"АЯНЫ БОГЦ" СУРВАЛЖЛАГЫГ ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС БЭЛТГЭВ

826 2016/12/15

Prokuror.mn"  Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил, тод нээлттэй хүргэх ажлын хүрээнд орон нутгийн прокурорын газруудаас  "Аяны богц" сурвалжлага бэлтгэн, хүргэж байна.

Энэ удаагийн  сурвалжлагыг  Төв  аймгийн прокурорын газраас бэлтгэж, үндсэн хяналтын ажлаас гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, аймгийн төр захиргааны байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн удирдан зохион байгуулж байгаа талаар багц сурвалжлагыг хүргэж байна.

Тус прокурорын газар Аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл болон төр захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт энэ онд буурсан таатай мэдээтэй биднийг угтлаа.

Төв аймгийн прокурорын газар нь орон нутагт байгуулагдсан анхны таван прокурорын газрын нэг бөгөөд 1930 оны намар Улаанбаатар хотноо өнөөгийн Улсын багшийн их сургуулийн хойно Зүүн хүрээний нэгэн айлын амины хашаанд, хөх өнгийн жижигхэн модон байшинд, эсгий бүрээстэй хоёр монгол гэрээр албан контор хийж, "Богд хан уулын аймгийн прокурорын газар" нэртэйгээр 1 прокурор нэг,  2 мөрдөн байцаагчтай анхны галаа асааж  байжээ.

1938 онд шүүхээс тасран Богдын шар ордны хашаанд гурван эсгий гэр контортой 1 прокурор, 2 мөрдөн байцаагч, 1 бичээч,  1 зарлага, 1 дагалдан прокурортойгоор анх бие даан байгуулагдсан байна.

Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1942 оны 12 дугаар тогтоол ёсоор аймгийнхаа хамт нүүж Богд уулын өвөрт Зуун модны аманд төвлөрөн суурьшжээ. Энэ үед тус аймгийн 34 сум, 312 багийг харьяалан морь, тэмээ хөсгөөр албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн тэр цагаас хойш хуульд заасан үндсэн үйл ажиллагаагаа бие даан явуулж одоогоор 27 сум улсын төвлөрсөн 3 хорих ангид хяналтын ажлыг хэрэгжүүлж 86 жилийн түүхэн замналыг туулж иржээ.

Өнөөдөр тус прокурорын газар нь 16 прокурор нийт 31 ажилтан, алба хаагчтайгаар Монгол улсын Үндсэн хуульд заасан чиг үүргээ орон нутагт хэрэгжүүлж байна.

                                МАНАЙХ 86 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ЭЛЭЭЖ БАЙГАА УУГАН ПРОКУРОРЫН ГАЗРЫН НЭГ

ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ИТГЭМЖИТ ЗӨВЛӨХ С.АЛИМАА

Төв аймгийн прокурорын газар нь 1930 онд Богд хан уулын аймгийн прокурорын газар гэсэн нэртэйгээр байгуулагдсанаар өдгөө 86 жилийн түүхийг элээж байгаа ууган прокурорын газар юм. Төв аймаг нь 120 мянга орчим хүн амтай, 27 сумтай, сумууд нь Улаанбаатар хотоо тойроод хүрээлсэн, газар зүйн онцлог орчинд байрладаг. Мөн сумууд нь хатуу хучилттай замаар хучигдсан, дайран өнгөрөх хөдөлгөөн ихтэй байдгаараа гэмт хэргийн гаралт харьцангуй их байдаг.

Өнөөдрийн байдлаар тус прокурорын газар нь 1154 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллаж, 2118 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээж авсан байна. Одоо үлдэгдэл 157 хэрэгтэй байна. Нийт хүлээж авсан гомдол мэдээллийн 86.3 хувийг эцэслэн шийдвэрлэсэн. Бид үндсэн хяналтын ажлаас гадна Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, энэ чиглэлийн ажлыг төлөвлөгөө, үе шаттайгаар зохион явуулдаг. Тухайлбал 2016 онд 18 сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг шалгаж, зааварчилгаа, чиглэл өгсөн. Мөн сумдын  ард, иргэдтэй уулзаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  тухай хууль, Архидан согтуурах тухай хууль, Мал хулгайлахтай тэмцэх тухай хууль гээд эрэлт хэрэгцээтэй нэн шаардлагатай хуулиудыг сурталчлах, таниулан мэдүүлэх, нээлттэй  шүүх хуралдаан хийх зэрэг ажлыг зохион байгуулаад байна.

ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

2016 ОНЫ ХАГАС ЖИЛД "ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ" ҮНЭЛЭГДСЭН

 

ОРЛОГЧ ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Ц.СОНИН-МӨНХ:

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлаараа манайх 2016 оны эхний хагас жилд "Дүүрэн хангалттай” үнэлэгдсэн. 2015 онд 1106 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 1148 хэрэгт хяналт тавьж ажилласан нь 42 хэргээр буюу 3.7 хувиар, хэргийн шийдвэрлэлт 1.7 хувиар өссөн байна.

Бид энэ онд хэргийг ажиллагааны явцад хянахад анхаарлаа чиглүүлж ажилласан. Ингэснээр ажиллагааны явцад бичсэн даалгавар урьд оны мөн үеэс 20.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэхэд анхаарч Аймгийн прокурор,Цагдаагийн газрын даргын хамтарсан 01 дугаартай "Түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах тухай” албан даалгавар гаргаж, биелэлтийг тооцож ажилласнаар 2015 онд 282 түдгэлзүүлсэн хэрэгтэй байсан бол өнөөдрийн байдлаар 171 хэрэг түдгэлзээтэй байгаа нь өмнөх оноос түдгэлзүүлсэн хэрэг 111  буюу 60.6 хувиар буурсан ажлын эерэг үзүүлэлттэй байна. 

МАЛЧДАД НЭН ХЭРЭГЦЭЭТЭЙ ХУУЛЬ ЖУРМЫГ ЭМХЭТГЭСЭН "МАЛЧНЫ НОМ"

ГАРГАХАД БЭЛЭН БОЛСОН

ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН ТУСЛАХ

 ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН АХЛАХ ЗӨВЛӨХ А.АВАРЗЭД

Манай аймагт үйлдэгдэж байгаа нийт хэргийн дийлэнх хувийг малын хулгай эзэлж байгаа. Иймд бид малчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай  юм байна гэж үзээд "Малчны ном"-ыг гаргахаар шийдсэн. Номондоо юун түрүүнд малчдын ахуй амьдралд ач холбогдолтой заавал уншиж мэдсэн байх хуулийн жагсаалтуудыг хууль зүйн Legalinfo.mn сайтаас хамгийн сүүлийн байдлаар татаж, эмхтгэн оруулсан.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж энэ хуулинд төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд юу хийх талаар маш тодорхой зааж өгсөн байдаг ч малчдад зөвхөн яриа хэлбэрээр л очихоос цаашгүй төдийлөн  үр нөлөө багатай байдаг.

Тиймээс бид энэ номондоо Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль гэх мэт малчдад  хэрэгтэй 25 хуулийг  оруулсан байгаа.

Түүнчлэн Засгийн газрын тогтоолууд, Яамдын сайд нарын дангаараа болон хамтарч гаргасан тушаалууд дотор ч малчдад холбоотой заалтууд маш их байдаг юм байна. Үүнийг бас сайн судалж үзсэний үндсэн дээр оруулж өгсөн.

Ийм гарын авлага ном малчдын гар дээр очсоноор тэдний эрх зүйн мэдлэгт бага ч гэсэн тус болно гэж үзсэн. Ном маань хэвлэлтэд өгөхөд бэлэн болчихсон байгаа.

Дээрээс нь нэмээд номондоо билэг дэмбэрлийн үгс, ерөөл магтаал, малчин хүн юу цээрлэх, эртний сургаал үгсүүд гэх мэтийг оруулсан нь шинэ залуу малчдад ардын ёс заншилтайгаа танилцаж мэдэж авахад хэрэгтэй байх гэж бодлоо. Мөн малчдын болон мал сүргийн холбогдолтой "Болор цом" авсан шүлгүүдийг ч бас түүвэрлэн оруулсан. Ийм олон талын мэдээ, мэдээлэл өгөх цогц бүтээл болсон доо. Энэ номыг заавал малчин хүн гэхгүй хэн ч авч үзээд үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.

ТУС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС БИЧИГ ҮСЭГ ҮЛ МЭДЭГЧ ЯЛТНУУДЫГ БИЧИГ ҮСЭГТЭЙ БОЛГОХ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛЖ ХОРИХ 415 ДУГААР АНГИАС 52, ХОРИХ 417 ДУГААР АНГИ 10, НИЙТ 62 ЯЛТАНД ТӨВ АЙМГИЙН БАЯН, МӨНГӨНМОРЬТ СУМЫН АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН БАГШ НАРААР ХИЧЭЭЛ ЗААЛГАЖ, АНХАН ШАТНЫ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЖЭЭ.

    "БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДСАН" ГЭСЭН ҮНЭМЛЭХИЙГ ЯЛТНУУДАД ГАРДУУЛЖ ӨГСӨН

                                                       ТӨВ АЙМГИЙН "БАЯН ХАНГАЙ" СУМЫН НАСАН ТУРШИЙН

                                                                      БОЛОВСРОЛЫН БАГШ Э.ЦЭНДСҮРЭН

Төв аймгийн прокурорын газраас санаачлан бидэнд санал тавьсаны дагуу бид ялтнуудаас мэдлэгийн төвшинг нь тогтоох  шалгалт авахад нийт хамрагдсан ялтгнуудаас 3 хүн бичиг үсгийн бага зэрэг боловсролтой буюу үсгээ мэддэг ч уншиж чаддаггүй байсан бол бусдынх нь хувьд огт боловсролгүй хүмүүс байсан.

2 бага ангийн багштайгаа хамтраад бичиг үсгийн боловсролтой болгохоор 14 хоног өдөрт 8-10 цагаар хичээллэсэн. Эхэндээ хоригдлуудын харьцаанаас эхлээд хүндрэлтэй зүйл их гарч байсан. Ер нь бол ...энд бичиг үсэг сураад яахав дээ...гэсэн хандлагатай байсан л даа.

Бид хичээлээ зааж эхлэхийн өмнө "Хүн байхын учир", "Яагаад алдав" гэх мэт хүмүүжлийн чанартай 4 удаагийн сургалт хийснээр, тэдний санаа бодол өөрчлөгдөж, маш сайн хамтарч ажилласан. Хэдий хугацаа богино байсан ч маш хурдан үсгүүдээ цээжлээд, 2-3 үетэй үгнүүдийг уншдаг, холбож, бичдэг болсон.

Бага боловсролтой 3 хоригдлын хувьд өмнө нь үсгээ мэддэг байсан учраас аргачлалыг заагаад өгөхөд маш хурдан хугацаанд бичиж, уншиж сураад, шат ахиж сурахаар болсон. Тэдний илт сайжирсан нь 3 багшдаа зориулж шүлэг бичиж өгсөнөөс харагдаж байсан. Бид бүгдэд нь "Бичиг үсэг тайлагдсан" гэсэн үнэмлэхүүдийг гардуулж өгсөн.

Тэд бичиг үсэг сурахын хажуугаар маш олон зүйлийг ухаарч, ойлгож, алдаагаа ухамсарлаж, алдсан хугацаагаа нөхөж сайн сайхан амьдарна гэдгийг бидэнд  хэлж байсан. Ер нь бол эрх нь хязгаарлагдсан ийм хүмүүс дээр очиж сургалт явуулаад, тухайн хүнийхээ дотор орж чадвал илүү үр дүнтэй юм байна гэдгийг мэдэж авсан.

ЖИРИЙН ДЭГЛЭМД ЯЛ ЭДЛЭЖ БАЙГАА ЯЛТНЫ БАЙР БҮРЭН ШИНЭЧЛЭГДЭН, СТАНДАРТАД

НИЙЦСЭН ТОХИЛОГ БАЙРТАЙ БОЛСОН

 ШШГЕГ-ын ХАРЬЯА ХОРИХ 415-Р АНГИЙН ДАРГА, ХУРАНДАА Б.НЯМГОМБО
Хорих 415 дугаар анги нь жирийн болон чанга дэглэмтэй ялтнууд ял эдэлдэг. Жирийн дэглэмд ял эдэлж байгаа ялтнуудын ахуй нөхцөл стандарт шаардлагад хүрэхгүй байгаа талаар бичсэн прокурорын шаардлагын дагуу бид засвар хийсний дүнд, хорих ангийн аж ахуйн үйлчилгээнд ажилладаг жирийн дэглэмд ял эдэлж байгаа ялтны байр бүрэн шинэчлэгдэн, засварлагдаж, стандартад бүрэн нийцсэн тохилог байртай болсон.
Өнөөдрийн байдлаар гэхэд Хорих 415 дугаар ангид ялтнуудаас үйлдсэн гэмт хэрэг гараагүйн дээр, оргосон, чөлөөгөөр яваад хугацаа хэтэрсэн, өвчнөөр болон бусад шалтгаанаар нас барсан, гээд ямар нэг зөрчил дутагдалгүй байна. Ялтнуудаас гаргаж буй зөрчил 2015 онд 145 байсан бол энэ онд 49 болж урьд оноос 67.0 хувиар буурсан байна.

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ ОЛОН  АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ

                             АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД  ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРСАН                                           

ТӨВ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АХЛАХ БАЙЦААГЧ,

ЦАГДААГИЙН АХМАД М.НАНСАЛМАА

Хууль хяналтын байгууллагууд дундаас ялангуяа прокурорын байгууллагатай нэлээд уялдаа холбоотой хамтарч ажилладаг. Төв аймаг нь газар нутгийн хувьд Нийслэл хотоо тойрсон онцлог байршилтай, түүнийгээ дагаад улсын чанартай авто замууд өргөн хөгжсөн, отор нүүдэл, хүн амын хөдөлгөөн суурьшил ихтэй гэх мэтчилэн олон шалтгаан нөхцлөөс үүдэлтэйгээр гэмт хэргийн гаралт их байдаг.

Төв аймгийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийн дийлэнх хувийг иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, өмчийн хулгай, мал хулгайлах, зам тээврийн ослийн гэмт хэргүүд эзэлдэг. Эдгээрээс мал хулгайлах гэмт хэргийн гаралт  улсын хэмжээнд тогтмол өсөж байна.

Бид 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын байгууллагатай хамтарч олон  ажлуудыг зохион байгуулж ажилласны үр дүнд  гэмт хэргийн гаралт буурсан. Тухайлбал: Аймгийн 27 сумыг 8 бүс болгон бүх прокурор, цагдаагийн алба хаагчдад хувиарлан өгч, тухайн сум хариуцсан прокурор, цагдаагийн алба хаагчид сар бүр очиж иргэд, олон нийтэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, яриа таниулга хийх, хууль, журам, прокурор, цагдаагийн үйл ажиллагааг сурталчлах ажлуудыг зохион байгуулж ажилладаг.

Мөн прокурор, цагдаагийн  хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу улирал, сар бүр тогтмол зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт тогтмол өссөн үзүүлэлттэй гарч байсан бол энэ оны эхний 11 сарын байдлаар буурсан байгаа нь бидний хамтран хийж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн гэж үзэж байна.

ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 16 ПРОКУРОРТАЙГААС 7 ПРОКУРОР НЬ 1-3 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙГАА, ШИНЭ ЗАЛУУ ПРОКУРОРУУД БАЙНА.

АХМАД,ТУРШЛАГАТАЙ ПРОКУРОРУУДААСАА СУРАЛЦАЖ, УЛАМ ХИЧЭЭЖ АЖИЛЛАХ БОЛНО

ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЯНАЛТЫН

ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ЗӨВЛӨХ Б.ГАНБУЛГАН

Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/338 дугаартай тушаалаар тус Аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байна.

Би хотод төрж, өссөн. Анх орон нутагт ажиллах хэцүү байх гэж бодож байсан ч тийм биш гэдгийг ойлгосон. Манай аймгийн прокурорын газрын хамт олон эвсэг, гар нийлсэн хүмүүс байдаг.  Анх томилогдоод ажил авахдаа хөдөө орон нутагт малын хулгайн гэмт хэрэг  л ихэвчлэн гардаг байх даа гэж бодож байсан ч нийслэл хоттой ойрхон, дайрч өнгөрдөг авто замтай гэдэг утгаараа төрөл бүрийн хэрэг гарах юм байна лээ. Цаашид ахмад, туршлагтай прокуроруудаасаа суралцаж, улам хичээж ажиллах болно.

 "Прокурор-2016" тэмцээнд тус аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаан ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Гансувд түрүүлсэн.

Тэрээр одоо үндсэн хяналтын ажлынхаа хажуугаар Аймгийн прокурорын газрын Биеийн тамир спортын салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2016 онд аймгийн прокурорын газраас энэ чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар бидэнд танилцууллаа.

 ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЯНАЛТЫН

ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ЗӨВЛӨХ М.ГАНСУВД

 Аймгийн прокурорын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/60 дугаартай тушаалаар орлогч прокуророор ахлуулсан спортын зөвлөлийг байгуулан, 2016 онд спорт, эрүүл мэндийн чиглэлээр төлөвлөгөө гарган тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллалаа.Тус прокурорын газраас нийт прокурор, ажилтнуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, Аймгийн шүүхийн Тамгын газартай хамтран "Солонго” цогцолборын спорт зааланд сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэж байна.Мөн байгууллагын амралтын өрөөнд гүйлтын зам, ширээний теннис зэрэг спортын техник хэрэгслүүдийг байрлуулан тохижуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 403 дугаар анги болон прокурорын газрын алба хаагчдын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тоглолтыг 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор жил бүрийн 08 дугаар сарын 14-ний өдрийг "Прокурор албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулж ахмад ажилтан, биеийн тамирын тэргүүний ажилтан, шатрын спортын дэд мастер Т.Даваадугарын нэрэмжит шатрын нээлттэй тэмцээнийг хамтран ажилладаг хууль, хүчний байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэж анхны нээлттэй тэмцээнийг хийсэн.


Манай прокуроруудаас 5-7 прокурор Улаанбаатар хотоос ажилдаа ирж, очдог. Тиймээс жижүүртэй хонох, ажил ихтэй үед эндээ хонох, амрах өрөөг тохижуулж өгсөн. 

 

"Аяны богц" сурвалжлагаа бэлтгэн тус прокурорын газарт ажиллах хугацаанд хяналтын прокурор Х.Оюунцэцэг, Д.Мөнхцэцэг нар Төв аймгийн Зуун мод сумын "Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс"-тэй хамтран "Хүмүүн" цогцолборын ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийж байсан. 


ХЯНАЛТЫН ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ЗӨВЛӨХ Х.ОЮУНЦЭЦЭГ  

Миний хувьд  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Төв аймгийн Зуун мод сумын хүмүүс цогцолбор ахлах сургууль болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг хариуцан ажилладаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлынхаа хүрээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар тус аймгийн хэмжээнд насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийг судалсан. Судалгааны дүнгээс үзвэл энэ онд 13 хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд холбогдон шалгагдсан байсан. Хэргийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг байна.

БИД ТУС АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙГАА АХЛАХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ БИД УУЛЗАЖ "ГЭМТ ХЭРГЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ БОЛОХ ВЭ" СЭДВЭЭР ЧӨЛӨӨТЭЙ ЯРИЛЦСАН ӨРНҮҮЛЛЭЭ.

ТӨВ АЙМГИЙН "ХҮМҮҮН" ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛИЙН  СУРАГЧ н.ДОНДОГДУЛАМ

Хүүхдүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр маш бага ойлголттой байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль хүүхэд нэг бүрд хүрч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Тийм ч учраас маш олон хүүхдүүд гэмт хэргийн золиос болж байна. 2015-2016 онуудад манай аймгийн прокурорын газраас олон удаа энэ чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа хийснээр бид нэлээн өргөн мэдлэгтэй бол чадсан. Өнөөдөр ч бас прокурорын газраас дахин сургалт хийж өгсөнд маш их баярлалаа. Энэ талын мэдээллүүд хүүхэд бүрд хүрч, хууль хяналтын байгууллагын ах, эгч нар маань улам илүү их мэдээлэл өгч байгаасаа гэж хэлмээр байна.

ТӨВ АЙМГИЙН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧ н.АЛТАН-ЭРДЭНЭ

Миний бодлоор гэмт хэрэгт холбогдох нь хувь хүн бүрийн дадал хэвшил, хүрээлэн буй орчин, найз нөхөд, ар гэрийн амьдрал, нийлж байгаа хүмүүсээс хамаарна. Сүүлийн үед кибер буюу цахим гэмт хэрэг маш ихээр гарах болсон. Жишээ нь хуурамч хаяг нээж хүмүүсийг хуурч мэхлэх, өсвөр насны охидод нөлөөлж буруу зам руу татан оруулах гэх мэт их байна.Бас нэг асуудал бол өсвөр насныхан сонирхож  архи, тамхи хэрэглэх явдал их байдаг. Мэдээж архи ууж мансуурсан хүн буруу зүйл л хийнэ. Тиймээс энэ бүхнээс хол байхыг үеийн найзууддаа уриалмаар байна даа. Өнөөдөр бас бидэнд энэ чиглэлээр сургалт хийж байгаа прокурорын газрын хамт олондоо маш их баярлалаа.

 

ТӨВ АЙМГИЙН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧ н.БЯМБАДУЛАМ

Миний бодлоор том хүмүүс хүүхдэд нөлөөлөх маш хэцүү байдаг юм шиг санагддаг л даа. Харин хүүхэд хүүхэддээ зөвөөр нөлөөлөх юм бол гэмт хэрэг багасаж магадгүй гэж бодож байна. Жишээ: Том хүн хүүхдэд архи, тамхи хэрэглэж болохгүй гэж хэлснээс найз нь найздаа хэлбэл хүлээж авах нь илүү байх болов уу.

ТӨВ АЙМГИЙН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН н.ОРГИЛ

Би бодохдоо хүүхдийн хүмүүжлийн гол үндэс суурийг ар гэр гэж  боддог. Тухайн орчин ямар байна хүүхэд тийм л болно шүү дээ. Хэрэв хүүхдийн ар гэрт хэрүүл маргаан хүчирхийлэл, үл тоох байдал байдаг л бол тэр хүүхэд үе тэнгийнхэн дээрээ ирээд тийм л араншин гаргаж нөлөөлнө.Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж байгаа талаар маш их мэдээлэл гарах боллоо. Магадгүй энэ байдлаас болж амь насаараа хохирч байгаа нэг нь байхад зарим нь эргээд өөрсдөө хүчирхийлэгч болж өсөх ч талтай.

ТӨВ АЙМГИЙН ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАГЧ н.ТӨРБОЛД

Хүүхдүүдэд гэнэн цайлган, сониуч үе байдаг. Үүнээсээ болоод ч тэр үү гэмт хэрэг гэж юу болохыг мэдэхгүй явснаас өөрөө холбогдож эсвэл хохирдог талтай. Тэгвэл үүнд томчууд  их нөлөөлдөг гэдгийг бодолцож, өөрсдийнхөө үйл хөдлөлийг анхаарч ямар үлгэр дууриалал үзүүлэх вэ гэдгээ сайн бодолцож явах юм бол хүүхдийн эрх зөрчигдөх асуудал багасна гэж үзэж байна.

                                        ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

                                                                АЙМГИЙН БҮХ СУМАНД АЖИЛЛАДАГ

                          ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН  ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН

                            ХЭЛТСИЙН ДАРГА М.МЭНДСҮРЭН

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл нь 2016 онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаад, төлөвлөгөөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа зохион байгуулаад явж байна. Бид Хууль хяналтын байгууллагуудтай хамтарсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь" сэдэвт нэгдсэн зөвлөлгөөн хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд зөвлөлгөөнийг угтаж аймгийн хэмжээний төр, захиргааны байгууллагуудын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх нэг сарын аяныг 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 01 хүртэл хугацаанд  зохион байгуулсан.

Энэ ажлын үр дүнг нэгдсэн зөвлөлгөөн дээр дүгнэнэ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл аймгийн бүх суманд ажилладаг. Аймгийн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүдээр ахлуулсан ажлын 9 хэсэг тус бүр 3 сум хариуцаж, үйл ажиллагааг нь шалган, туслах, зааварчилга өгөх зэрэг ажлыг хийж байна. Хэсэг бүрт прокурор орж байгаа.

Энэ аяны хүрээнд нээлттэй шүүх хурал хийх, гэмт хэрэг их гардаг зарим том сумдад хуулийн байгууллагын өдөрлөг зохион байгуулах, согтууруулах ундаа худалддаг, үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний салбаруудыг аттестатчилах  зэрэг олон ажлыг хийлээ. Мөн Прокурор, цагдаагийн байгууллагатай хамтраад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Шинэ жил" нэгдсэн арга хэмжээг 27 суманд зохион байгуулахаар төлөвлөөд байна.  

                                             ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 54 ХУВИАР БУУРЧ, ТЭР ДОТРОО МАЛ ХУЛГАЙЛАХ

                                                                                 ХЭРЭГ 58 ХУВИАР БУУРСАН

                   ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.ЭНХТАЙВАН

Манай сумын хувьд гэмт хэргийн бууралт 24-30 хувьтай байна. Ялангуяа хулгайн гэмт хэрэг өнгөрсөн онд 21 байсан бол энэ онд 13 болж 8-р буурсан. Энэ нь манай  сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн хүчин  чармайлтын үр дүн гэж үзэж байна.

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлд сурталчилгаа, унаа машины зардал зэрэгт зарцуулах зорилгоор 2 сая гаруй төгрөгийн төсөв баталж өгдөг. Энэ зардлынхаа дийлэнх хувийг цагдаагийн хэсэгтээ өгч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулдаг.

Үүний үр дүнд хулгайлах гэмт хэрэг 54 хувиар буурч, тэр дотроо мал хулгайлах хэрэг 58 хувиар буурсан. Мөн  иргэдийн эрүүл мэндийн  эсрэг гэмт хэрэг, осол аваарын хэргүүд мөн бууралттай гарсан. Харин анхаарал хандуулах шаардлагатай асуудал бол хүчирхийллийн гэмт хэрэг нэлээд өсөх хандлагатай байна.

Энэ хэрэг нь  орон гэр, ахуйн хүрээнд далд хэлбэрээр үйлдэгддэг учраас энэ асуудал дээр анхаарлаа хандуулж, ажиллахаар төлөвлөсөн. Мөн гэмт хэрэг гарах гол шалтгаан нөхцөл нь архидан согтуурах явдалтай тэмцэх асуудал юм. Бид нэг хэсэг архи хэрэглээд байгаа хүмүүстэйгээ тэмцэж байсан бол одоо түүнийг худалдан борлуулдаг цэгтэй ч бас давхар хяналт тавьж явах ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.Үүний дагуу манай суманд үйл ажиллагаа явуулдаг албадан эмчилгээний газартай хамтарч ажиллахаар тохиролцсон.

 

 

ИЙНХҮҮ БИД НЭГ ӨДӨР ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ АЖИЛЛАА. ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН АЖЛЫН НЭГ БОЛСОН БАЙНА. ТУС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЭНЭ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ЯВУУЛЖ, АЙМГИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАН ЧИГЛҮҮЛЖ АЖИЛЛАСНААР ТУС АЙМАГТ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛД БУУРСАН БАЙНА.

  СУРВАЛЖЛАГЫН ТӨГСГӨЛД ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН АЖИЛ ХАРИУЦСАН  ТУСЛАХ ПРОКУРОР А.АВАРЗЭДИЙН ЗОХИОСОН "АМГАЛАН ТӨРИЙН ПРОКУРОР" ДУУГ ТА БҮХЭНД ТОЛИЛУУЛЖ БАЙНА. А.АВАРЗЭД НЬ 2011 ОНД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШҮЛГИЙГ  БИЧИЖ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ БААСАНХҮҮ АЯЫГ ЗОХИОЖ, ЗАЛУУ ДУУЧИН н.АНХБАЯР ДУУЛСНААР АНХ ТҮМНИЙ ХҮРТЭЭЛ БОЛСОН УГ УРАН БҮТЭЭЛ НЬ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АНХНЫ ДУУ БОЛЖ, ӨНӨӨГ ХҮРТЭЛ ДУУЛАГДСААР БАЙНА.МӨН ТЭРЭЭР "ГУРВАН ҮЕИЙН ПРОКУРОРУУД", "ЭГЭЛ ЦАГДАА" ЗЭРЭГ ОЛОН САЙХАН ШҮЛЭГ, ДУУНЫ ҮГ БИЧСЭН БА "ЭГЭЛ ЦАГДАА" ШҮЛЭГ НЬ МОНГОЛ УЛСАД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШҮЛЭГ, ЯРУУ НАЙРГИЙН УРАЛДААНД "ХҮРЭЛ ЦОМ" ШАГНАЛЫГ АВСАН ЮМ. ТҮҮНИЙ УРАН БҮТЭЭЛҮҮДИЙГ http://prokuror.mn/index.php?newsid=855 ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ.

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА