ЦАХИМ ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ШААРДЛАГА

A- A A+
ЦАХИМ ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ  ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ШААРДЛАГА

Дотоод Хэргийн их сургуулиас 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан “Цахим төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн гэмт хэргийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Улсын ерөнхий прокурорын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаагийн хэлэлцүүлж, тэргүүн байр эзэлсэн “ЦАХИМ ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ШААРДЛАГА” сэдэвт илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нэг. Оршил

            21 дүгээр зуунд хүн төрөлхтний хамгийн том дэвшлийн нэг нь цахим хэрэглээ бөгөөд нийгмийн бүхий л харилцаа цахим хэлбэрт шилжиж байгаагийн хэрээр гэмт хэрэг үйлдэгдэх хэлбэр мөн адил цахим хэлбэрт шилжиж байна. Дэлхийн хүн амын 55 хувь буюу 5,2 тэрбум хүн интернет хэрэглэдэг бөгөөд манай орны хувьд интернет хэрэглэгчдийн тоо 2,9 саяд хүрсэн.Монгол Улсын хүн амын бүтэц нь харьцангуй залуу ба цахим орчны хэрэглээгээр Ази тивд өндөртөө ордог, тухайлбал, Монголд фейсбүүк хэрэглэгчдийн тоо 2012 онд 654 мянга байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 2.7 сая болж нэмэгдсэн, хүн амын 80 гаруй хувь интернет ашигладаг ба үүнээс 96 хувь нь фасебүүк ашигладаг гэсэн судалгаа байна.

            2020 оны цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол улс 92 дугаар байранд бичигдсэн бөгөөд Төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээг цахимжуулсныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар мэдээлсэн[1].

             Ирээдүйд цахим хэрэглээ нь хүн төрөлхтний амьдралын хэвшил, харилцааны гол хэрэгсэл болж оршин тогтносоор байх нь гарцаагүй энэ цаг үед технологийн дэвшлийг ашиглан үйлдсэн гэмт хэргийн тоо хурдацтай өсч байна.

            Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалгах, нотлох мөн урьдчилан сэргийлэх нь төр, хүн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, цаашлаад үндэстэн дамнасан олон төрлийн гэмт хэрэг, тэр тусмаа мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй юм.

            Хоёр. Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн ойлголт, төрөл

            Цахим ертөнц гэдэг нь дэлхийн ихэнхи улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба асар их мэдээллийн санг тодорхойлсон нэршил юм. НҮБ-ын шинжээчдийн үзэж байгаагаар кибер гэмт хэрэг гэдэг нь виртуал орон зайд (хүмүүс, баримт, үйл явдлын талаархи мэдээллийг өөр хэлбэрээр агуулсан цахим орчин) явагддаг аливаа хууль бус үйлдэл бөгөөд харилцаа холбооны сүлжээ эсвэл компьютерийн систем, түүнчлэн компьютерийн систем, сүлжээний эсрэг үйлдэгдсэн бүх гэмт хэргийг хэлнэ [2]. Олон улсад кибер гэмт хэрэг гэдэгт кибер халдлага, пишинг, онлайн мөрдлөгө болон залилан, заналхийлэл, скиминг буюу картны гэмт хэрэг, садар самуун дүрс бичлэг тараах болон интернэтэд суурилсан оюуны өмчийн эсрэг гэмт хэргийг багтаадаг бөгөөд дараах 4 төрөлд ангилдаг байна. Үүнд:

            1. Компьютерийн мэдээлэл, сүлжээний бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлын эсрэг гэмт хэрэг

            2. Компьютер ашиглаж үйлдэх гэмт хэрэг

            3. Интернэт дэх зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг

            4. Интернэт дэх оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг[3]

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг эсхүл цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй гэмт хэрэг гэдэг нь цахим орчинд бусдын эд хөрөнгө, нэр хүндэд халдахад чиглэсэн үйлдлээс гадна бусдыг хууль бусаар мөрдөх, мэдээлэлийн аюулгүй байдалд халдах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүний наймаа, хүүхдийг садар самуунд уруу татах, бусдыг далайлган сүрдүүлэх, хар тамхи, мансууруулах төрлийн бодис худалдаалах зэрэг гэмт хэргийг үйлдэхдээ цахим хэрэгсэл ашиглаж байгаа бүхий л үйлдлийг ойлгоно. Монгол улсад цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн төрөл:

            1. Интернет дэх зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг буюу иргэд болон өсвөр насны хүүхдүүдийн фэйсбүүк хаяг руу садар самуун агууламжтай зураг, бичлэг илгээж садар самуунд уруу татах, сурталчлах, биеэ үнэлэхийг зохион байгуулах;

            2. Хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулах буюу галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, согтууруулах ундааны зүйл худалдаалах;

            3. Бусдын нэр төрд халдах, айлган сүрдүүлэх, гүтгэн доромжлох, ялгаварлан гадуурхах;

            4. Онлайн худалдаа гэх нэрээр залилах буюу зээлийн картын залилан, урьдчилгаа төлбөрийн залилан, интернет маркетинг болон жижиглэн худалдааны луйвар. Фэйсбүүк нь өдөр бүр 50 мянга гаруй гүйлгээ хийгддэг цахим худалдааны хамгийн эрэлт ихтэй орон нутгийн платформуудын нэг бөгөөд Монголын нийт фэйсбүүкийн хэрэглэгчдийн 25 хувь нь онлайнаар худалдаа эрхэлдэг гэсэн тооцоо гарчээ. Эдгээр борлуулалтаас олох нийт орлогыг хараахан тооцоолж чадаагүй байгаа боловч тэдний 70 хувь нь онлайн банкны програм ашигладаг бол үлдсэн хэсэг нь дебит, эсвэл зээлийн карт ашигладаг байна/

            5. Мөрийтэй тоглоом, азын сугалаа зохион байгуулах нэрийдлээр ашиг олох, иргэдийг хохироох,

            6. Интернет дэх оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг буюу зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчсөн гэмт хэрэг. Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Берний конвенц, Оюуны өмчийн эрхтэй холбоотой худалдааны асуудлаарх хэлэлцээр (TRIPS), Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Зохиогчийн эрхийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухайн улсын дотоодын хууль тогтоомжоор хамгаалсан зохиогчийн эрхтэй холбоотой эрхийг санаатайгаар, ашиг олох зорилгоор компьютерын сүлжээ ашиглан зөрчсөн үйлдэл[4]

            7. Мөнгө угаах гэмт хэрэг буюу мэдээлэх үүрэг хүлээлгэн тогтоосон босго хэмжээнээс зайлсхийхийн тулд олон гүйлгээг (дансанд мөнгө тушаах, данснаас зарлагадах, шилжүүлгүүд) янз бүрийн хүмүүс их хэмжээний мөнгийг жижиг дүнтэйгээр зарим үед олон тооны дансанд шилжүүлэх арга юм. Электрон шилжүүлэг /Western Union, Cash money г.м/, цахим төлбөр тооцоо /PayPal, Second life Gold г.м/, урьдчилсан төлбөрт болон зээлийн картууд, мобайл болон интернет шилжүүлэгийг ашиглана.

            8. Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Үндэсний дата төв руу 2021 оны сүүлийн зургаан сарын хугацаанд өдөрт дунджаар 66 сая орчим хандалт хийгдэж байгаагаас 14,6 сая орчим нь халдлагын шинжтэй гэж бүртгэгджээ. Манай улсын хувьд 2018 онд НҮБ-н Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас жил бүр судлан гаргадаг Цахим Аюулгүй Байдлын Индексээр 193 орноос 85 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна[5].

Гурав. Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тойм болон шалтгаан, нөхцөл 

            Дэлхийд учруулах заналхийллээр нэгд нь кибер гэмт хэрэг, хоёрт нь терроризм орж байна. Монгол улсад 2016 онд 976, 2018 онд 659, 2021 оны эхний хагаст 776 кибер гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2015 оныхоос даруй 79% -иар өссөн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд  цахим гэмт хэргийн хохирогчид нийтдээ 27.4 тэрбум төгрөгийг  (ойролцоогоор 9.5 сая ам.доллар) гадаад руу шилжүүлж алджээ[6].

            2021 онд Нийслэлийн прокурорын газраас олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр мэдээллэгдсэн 388 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан 377 хэрэгт хяналт тавин ажилласан байна. Нийт хэргийн 98.2 хувь буюу 372 нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэрэг, 1.6 хувь буюу 6 нь 26.2 дугаар зүйлд заасан “Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах” гэмт хэрэг, 1.1 хувь буюу 4 нь 26.3 дугаар зүйлд заасан “Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах” гэмт хэргүүд байна.

            Цахим орчин дох хүүхдийн эрхийн зөрчлийн тухай судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт 1-2 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг ба хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг, 82 хувь нь зүй бус утгатай зурвас и-мэйл, фейсбүүкийн хэрэглэгчдээс авч байсан, эцэг эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг шүүх программ хангамжийг ашиглах чадвар огт байхгүй бол 93 хувь нь хүүхдээ цахим дарамт, дээрэлхэлтэнд өртөж байсан гэж хариулсан байна.[7]

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг нь дараах шалтгаан, нөхцөлтэй байна:

1. Иргэд нийгмийн сүлжээ хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг өөрийн нэр, төрсөн огноо, утасны дугаар гэх зэргийг бусад хүн тааварлаж болохуйц хялбар байдлаар /гар утасны дугаар, төрсөн огноо, автомашины дугаа г.м/ үүсгэдэг;

            2. Өгөөш бүхий мэдээллийг уншихаар сонирхон дарж нэвтрэх нэр, нууц үгээ алддаг, “зээл олгоно”, “илгээмж явуулна” “сугалаанд хожсон”, гэх байдлаар иргэдийг төөрөгдөлд оруулж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, сэдэлийг төрүүлж улмаар уг зүйлсийн татвар хураамж, тээврийн зардалыг шилжүүлнэ үү гэх зэргээр цахим мэдээллийн хэрэгслээр түгээгдэж буй мэдээлэл үнэн зөв эсэх талаар нягтлан судалж үздэггүй;

            3. Цахим орчинд хүүхдэд тавих хараа хяналт сул, хүүхэд бүх төрлийн сөрөг мэдээллийг авах боломж нээлттэй

            4. Цахим мэдээллийн хэрэгслийг зохих түвшинд ашиглах мэдлэг дутмаг, хувь хүний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүйн онцлог, хайхрамжгүй байдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

            Дөрөв. Эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал

            Кибер гэмт хэргийн гаралт ийнхүү нэмэгдэж байгаа нь Монгол Улсад кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйтэй холбоотой юм. Гэмт хэрэг үйлдэж буй хүмүүс ихэвчлэн гадаад сервертэй вэб сайтуудыг хэрэглээндээ ашигладаг ба тухайлвал Фэйсбүүк, твиттер нь АНУ-д бүртгэлтэй компани бөгөөд эдгээрт бүртгүүлсэн хэрэглэгчийн мэдээлэл Америкийн хуулиар хамгаалагддаг, манай улсын хуулиар зохицуулагдах боломжгүй тул иргэн гомдол гаргасан тохиолдолд тэр улсаас нь тухайн сайтыг шалгаж өгөх, мэдээлэл авах хүсэлтийг явуулдаг, цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн мэдээллийг автоматаар олж авах технологийн боломж дэлхийн аль ч улсад хязгаарлагдмал байдаг тухай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.             Мөн Фэйсбүүк /Facebook/ компани нь терроризм, хүний амь нас хохирох нөхцөл байдал бий болсон, хүүхдийн садар самуун, секс сүрдүүлэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг /хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах/ зэрэг тодорхой төрлийн цөөн хэргээс бусад хэрэгт мэдээлэл гарган өгдөггүй нь олон төрлийн гэмт хэргийг таслан зогсооход хүндрэл учирч байна.

            Цар тахлын нөхцөл байдал болон хэрэглэгчийн эрэлт, цаг хугацаа хэмнэлт гээд олон хүчин зүйлсээс шалтгаалж цахим худалдааны олон төрөл бий болсон бөгөөд цахим худалдааны эрх зүйн орчин хангалтгүй байгаа тул цахим хуурамч худалдааны хохирогч болсон иргэн өнөөдөр хохирлоо барагдуулж чадахгүй байна.   

            Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт зөвхөн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн зохицуулалт байгаа бөгөөд тус хуульд заасан зарим төрлийн гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн нь хүндрүүлэх шинжид хамаарахгүй байгаа нь анхаарал татаж байна.

            Тав. Санал

            Цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, иргэдийг халдлагаас хамгаалахын тулд эрх зүйн орчинг бүрдүүлэх нь нэн түрүүний асуудал болж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд

            1. Эрх зүйн орчинг бүрдүүлэх гол нөхцөл нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтад дүн шинжилгээ хийх, сүүлийн 3 жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүн, халдлагад өртсөн хохирогчийн нийгэм хүн ам зүйн шинж, гэмт хэрэг үйлдсэн орчин нөхцөл зэргийг бүрэн хамруулсан суурь судалгааг мэргэжлийн байгууллагууд хамтран хийх

            2. Цахим хэрэгсэл ашиглан гэмт хэрэг / бусдыг заналхийлэх, цахим орчинд бусдыг доромжлох, цахим хэрэгсэл ашиглан хүүхдийн эсрэг хууль бус үйлдэл хийх, эрсдэлт нөхцөлд оруулах зэрэг/ үйлдэж байгааг Эрүүгийн хуульдд заасан үндсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон тусгах

            3. Цахим худалдааны эрх зүйн орчинг бүрдүүлэх

            4. Энэ төрлийн хэргийг мөрдөн шалгах мөрдөгч, прокурор, шүүгчийг чадавхижуулах

            5. Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Интернетийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх /Эдгээр байгууллагын 84 гаруй хувь нь хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа насанд хүрсэн хүн мөн эсэхийг асуудаггүй бөгөөд бага насны хүүхэдтэй айлд сөрөг мэдээллийг шүүгч программыг заавал суулгуулах шаардлагатайг мэдээлэх үүргээ биелүүлээгүй талаар “Өсвөр үеийнхний цахим хэрэглээний өнөөгийн байдал” судалгааны тайлан”-д дурьдсан байна./

            6. Цахим орчинд хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийг зориуд түгээсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож хуульчлах шаардлагатай байна.


[1] https://www.isd.gov.mn/?id=241 Мэдээллийн аюулгүй байдлын газар. https://www.statista.com/

[2] https://gia.gov.mn/49/item/643. Тагнуулын Ерөнхий газар

[3] https://schollufsin.ru/mn/razvod/kiberprestupleniya-v-rf-chto-takoe-kiberprestupnost-pod-odin/

[4] Eвропын олон улсын гэрээний цуврал- Дугаар 185. Цахим гэмт хэргийн тухай конвенци

[5] https://vip76.mn/content/77439

[6] ЦЕГ-ын мэдээлэл 2021

[7] “ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН, 2018 он