Прокурорын байгууллагын хуулийн шинэчилсэн найруулга

1 612 2016/04/22

 
Прокурорын байгууллагын тухай хууль /төсөл /
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх хэмжээ, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйл.  Прокурорын байгууллагын тухай хууль тогтоомж
2.1.Прокурорын байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ. 
3 дугаар зүйл. Прокурорын байгууллага 
3.1.Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцохдоо хуулийг дээдлэж, хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах эрхэм зорилго бүхий, хараат бус, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн.
4 дүгээр зүйл.Прокурор, прокурорын байгууллагын үйл ажиллагааны зарчим
4.1.Прокурор, прокурорын байгууллага үйл ажиллагаандаа дараахь зарчмыг удирдлага болгоно:
4.1.1.хууль дээдлэх, мэргэжлийн хэм хэмжээг сахих;
4.1.2.хуулийг нэг мөр хэрэглэх;
4.1.3.хүний эрх, эрх чөлөөг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах;
4.1.4.төвлөрсөн удирдлагатай байх;
4.1.5.хараат бус, бие даасан байх;
4.1.6.ил тод, нээлттэй байх.
5 дугаар зүйл. Хууль дээдлэх, мэргэжлийн хэм хэмжээг сахих
5.1.Прокурор нь хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч яллахгүй байх, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна.
5.2.Прокурорын үйл ажиллагааг хууль, түүнд нийцүүлэн гаргасан мэргэжлийн дүрэм, журмаар нарийвчлан зохицуулна.
6 дугаар зүйл. Хуулийг нэг мөр хэрэглэх
6.1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзан хуулийг нэг мөр хэрэглэх явдлыг өөрийн чиг үүргийн хүрээнд хангана.
7 дугаар зүйл. Хүний эрх, эрх чөлөөг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалах
7.1.Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах, 
8 дугаар зүйл. Төвлөрсөн удирдлагатай байх
8.1.Прокурорын байгууллагын бодлого, үйл ажиллагааг хуульд нийцсэн дүрэм, журмаар тодорхойлж, төвлөрсөн удирдлагаар хангана. 
8.2.Прокурор дээд шатны прокурорын өмнө ажлаа хариуцна. Дээд шатны прокурорын өгсөн  хууль ёсны үүрэг даалгавар, шийдвэрийг заавал биелүүлнэ.
8.3.Дээд шатны прокурор нь прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх, хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй.
8.4.Хуульд өөрөөр заагаагүй бол дээд шатны прокурорын тодорхой бүрэн эрхийг Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр бусад прокурорт шилжүүлж болно.
8.5.Дээд шатны прокурор гэдэгт Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслах, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын Ерөнхий прокурорыг ойлгоно.
9 дүгээр зүйл. Хараат бус, бие даасан байх 
9.1.Прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар бие дааж гаргана. 
9.2.Прокурорыг шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг  хориглоно. 
9.3.Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, төсөв, санхүү нь хараат бусаар үйл ажиллагаа явуулах бололцоогоор хангагдсан байна.  
9.4.Прокурорын байгууллагын аливаа үйл ажиллагаанд байгууллага, албан тушаалтан, хувь хүн хууль бусаар нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно. 
10 дугаар зүйл.Ил тод, нээлттэй байх
10.1.Хуулиар нууцлахаар тогтоосноос бусад асуудлаар гаргаж байгаа прокурорын шийдвэр ил тод байна.
10.2.Прокурорын байгууллагын үйл ажиллагаа нээлттэй байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон хэргийн шийдвэрлэлтийн талаар олон нийт, албан тушаалтан, сонирхсон этгээдэд өгөх мэдээллийг зөвхөн прокурор, эсхүл түүний зөвшөөрснөөр холбогдох албан тушаалтан мэдээлж болно. 
10.3.Эрүүгийн хэрэг мөрдөх, хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээс бусад тохиолдолд прокурор энэ хуулийн 10.2-т заасан этгээдүүдэд мэдээлэл өгч болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО,БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11 дүгээр зүйл.Прокурорын байгууллагын тогтолцоо
11.1.Прокурорын байгууллага нь: 
11.1.1.Улсын Ерөнхий прокурорын газар;
11.1.2.аймаг, нийслэлийн прокурорын газар;
11.1.3.сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газраас бүрдэнэ. 
11.2.Прокурорын хяналтын ажлын онцлогийг харгалзан дагнасан прокурорын газар байгуулж болно.
11.3.Аймаг, нийслэл,  дагнасан болон дүүрэг, сум буюу сум дундын прокурорын газрыг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, ажлын шаардлагыг харгалзан Улсын Ерөнхий прокурорын саналаар Монгол Улсын Их Хурал байгуулна.
11.4.Прокурорын байгууллага нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба, прокурорыг мэргэшүүлэх, хөгжүүлэх сургалтын төв, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах нэгжтэй байна.
11.5.Улсын Ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэргийн төв архив, аймаг, нийслэл, дагнасан прокурорын газарт түүний салбар архив ажиллана.
11.6.Эрүүгийн хэргийн архивт архивын эрхлэгч, архивч ажиллана.
11.7.Прокурорын газрын дотоод зохион байгуулалт, бүтэц, чиг үүргийг Улсын Ерөнхий прокурор тогтооно.
11.8.Улсын Ерөнхий прокурор, аймаг, нийслэл,  дагнасан прокурорын газрын Ерөнхий прокурорын дэргэд зөвлөл ажиллана. Зөвлөлийн эрх хэмжээ, ажиллах журмыг Улсын Ерөнхий прокурор тогтооно.
12 дугаар зүйл. Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба 
12.1.Прокурорын байгууллагын дэргэд прокурорын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх алба /цаашид алба гэх/  ажиллана.
12.2.Алба нь захиргааны удирдлага, аж ахуй, санхүү, боловсон хүчний хувьд бие даасан байна.
12.3.Албаны дарга, дэд даргыг Улсын Ерөнхий прокурор, мөрдөгчийг албаны дарга томилж, чөлөөлнө.
12.4.Албаны мөрдөгч нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокурорын даалгавраар мөрдөн шалгах ажиллагаа явуулна.
12.5.Албаны мөрдөгчийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн байдлыг Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулна.
 ГУРАВДУГААР БҮЛЭГ.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭЛДЭХҮҮН
13 дугаар зүйл. Прокурор 
13.1.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй, эсхүл прокурорын туслах ажилтанаар хоёроос доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, мэргэжлийн болон ажил хэргийн шаардлага хангасан, хорин таван насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилно.
13.2.Прокурорыг мэргэжлийн ёс зүй, мэргэшсэн байдал, ажил хариуцах чадвар, дадлага туршлагыг харгалзан албан тушаалд сонгон шалгаруулах, дэвшүүлэх буюу бууруулан томилох, аттестатчилах, сэлгүүлэн ажиллуулах журмыг Улсын Ерөнхий прокурор батална.
13.3.Прокуророор таваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг дээд шатны прокуророор томилно.
13.4.Хуульч мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно.
14 дүгээр зүйл. Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч
14.1.Прокурорын байгууллагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилсон Улсын Ерөнхий прокурор тэргүүлнэ.
14.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
14.3.Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
14.4.Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг шинээр томилсноор дуусгавар болно.
14.5.Улсын Ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр аль нэг орлогч бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ. Улсын Ерөнхий прокурорын орлогч Улсын Ерөнхий прокурорын өмнө ажлаа хариуцна.
14.6.Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.
14.7.Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараахь тохиолдолд Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно:
14.7.1.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилохоор болсон, сонгогдох албан тушаалд нэр дэвшсэн;
14.7.2.гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
14.7.3.эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.
14.8.Энэ хуулийн 14.7-д зааснаар бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 14.1, 14.2-т заасан журмын дагуу дараагийн Ерөнхий прокурор, түүний орлогчийг томилно. 
15 дугаар зүйл. Прокурорын тангараг
15.1.Прокурор албан тушаалд томилогдохдоо: "Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, прокурорын байгууллагын зарчмыг гүнээ хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил, ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангарагаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ” гэж тангараг өргөнө.
15.2.Прокурорын тангараг өргөх ёслолын журмыг Ерөнхийлөгч тогтооно.
16 дугаар зүйл. Прокурорын байгууллагын албан тушаалын бүрэлдэхүүн 
16.1.Улсын Ерөнхий прокурорын газарт Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслах, ахлах, хяналтын прокурор ажиллана.  
16.2.Аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газарт аймаг, нийслэл,  дүүрэг, дагнасан прокурорын газрын Ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах, хяналтын прокурор ажиллана. 
16.3.Сум буюу сум дундын прокурорын газарт сум буюу сум дундын Ерөнхий прокурор, хяналтын прокурор ажиллана.
16.4.Прокурорын газар нь  газар, хэлтэс, алба, тасаг гэсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байж болно. Орлогч, туслах, ахлах прокурор нь зохион байгуулалтын бүтцийн нэгж, албыг удирдаж болно.
17 дугаар зүйл. Прокурорын зэрэг дэв, мэргэшлийн зэрэг 
17.1.Прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар  зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх, хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөхийн зэрэг дэвтэй байна. 
17.2.Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвийг Ерөнхийлөгчийн зарлигаар, бусад зэрэг дэвийг албан тушаалын ангиллыг үндэслэн Улсын Ерөнхий прокурорын тушаалаар олгоно.
17.3.Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоос бусад прокурорт ажилласан хугацаа, мэргэшсэн байдал, ур чадварыг үндэслэн нэгээс тав хүртэлх мэргэшлийн зэрэг олгоно. 
17.4.Прокурорын мэргэшлийн зэрэг тогтоох, олгох журмыг Улсын Ерөнхий прокурор батална.
18 дугаар зүйл. Прокурорын байгууллагын ажилтан 
18.1.Прокурорын байгууллага нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий ажилтантай /референт/ байна. 
18.2.Прокурорын байгууллагын ажилтанд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт, ажиллах журмыг Улсын Ерөнхий прокурор тогтооно. 
18.3.Прокурорын байгууллага нь үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах үүрэг бүхий захиргааны алба, ажилтантай байна. 
18.4.Прокурорын байгууллагын ажилтантай холбоотой энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Төрийн албаны тухай хууль болон бусад хуулиар зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. 
ПРОКУРОРЫН БҮРЭН ЭРХ
19 дүгээр зүйл. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурорын бүрэн эрх19.1.Прокурор эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас явуулж байгаа зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй: 
 19.1.1.эрх бүхий байгууллагад ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг хянах;
19.1.2.зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагаас хэрэг бүртгэх ажиллагаа явуулж байгаа материалыг хянах, танилцах, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх;
19.1.3.хуульд тусгайлан заасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагаас хүний эрх, эрх чөлөөг хөндсөн, хязгаарласан ажиллагаа явуулах үед хянаж зөвшөөрөл олгох;
19.1.4.хэрэг бүртгэх ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
19.1.5.зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны талаар прокурорын байгууллагад гаргасан гомдлыг шалгаж шийдвэрлэх.
 20 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих прокурорын бүрэн эрх
20.1.Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй:  
20.1.1.гэмт  хэргийн  тухай  гомдол, мэдээллийг  хүлээн   авах,  бүртгэх, шалгах, шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;
20.1.2.мөрдөгчийн саналаар эсхүл гэмт хэргийн шинж тэмдэгийг прокурор өөрөө илрүүлсэн бол мөрдөн шалгах хэрэг нээх, хэрэг бүртгэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах, мөрдөн шалгах хэргийг хаах;
20.1.3.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоох;
20.1.4.эрүүгийн  хэрэг  үүсгэн яллагдагчаар татах, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолд  өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;
20.1.5.хохирогчоор тогтоох, гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх;
20.1.6.гэрч, хохирогч, шинжээчийн аюулгүй байдлыг өөрийн санаачилгаар эсхүл эрх бүхий этгээдээс гаргасан санал, хүсэлтийг үндэслэн шийдвэрлэх;
20.1.7.хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд яллагдагчийг баривчлах санал шүүхэд хүргүүлэх, баривчлах ажиллагаа явуулахыг мөрдөгчид даалгах;
20.1.8.яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах саналыг шүүхэд тавих, цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох;
20.1.9.мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, шүүхийн зөвшөөрөлтэй явагдах мөрдөн шалгах ажиллагааны саналыг шүүхэд хүргүүлэх;
20.1.10.мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр даалгавар, чиглэл өгөх, түүний биелэлтийг хангуулах, шаардлагатай гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцох;
20.1.11.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хугацаа сунгах;
20.1.12.хэргийг хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх, сэргээх, хэргийг шүүхэд шилжүүлэх;
20.1.13.мөрдөгчийн шийдвэр, үйл ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлтийг хянаж шийдвэрлэх, тэдний шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох, өөрчлөх, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааг таслан зогсоох, тухайн мөрдөгчөөр хэргийг цаашид мөрдүүлэхгүй байх;
20.1.14.прокурорын шийдвэрийг биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулах;
20.1.15.мөрдөн шалгах ажиллагааны явцыг хянах, бүхэлд нь буюу хэсэгчлэн шалгах, зөрчлийг арилгуулах талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагын удирдлагад шаардлага тавих;
20.1.16.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын ажилд шаардлагатай мэдээ судалгаа, баримт бичгийг аль ч байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, газар дээр нь танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;
20.1.17.хянан шалгах ажиллагаа явуулах;
20.1.18.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
20.1.20.хуульд заасан бусад  эрх.
21 дүгээр зүйл. Шүүхэд төрийг төлөөлөх прокурорын бүрэн эрх 
21.1.Прокурор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцохдоо дараахь бүрэн эрхтэй: 
 21.1.1.яллах, яллахаас татгалзах;
21.1.2.оногдуулах ялын талаар дүгнэлт гаргах; 
21.1.3.шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичих; 
21.1.4.нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах;
21.1.5.хуульд заасан үндэслэл байвал шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
21.1.6.шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах санал гаргах;
21.1.7.шүүхэд нотлох баримт гаргаж өгөх;
21.1.8.шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг шүүхэд гаргах.
21.2.Шүүх хуралдаанд хэд хэдэн прокурор оролцож болно.
22 дугаар зүйл. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын бүрэн эрх
22.1.Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхэд дараахь бүрэн эрхтэй:
22.1.1.ял эдлүүлэх байгууллага, албадах байр, саатуулах, баривчлах, цагдан хорих байр, хорих анги, хүүхдийн сургалт хүмүүжлийн байгууллагад ямар ч цагт саадгүй нэвтрэх;
22.1.2.ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаатай холбогдуулан албан тушаалтны гаргасан шийдвэр бусад баримт бичигтэй танилцах, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, уг асуудлыг шалгах, шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх;
22.1.3.ялтан, бусад этгээдтэй биечлэн уулзах, шаардлагатай бол тайлбар гаргуулах, тодорхойлолт авах;
22.1.4.ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаатай биечлэн танилцах, шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах;
22.1.5.ялтан, бусад этгээдийн хүсэлт, гомдлыг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх; 
22.1.6.шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудал, ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой дүгнэлтийг шүүхэд гаргах, хуралдаанд оролцох;
22.1.7.ял эдлүүлэх, албадлагын арга хэмжээтэй холбогдуулан байгууллага албан тушаалтнаас шаардлагатай баримт, бичиг тодорхойлолт гаргуулан авах;
22.1.8.хууль бусаар саатуулагдсан, баривчлагдсан, хоригдож байгаа хүнийг нэн даруй суллах;
22.1.9.хуульд тусгайлан заасан тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
22.1.10.шийтгэх, цагаатгах тогтоолыг хуульд заасан хугацаанд ирүүлэхийг шүүхээс шаардах;
22.1.11.шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад хүний эрх, эрх чөлөө, орон байр, өмчийн халдашгүй байдал, захиран зарцуулах эрхийг хөндсөн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих.
23 дугаар зүйл. Гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналт 
23.1.Улсын Ерөнхий прокурор, түүний тусгайлан эрх олгосон прокурор гүйцэтгэх ажилд хяналт тавина:
23.1.1.прокурор гадаад тагнуулын ажиллагаанаас бусад гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээлэл шалгах, гүйцэтгэх ажлын хэрэг нээх үеэс эхлэн гүйцэтгэх ажилд хяналт тавих;
23.1.2.Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нууц мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг хянах.
23.2.Прокурор гүйцэтгэх ажилд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй:
23.2.1.гүйцэтгэх ажлын мэдээ, мэдээллийг бүртгэх, хэрэг нээх, эрэн сурвалжлах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хянах;
23.2.2.гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэл, гүйцэтгэх ажилд ашиглагдаж байгаа тусгай техник хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэлд хяналт тавих;
23.2.3.гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагад саадгүй нэвтрэх, баримт сэлт гаргуулж авах;
23.2.4.гүйцэтгэх ажилд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох, тухайн ажиллагааны хугацааг сунгах, тодорхой үр дүнд хүрээгүй, үндэслэл муутай ажиллагааг зогсоох;
23.2.5.гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын нууцалсан эх сурвалжаас бусад гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүхэд хүргүүлэх;
23.2.6.гүйцэтгэх ажлын шугамаар нотлох баримт эрж олох, эрүүгийн хэргийг илрүүлэх, оргон зайлсан этгээдийг олж тогтоох зорилгоор эрх бүхий байгууллагад даалгавар бичих;
23.2.7.гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн, эрх бүхий байгууллагын ажилтан хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдлыг хянаж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах арга хэмжээ авах.
24 дүгээр зүйл.Прокурор нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах 
24.1.Прокурор төр, нийтийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоор талуудын хүсэлтээр эсвэл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөн оролцож болно.
24.2.Прокурор нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт сэлт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулан авах эрхтэй. 
24.3.Прокурор иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөн оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
 24.4.Прокурор өөрийн санаачлагаар нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно.
25 дугаар зүйл. Улсын Ерөнхий прокурорын бүрэн эрх 
25.1.Улсын Ерөнхий прокурор дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1.прокурорын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдах;
25.1.2.Улсын Их Хурлаас баталсан төсвийг хуваарилах, түүнд багтаан прокурорын газруудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох;
25.1.3.Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилуулах, чөлөөлүүлэх тухай саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
25.1.4.харьяа прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгы шийтгэл оногдуулах;
25.1.5.хуулийг хэрэгжүүлэх талаар прокурорын хяналтын болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд дагаж мөрдөх аргачилсан заавар, журам гаргах; 
25.1.6.прокурорын байгууллагын дотоод асуудлаар тушаал гаргах;
25.1.7.эрх бүхий байгууллагаас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтыг хэрэгжүүлэх заавар, журам хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж зөвшөөрөл олгох, хэрэгжилтэнд хяналт тавих, тухайн заавар, журмыг Улсын Ерөнхий прокурор хянаж зөвшөөрөөгүй бол дагаж мөрдөхгүй байх; 
25.1.8.гүйцэтгэх ажилд хуульд заасан журмын дагуу хяналт тавих, зөвшөөрөл олгох, гүйцэтгэх ажилд хяналт тавих прокурорт тусгайлан эрх олгох;
25.1.9. шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих;
25.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.  
26 дугаар зүйл. Улсын Ерөнхий прокурор Улсын Их Хуралтай харилцах
26.1.Улсын Ерөнхий прокурор эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жилд нэгээс доошгүй удаа Улсын Их Хуралд мэдээлнэ.
26.2.Өршөөл үзүүлэх тухай, шүүх эрх мэдлийн болон эрүүгийн хууль тогтоомжийн төсөлд дүгнэлт гаргана.
27 дугаар зүйл. Улсын Ерөнхий прокурор Монгол Улсын Ерөнхийлөгчтэй харилцах 
27.1.Прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид тогтмол танилцуулж байна. 
27.2.Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу Улсын Ерөнхий прокурор өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар дүгнэлт гаргаж болно. 
27.3.Ялтанд үзүүлэх уучлалын асуудлаар шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргана.
28 дугаар зүйл.Улсын Ерөнхий прокурор Засгийн газартай харилцах 
28.1.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний хүсэлтээр өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцож санал, дүгнэлт гаргаж болно. 
28.2.Шаардлагатай гэж үзвэл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Ерөнхий сайдтай зөвшилцөн Засгийн газрын хуралдаанд асуудал оруулж болно
29 дүгээр зүйл. Улсын Ерөнхий прокурор Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах
29.1.Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана
30 дугаар зүйл. Улсын Ерөнхий прокурор Улсын дээд шүүхтэй харилцах
30.1.Улсын Ерөнхий прокурор Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх асуудлаар тайлбар гаргуулахаар Улсын дээд шүүхэд санал оруулж болно.  
30.2.Улсын дээд шүүхэд хяналтын журмаар эсэргүүцэл бичиж хуралдаанд оролцоно
31 дүгээр зүйл. Прокурорын байгууллагын олон улсын хамтын ажиллагаа 
31.1.Прокурорын байгууллага нь эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрт заасан тохиолдолд гэмт этгээд, ялтан шилжүүлэх хамтын ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлнэ. 
31.2.Энэ хуулийн 31.1-д заасан асуудлаар Прокурорын байгууллага Монгол Улсыг гадаад улсад төлөөлнө. 
31.3.Улсын Ерөнхий прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд гадаад улсын ижил төстэй байгууллага, олон улсын байгууллагатай шууд харилцаж хамтран ажиллах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар санамж, гэрээ байгуулж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ.
       ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН ЭРХ ЗҮЙН ХЭЛБЭР
32 дугаар зүйл.Эрх зүйн хэлбэрийн төрөл
32.1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тогтоол, даалгавар, зөвшөөрөл, шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, эсэргүүцэл, хүсэлт, нэхэмжлэл, гомдол гаргана.  
32.2.Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэхээр тогтоол гаргана.
 32.3.Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тодорхой ажиллагаа гүйцэтгүүлж, баримт сэлт, мэдээлэл цуглуулахаар бичгээр даалгавар өгнө. 
32.4.Хуульд заасан тохиолдолд прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад бичгээр зөвшөөрөл өгнө. 
32.5.Прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар шаардлага бичнэ. Прокурорын шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авч, ажлын 15 хоногт багтаан хариу өгөх үүрэгтэй 
32.6.Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар мэдэгдэл бичнэ. Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан дурдсан зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг арилгах арга хэмжээ авч, ажлын 15 хоногт багтаан хариу өгөх үүрэгтэй.
32.8.Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичнэ
32.9.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар эсхүл шүүхийн шийдвэрийн бичвэрийн алдаа, буруу хийсэн тооцоог зөвтгүүлэхээр шүүхэд бичгээр хүсэлт гаргана. 
32.10.Нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргана.
32.11.Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийн бусад төрлийг хуулиар тогтоож болно
33 дугаар зүйл. Дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянах
33.1.Доод шатны прокурорын шийдвэрийг дараахь тохиолдолд заавал хянана:
33.1.1.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гомдол, өмгөөлөгч хүсэлт гаргасан;
33.1.2.байгууллага, иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн;
33.1.3.хүнд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн;
33.1.4.прокурор хянан шалгах ажиллагаа явуулсан;
33.1.5.ялтанг хугацааны өмнө сулласан, өвчний учир ялаас чөлөөлсөн;
33.1.6.улсын яллагч шүүх хуралдаанд яллахаас татгалзсан ;
33.1.7.шүүхээс цагаатгах тогтоол гаргасан.
34 дүгээр зүйл. Прокурорын шийдвэрийг биелүүлэх
34.1.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.
34.2.Прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.
34.3.Прокурорын шийдвэрийн талаар дээд шатны прокурорт гомдол гаргасан нь түүнийг биелүүлэх явдлыг зогсоохгүй.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ. 
ПРОКУРОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАТАЛГАА

35 дугаар зүйл.Прокурорын хараат бус байдлын баталгаа 
35.1.Прокурорын бүрэн эрхийг энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглоно. 
35.2.Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг чөлөөлөх, халах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг  хориглоно. 
35.3.Прокурор нь албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө. 
35.4.Прокуророос хяналт тавьж байгаа болон шийдвэрлэсэн хэргийнх нь талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно. 
35.5.Прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бусад этгээдэд хэргийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй. 
35.6.Прокурорт хөндлөнгөөс нөлөөлсөн дарамт шахалт үзүүлсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
36 дугаар зүйл. Нөлөөллийн мэдүүлэг гаргах
36.1.Прокурор нь  бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хараат бус байдалд нь халдсан аливаа дарамт, шахалт, нөлөөллийн талаар дээд шатны прокурорт мэдүүлэх үүрэгтэй. 
36.2.Нөлөөллийн мэдүүлэг гаргах журмыг Улсын Ерөнхий прокурор батална.
37 дугаар зүйл. Прокурорын халдашгүй байдлын баталгаа
37.1.Прокурорын халдашгүй байдлыг энэ хууль болон бусад хуулиар хамгаална. 
37.2.Прокурорын халдашгүй байдалд дараахь зүйл хамаарна:
37.2.1.амь бие;
37.2.2.ажлын байр, хувийн болон албаны орон сууц;
37.2.3.эзэмшиж, ашиглаж байгаа хувийн болон албаны тээвэр, холбооны хэрэгсэл
37.2.4.өөрийнх нь мэдэлд байгаа бичиг баримт, ачаа тээш, бусад эд хөрөнгө;
37.2.5.захидал, харилцаа, хувийн нууц.
37.3.Прокурор түүний гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул занал учрах нөхцөл үүссэн, энэ тухай мэдээлэл авсан бол Тахарын алба, Цагдаагийн алба энэ байдлыг таслан зогсоох, хамгаалахад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй.
37.4.Энэ хуулийн 37.3-т заасан арга хэмжээг авах нөхцөл, журмыг Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
37.5.Прокурор аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор бие хамгаалах тусгай хэрэгслийг эзэмших, хэрэглэх эрхтэй. Тусгай хэрэгслээр хангах, хэрэглэх журмыг Улсын Ерөнхий прокурор батална.
37.6.Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр, бусад прокурорыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, тээвэр, холбооны хэрэгсэл, биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
37.7.Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан, эсхүл яллагдагчаар татах хангалттай үндэслэл тогтоогдсон бол энэ тухай Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийн талаар Ерөнхийлөгчид, бусад прокурорын талаар Улсын Ерөнхий прокурорт 24 цагийн дотор мэдэгдэнэ.
37.8.Ерөнхийлөгч буюу Улсын Ерөнхий прокурор ажлын 10 хоногийн дотор прокурорыг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
37.9.Прокурорыг эрүүгийн хариуцлагад татахтай холбогдуулан түүний бүрэн эрхийг Улсын Ерөнхий прокурор түдгэлзүүлж болно.
37.10.Прокурорыг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, уналга, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийх шаардлагатай бол энэ хуулийн 37.7, 37.8-д заасан журмын дагуу зөвшөөрөл авна. 
37.11.Бусад байгууллага, албан тушаалтан прокурорын хяналтын ажлыг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр шалгах буюу албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцын талаар мэдээлэл өгөхийг прокуророос шаардаж болохгүй.
37.12.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна
38 дугаар зүйл. Прокурорын эдийн засгийн баталгаа 
38.1.Прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана. Прокурорын байгууллагын төсвийг  өмнөх жилээс  бууруулж болохгүй. 
38.2.Прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна. 
38.3. Улсын Ерөнхий прокурор нь Прокурорын байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн саналыг төлөвлөж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
38.4.Прокурорын цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацаа, зэрэг дэв, мэргэшлийн зэрэг, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Прокурорын албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно. 
38.5.Прокурорын байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа прокурорт орон сууц барих, худалдан авах, өөрөө эсхүл хүүхдээ сургахад зориулан төрөөс хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.
38.6.Улсын Ерөнхий прокурор нь дараахь баталгаагаар хангагдана:
38.6.1.уналга, холбооны хэрэгсэлээр хангагдах;
38.6.2.төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаанд тохируулан Улсын Их Хурлаас тогтоосон цалин авах, зайлшгүй шаардлагатай бусад хангамж авах буюу эдлэх;
38.6.3.гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдлэх.
38.7.Прокурор ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл өөрийн болон эхнэр нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний ирэх, очих замын зардлыг хуульд заасан журмын дагуу олгоно.
39 дүгээр зүйл. Прокурор, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа 
39.1.Прокурорын амь нас, гэнэтийн осол, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төр хариуцна. 
39.2.Прокурор албан үүргээ гүйцэтгэх явцад нас барсан бол 15 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг өв залгамжлагчид нь олгоно.
39.3.Прокурор албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирч цаашид мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тохиолдолд тухайн прокурорын сүүлийн гурван жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож цаашид өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртэл прокуророор ажиллаж байхдаа авч байсан цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг сар бүр олгоно. 
39.4.Энэ хуулийн 39.3-т заасан хохирлын улмаас прокурор  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд саад болохооргүй нөхцөлд тухайн прокурорын сүүлийн нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.  
39.5.Прокурор албан үүргээ гүйцэтгэх явцад нас барвал түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд прокурорын авч байсан албан тушаалын цалингаас ногдох хэмжээгээр тэтгэмжийг сар бүр олгоно. Энэ тэтгэмжид улсын төсвөөс төлсөн даатгалын төлбөр, тэжээгчээ алдсаны болон бусад төрлийн тэтгэвэр, цалин, тэтгэлгийг оруулан тооцохгүй. 
39.6.Тавин насанд хүрсэн эмэгтэй, тавин таван насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож болно.
39.7.Хуульд заасан нас, болзлын дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан прокурорт сүүлийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно. 
39.8.Прокурорын ээлжийн амралтын үндсэн хугацаа, нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хууль болон энэ хуулиар тогтооно. Прокуророор ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт эдэлнэ.
39.9.Прокурор өөр орон нутагт томилогдон ажиллах тохиолдолд шилжин суурьшихтай холбогдон гарах зардлыг Прокурорын байгууллага хариуцна.
39.10.Прокурор болон Прокурорын байгууллагын ажилтан хүндээр өвчилсөн, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай бол түүнд Прокурорын байгууллагын төсвөөс буцалтгүй тусламжийг нэг удаа олгоно. Буцалтгүй тусламж олгох журмыг Улсын Ерөнхий Прокурор батална. Гадаад улсад эмчлүүлэхэд энэ заалт хамаарна
39.11.Прокурорт орон сууцны болон бусад дэмжлэгийг үзүүлж болно. Дэмжлэгт зарцуулах мөнгийг тухайн жилийн төсөвт тусгана. 
39.12.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан прокурорын бие махбодид гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосон, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд прокурорт тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгоно. Прокурор эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, өвчтэй, эсхүл тахир дутуу болсон тохиолдолд түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно. 
39.13.Энэ хуулийн 39.3-39.4, 39.12-т заасан тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол буцалтгүй тусламжийг төрөөс олгож, хуульд заасан тохиолдолд гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 
39.14.Энэ хуульд тусгагдаагүй бусад баталгаа, шагнал урамшил, тусламж, тэтгэмжийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна.
40 дүгээр зүйл. Улс төрийн баталгаа
                40.1.Прокурор хууль ёсны эрх ашгаа хамгаалах, мэргэшлээ дээшлүүлэх зорилгоор албан үүрэгтэйгээ холбогдуулан мэргэжлийн болон төрийн бус бусад байгууллагад эвлэлдэн нэгдэх эрх эдэлнэ.
                40.2.Прокурор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана
41 дүгээр зүйл. Прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалт  
41.1.Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно. 
 41.2.Прокурорын байгууллагад улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Прокурор нь албан тушаал хаших хугацаандаа улс төрийн намын гишүүнээс түдгэлзэнэ. 
ДОЛДУГААР БҮЛЭГ.
ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН БОЛОН САХИЛГЫН ХАРИУЦЛАГА
42 дугаар зүйл.Прокурорын мэргэшлийн түвшинг дэмжих 
42.1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдлэг, мэргэшлээ дээшлүүлж байх үүрэгтэй бөгөөд жил бүр сургалтад хамрагдана.
 
42.2.Прокурорын мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах ажлыг Прокурорын байгууллага, Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага хэрэгжүүлнэ.
 
42.3.Прокурор мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах хугацаанд цалинг түүнд хэвээр олгоно.
 
43 дугаар зүйл. Прокурорын мэргэжил ёс зүйн хороо 
43.1.Хууль, түүнд нийцүүлж гаргасан дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай асуудлыг шалгах, дүгнэлт гаргах, мэргэшлийн зэрэг тогтоох эрх бүхий Прокурорын мэргэжил ёс зүйн хороо /цаашид "Хороо” гэх/-той байна. 
43.2.Хороо нь орон тооны бус ажлын албатай байна.
43.3.Прокурорын мэргэжил ёс зүйн дүрэм, хорооны ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч, бүрэлдэхүүнийг Улсын Ерөнхий прокурор тус тус батална. 
43.4.Прокурор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, Прокурорын мэргэжил ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн бол сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
 
43.5.Прокурор мэргэжил ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг хороонд гаргана.
 
43.6.Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргана. 
 
43.7.Прокурор хөдөлмөрийн дотоод журам зөрчвөл Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд зааснаар сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
 
43.8.Прокурорын ажилтан ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам зөрчвөл Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд зааснаар сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
 
44 дүгээр зүйл. Сахилгын шийтгэл
44.1.Прокурор хууль болон байгууллагын дотоод журам, прокурорын мэргэжил ёс зүйн дүрэм зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:
                44.1.1.сануулах;
                44.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
                44.1.3.албан тушаал бууруулах;
                44.1.4.ажлаас халах.
                44.2.Прокурорыг дараахь үндэслээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно.
                44.2.1.тухайн албан тушаалын зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;
                44.2.2.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь прокурорын тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй.
                44.3.Прокурорын мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлөөс бусад үндэслэлээр аймаг, нийслэл,  дүүрэг, дагнасан прокурорын газрын Ерөнхий прокурор нь энэ хуулийн 
                44.1.1, 44.1.2-т заасан сахилгын шийтгэлийг харьяа прокурорт оногдуулж болно.
                44.4.Прокурорын сахилгын дүрмийг Ерөнхийлөгч батална.
                44.5.Прокурор сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш нэг сарын дотор Улсын Ерөнхий прокурорт, Улсын Ерөнхий прокурор оногдуулсан бол шүүхэд гаргана.
45 дугаар зүйл. Прокурорыг албан тушаалаас чөлөөлөх 
45.1.Улсын Ерөнхий прокурор дараахь үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь чөлөөлнө:
 45.1.1.өөрөө хүсэлт гаргасан;
45.1.2.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилохоор болсон, сонгогдох албан тушаалд нэр дэвшсэн;
45.1.3.гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
45.1.4.биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
45.1.5.энэ хууль болон бусад хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн.
НАЙМДУГААР БҮЛЭГ .
БУСАД ЗҮЙЛ
46 дугаар зүйл. Прокурорын байгууллагын бэлгэдэл, далбаа, тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас,  прокурорын энгэрийн тэмдэг, дүрэмт хувцас
46.1.Прокурорын байгууллага бэлгэдэл, далбаатай, прокурор дүрэмт хувцас /өмсгөл/, энгэрийн тэмдэгтэй байна.
46.2.Прокурорын бэлгэдэл, далбаа, дүрэмт хувцас, энгэрийн тэмдгийн загвар, тэдгээрийг хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
46.3.Прокурорын байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
 
 
 
 
 
 
СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА