагаанд хяналт тавих, хувийн хэвшлийн боловсролын байгууллагад хяналт тавих, улсын сэтгэцийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт тавих, тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний байгууллагыг хянах, мэдээ, сэтгүүлийн нийтлэлийг хянах зэрэг өргөн хүрээний чиг үүрэгтэй байхаар хуульчилсан байдаг. Үүнээс гадна, өмгөөлөгчийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа эсэхэд тодорхой хэмжээнд хяналт тавьдаг онцлогтой.

Португал улсын прокурорын байгууллагын хяналтын чиг үүрэг нь мөн өргөн цар хүрээг хамардаг. Тухайлбал “Португал улсын прокурорын байгууллагын бүтцийн тухай хууль”-д шүүхийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, бүрэн эрхийн хүрээнд шүүхийн хараат бус байдлыг хамгаалах, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих, ингэхдээ Үндсэн хуульд заасны дагуу Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргах, хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих, Португал улсын Ерөнхий прокурор нь Үндсэн хуулийн шүүхэд аливаа Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийн талаар мэдэгдэл гаргуулахаар хүсэлт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Улс орнуудын прокурорын байгууллагын үйл ажиллагаанаас гадна прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалт, прокурорын бүрэн эрх нь мөн өөр хоорондоо адилгүй байдаг.

Прокурорын байгууллагуудын бүтэц зохион байгуулалт нь ямар ялгаатай байдаг вэ? Манай Монгол улсын прокурорын байгууллагатай харьцуулбал?

Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтын хувьд эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнууд нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байхад ач холбогдол өгдөг бол нийтийн эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хувьд тус тусдаа бие даан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.

Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсад прокурорын байгууллага нь тухайн улсын шүүхтэй адил холбооны болон муж улсын буюу харилцан хараат бус, бие даан үйл ажиллагаа явуулдаг прокурорын байгууллагуудаас бүрддэг.

Прокурорын байгууллагын шатлалын хувьд тус улс нь холбооны, муж улсын болон хотын гэсэн гурван шатлалтай боловч тус тусдаа хараат бусаар бие даан үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын прокурорын байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай тогтолцооноос ялгаатай юм.

Англи улсад 1985 онд “Гэмт хэргийг яллах тухай хууль” батлагдахаас өмнө прокурорын байгууллага нь нийтийн эрх зүйн тогтолцоотой бусад орнуудын адилаар тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг тогтолцоотой байсан. Үүнээс өмнө англид прокурорын төв байгууллага болон орон нутгийн прокурорын байгууллагын нэгдсэн тогтолцоо байгаагүй юм.

Харин эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудад прокурорын байгууллага нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байдаг. Жишээлбэл, Франц улсад прокурорын байгууллага нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим үйлчилдэг бөгөөд дээд шатны прокурорын газраас гаргасан шийдвэрийг доод шатны прокурорын газрууд даган мөрддөг.

Эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудаас Герман улсын прокурорын байгууллагыг холбооны болон мужийн гэж ангилдаг онцлогтой, харилцан хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Харин тус тусдаа нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим хэрэгждэг.

Улс орнууд эрх зүйн тогтолцооноосоо хамаараад прокурорын бүрэн эрх нь харилцан адилгүй байдаг талаар дурдлаа, ямар ялгаатай байдаг юм болоо?

Дээрх хоёр эрх зүйн тогтолцоотой улс орнуудын прокурорын бүрэн эрх нь мөн өөр хоорондоо адилгүй байдаг. Ерөнхийд нь авч үзвэл эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын прокурорын шийдвэр гаргах цар хүрээг хуульд хязгаарлагдмал нарийн зохицуулж өгсөн байдаг бол нийтийн эрх зүйн тогтолцоотой улс орнуудын прокурор нь илүү өргөн хүрээнд шийдвэр гаргах бүрэн эрх эдэлдэг.

Англи улсад, хууль тогтоомжийн дагуу гэмт хэрэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдсон байхад нийтийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, прокурор нь шүүхэд шилжүүлэхээс татгалзаж шийдвэрлэх эрхтэй байдаг. Прокурор харгалзан үзэх нийтийн ашиг сонирхлын талаар 1951 онд Англи, вэйлсийн ерөнхий прокурор тайлбарлахдаа, шүүхээс бага хэмжээний торгох ял оногдуулах магадлалтай, шүүхэд шилжүүлбэл хохирогчийн бие, сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой хохирол учрах боломжтой, гэмт хэргийн талаарх мэдээллийг ил болгох, олон улсын харилцаа болон үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах магадлалтай зэрэг нөхцөл байдлыг дурдсан байдаг.

Америкийн Нэгдсэн Улсын прокурор нь мөн эрүүгийн хэргийн процесст оролцохдоо өргөн цар хүрээнд шийдвэр гаргах эрх эдэлдэг. Ялангуяа, гэмт хэргийн холбогдогч этгээдийг бараг хууль тогтоомжийн хязгаарлалтгүйгээр яллахаас татгалзах шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа тус улсын прокурор нь мөн үндэслэлээ тайлбарлахгүйгээр яллахаас татгалзах эрхтэй байна. Үүнээс гадна Америк улсын прокурор нь хэргийн холбогдогчтой бидний түгээмэл хэлж заншсанаар “ял наймаалцах” тохиролцоо хийж болдог.

Эсрэгээрээ, эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудад прокурор нь илүү хязгаарлагдмал цар хүрээнд шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжоор гэмт хэрэг гэж үзвэл заавал шүүхэд шилжүүлж шийдвэрлэх буюу Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар “шударга ёсны зарчим” хэрэгждэг.

Ярилцлагын эхэнд сүүлийн жилүүдэд улс орнуудын хууль эрх зүйн хөгжлийн чиг хандлага төстэй болж байгаа гэсэн шүү дээ, энэ талаар?

Ихэнх эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хувьд, нийтийн эрх зүйн тогтолцооны үндсэн зарчим болох шүүхэд мэтгэлцэх зарчмыг өөрсдийн хууль тогтоомжид нэвтрүүлж, холимог тогтолцоог хөгжүүлж байна.

Мөн даяаршил, техник технологи, нийгмийн хурдацтай хөгжлийг дагаад гэмт хэрэг үйлдэх арга хэлбэрүүд нь улам нарийсаж, уламжлалт арга барилаар гэмт хэрэгтэй тэмцэхэд буюу тухайн хэргийг мөрдөн шалгаж нотлох баримт цуглуулах, шүүхээс хариуцлага оногдуулахад хүндрэл бэрхшээлүүд ихээхэн тулгарч байна.

Эх газрын эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хүчтэй төлөөлөл болох Герман, Япон зэрэг улсууд тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэхийн тулд сүүлийн жилүүдэд хэлэлцээрийн замаар эрүүгийн хэргийг шийдвэрлэх талаар эрх зүйн зохицуулалтыг дотоодын хууль тогтоомжид нэвтрүүлээд байна.

Улс орнуудын эрх зүйн хөгжлийн хандлагыг дагаж, хэлэлцээрийн замаар хэргийг шийдвэрлэх арга замын нэг болох “ял наймаалцах тогтолцоо”-г хууль тогтоомжид илүү боловсронгуй зохицуулж, хэрэгжүүлэх нь ээдрээ төвөгтэй гэмт хэргүүдийг үр дүнтэйгээр мөрдөн шалгаж, гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах оновчтой шийдэл болохыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байгаа юм.

Түүнчлэн цар тахлын үед эрүүгийн хэрэг дэх олон улсын хамтын ажиллагаа харьцангуй удаашралтай байгаа бөгөөд уламжлалт арга зам буюу эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа хүсэхээс илүүтэйгээр дээрх хэлэлцээрийн замаар хэргийг шийдвэрлэвэл илүү үр дүнтэй байж болох юм.

Монгол Улсын прокурорын байгууллага нь эрүүгийн хэрэгт гадаад улсын эрх бүхий байгууллагуудтай хэрхэн хамтран ажилладаг вэ?

Прокурорын тухай хуульд зааснаар Улсын ерөнхий прокурорын газар нь эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх ажлыг зохион байгуулах төв байгууллага бөгөөд Монгол Улсын хэмжээнд гадаад улсад илгээх болон гадаад улсаас ирүүлсэн эдгээр бүхий л материалуудад Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд нь хяналт тавьж ажилладаг.

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар гадаад улсын холбогдох байгууллагуудаас ирүүлсэн 26 эрх зүйн туслалцааны хүсэлт, гадаад улсын нутаг дэвсгэрт тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар илгээсэн 19 хүсэлтийг хянан шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдэн гадаад улс руу оргон зайлсан Монгол Улсын 2 иргэнийг шилжүүлэн авсан.

Гадаад улсад тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар илгээсэн хүсэлтүүдийн дийлэнх хувийг авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүд эзэлж байна.

Мөн, гадаад улсад хорих ял эдэлж байсан Монгол Улсын 4 иргэнийг шилжүүлэх асуудлыг олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлэж, үүнээс 3 иргэнийг холбогдох байгууллагуудтай хамтран эх оронд нь шилжүүлэн авах ажиллагааг амжилттай зохион байгуулсан.

Үүнээс гадна, прокурорын байгууллага нь холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гадаад улсын ижил төстэй болон олон улсын байгууллагуудтай шууд харилцаж, эрүүгийн хэрэг дэх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэн ажилладаг.