ФРАНЦ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦООГ ТУСГАЙЛАН СУДЛАХ НЬ

1 531 2016/07/01

Бүгд Найрамдах Франц Улсад 1958 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн V Бүгд Найрамдах засаглалын Үндсэн хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэхүү Үндсэн хуулийн "Шүүх эрх мэдэл” гэсэн 8 дугаар бүлгийн 64 дүгээр зүйлд:

·"Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч нь шүүх эрх мэдлийн бие даасан байдлын баталгаа мөн”,

·"Ерөнхийлөгч нь энэхүү баталгаа, эрх үүргээ Шүүх эрх мэдлийн Түшмэдийн/магистратурын/ Нэгдлийн Дээд зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлнэ”,

·"Түшмэлийн /шүүгч, прокурор/ статус, эрх зүйн байдлыг органик хуулиар тогтооно”,

·"Шүүхийн түшмэлүүдийг /шүүгч/ бүх насаар нь томилно” гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлд Шүүх эрх мэдлийн Түшмэдийн Нэгдлийн Дээд зөвлөлийн бүтэц, чиг үүргийн талаар тус тус зохицуулж өгчээ.

Франц Улсын Үндсэн хууль дахь Шүүх эрх мэдлийн байгууллагын эрх зүйн үндэс нь энд дурдсан 64, 65 болон 66 дугаар зүйлүүдээр хязгаарлагдах боловч тус Үндсэн хуульд Шүүх засаглалд орох бусад институт болох Үндсэн хуулийн зөвлөл (цэц), Франц Улсын Ерөнхийлөгчийг шүүн таслах эрх бүхий Өндөр Дээд шүүх, Засгийн газрын гишүүдийг шүүн таслах эрх бүхий Бүгд Найрамдах Улсын шүүх /цаашид БНУ гэх/, Санхүүгийн шүүх зэрэг институтуудын талаар бие даасан бүлэг болон хэд хэдэн зүйл заалтууд бий.

Аль ч улс орны шүүх засаглалын амин сүнс нь бүх шатны шүүх мөн боловч Франц Улсад шүүх эрх мэдлийн байгууллага нь дан ганц шүүхээс бүрдэхгүй бөгөөд Шүүх, Прокурорын хамтын нэгдсэн байгууллагаас /unité du corps judiciaire/ бүрддэг байна.

Иймд Франц Улсын шүүх /Tribunal et Cour/, прокурорын байгууллагын /Ministère public/ бүтэц, зохион байгуулалт, тогтолцоо, чиг үүрэг, үйл ажиллагааны зарим онцлогийн талаар энэхүү бичвэрээр тоймлон авч үзэх юм.

Франц Улсын үндэсний шүүх эрх мэдлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, тогтолцоо /organisation juridictionnelle nationale française/ нь Хэрэг, маргаан таслан шийдвэрлэх шүүхийн тогтолцоо /juridictions de l'ordre judiciaire/ буюу эрүү, иргэний шүүхийн тогтолцоо, Захиргааны шүүхийн тогтолцоо /juridictions administrative/ гэсэн тус тусдаа орших бие даасан хоёр тогтолцооноос бүрддэг байна.

1789 оны 7 дугаар сарын 14-нд эхэлсэн Франц Улсын хөрөнгөтний ардчилсан хувьсгалын өрнөл үе буюу 1790 оны 8 дугаар сарын 16 болон 24 -ний өдрийн Шүүх эрх мэдлийн байгууллагын зохион байгуулалтын тухай хуулиар тус улсын орчин үеийн шүүх эрх мэдлийн байгууллагууд бүрэлдэн бий болж, дээр дурдсан үндсэн хоёр тогтолцоонд хуваагдан салангид оршихоор хуульчлагдажээ.

Франц эрдэмтэн судлаачид дээр дурдсан бие даасан хоёр тогтолцоон дээр нэмж, Улс төрийн шүүх, Санхүүгийн шүүх, Үндсэн хуулийн зөвлөл (цэц) зэргийг шүүх засаглалын бие даасан байгууллага, тогтолцоонууд гэж үздэг байна.

Тухайлбал, улс төрийн шүүхийн тогтолцоонд Франц Улсын Ерөнхийлөгчийг шүүн таслах эрх бүхий Өндөр Дээд шүүх, Засгийн газрын гишүүдийг шүүн таслах эрх бүхий БНУ-ын шүүх гэсэн тус улсын Үндсэн хуулийн хоёр институтуудыг оруулдаг байна.

Франц Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын хэрэг маргаан таслан шийдвэрлэх шүүхийн эрх зүйн харилцаа нь тус улсын Үндсэн хууль, Шүүхийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын тухай хууль, 1958 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Түшмэл /magistrat/ нарын эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн процессийн хууль, Иргэний процессийн хууль болон бусад органик хуулиудаар зохицуулагддаг байна.

Хэрэг, маргаан таслан шийдвэрлэх шүүхийн тогтолцоог хоёр шатлалын /шат/ шүүхээс /double degré de juridiction/ бүрддэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүдээс бүрддэг гэсэн үг юм.

Анхан шатны шүүх /Tribunal de première instance/ нь олон нэр төрөл, шат, давхаргын шүүхүүдээс /Tribunaux différents/ бүрдэнэ.

Эдгээр олон нэр төрөл, шат, давхарга бүхий эрүү, иргэний шүүхүүд нь хэрэг, маргаан таслан шийдвэрлэх хэргийн харъяалал, тэрхүү хэргийн харъяаллын эрэмбэ дарааллын дагуу Ассицийн шүүх буюу Тангарагтны шүүх, Гранде инстонс трибунал буюу Их шатны шүүх, Инстонс трибунал буюу Бага шатны шүүх, Ойрын шүүгч буюу Эвлэрэлийн шүүх гэсэн төрөл, шат, давхаргад хуваагдах бөгөөд анхан шатны Прокурорын газар нь Гранде инстонс трибунал буюу Их шатны шүүхийн хамт байдаг.

Хэрэг, маргаан таслан шийдвэрлэх шүүхийн тогтолцооны анхан шатны нэгж болох анхан шатны шүүхүүд, тэдгээрийн прокурорын газруудаас нь эхлэн авч үзье.

Нэг. Анхан шатны шүүхийн /Tribunal de première instance/ үндсэн нэгж болох Гранде инстонсe трибунал /Tribunal de grande instance/ хэмээх Их шатны шүүх, түүний Пркурорын газар /Parquet/.

Анхан шатны шүүхүүд нь дээр бичснээр олон нэр төрөл, шат, давхаргаас бүрдэх ба энд зөвхөн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн талаар авч үзэх бөгөөд энэ шатны эрүүгийн шүүхэд доорхи шүүхүүд ордог байна. Үүнд:

1. Проксимити шүүгч /Juge de Proximité/буюу ойрын шүүгч хэмээх Эвлэрэлийн шүүх (хөнгөн гэмт хэргийн хамгийн жижиг хэрэг, зөрчил буюу 4 –р ангилалаас доошхи хөнгөн хэрэг, зөрчил /quatre premières classes de contraventions/ таслан шийдвэрлэх шүүх)

2. Полисе трибунал /Tribunal de Police/ хэмээх Цагдаагийн шүүх (хөнгөн гэмт хэргийн ялимгүй хүндэвтэр хэрэг буюу хөнгөн гэмт хэргийн 5 дугаар ангилалын хэрэг /contravention de 5 ème classe/ таслан шийдвэрлэх шүүх)

3. Коррекци трибунал /Tribunal Correctionnel/ хэмээх Эрүүгийн хэргийн шүүх (хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг /delit/ таслан шийдвэрлэх шүүх)

4. Ассиц кор /Cour d`Assise/ хэмээх Ассицийн шүүх буюу Тангарагтны шүүх (онц хүнд гэмт хэрэг /crime/таслан шийдвэрлэх шүүх) зэрэг шүүхүүд орно.

Их шатны шүүхэд Коррекци трибунал гэх Эрүүгийн хэргийн шүүх нь орж, шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлдэг бол Бага шатны шүүхэд Полисе трибунал гэх Цагдаагийн шүүх нь ордог байна.

Эвлэрэлийн шүүх нь Бага шатны шүүхийн дэргэд шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлдэг байна.

Ассицийн шүүх буюу Тангарагтны шүүх нь энэ хоёр Их шатны болон Бага шатны шүүхийн бүтцэд орохгүйгээр тусдаа айлтган заалдах шүүхийн /давж заалдах шатны шүүх/ дэргэд байнгын бус хэлбэрээр ажиллаж, бие даан шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлдэг онцгой статус бүхий шүүх юм.

Ассицийн шүүхийн шүүх хуралдаанд 3 мэргэжлийн шүүгч, тангарагтны 6 жюри /төлөөлөгч/ оролцож, шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

Тангарагтны 6 төлөөлөгчид нь мэргэжлийн 3 шүүгчийн хамт зөвлөлдөх, шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар санал, дүгнэлт гаргах, онц хүнд гэмт хэрэгт гэм буруутай этгээдийг таслан шийдвэрлэх зэрэг өргөн эрх мэдэлтэй шүүх хуралдаанд оролцох бөгөөд тангарагтны төлөөлөгчид нь шүүгдэгч гэм буруугүй гэсэн санал, дүгнэлт гаргавал мэргэжлийн 3 шүүгч ял шийтгэл оногдуулах эрх зүйн чадамжгүй болж, шүүгдэгч этгээд шууд цагаатдаг байна.

Энэхүү шүүн таслах ажиллагаанд 6 иргэдийн төлөөлөгчид тангарагтны хувиар мэргэжлийн шүүгчийн зиндаанд, тэднээс хараат бусаар оролцож байгаа нь сонгодог Эх газрын эрх зүйн тогтолцоотой Франц Улс өөрийн онцлогт тохируулсан Англи-Саксоны эрх зүйн тогтолцооны амин сүнс болсон тангарагтны шүүхийг нутагшуулжээ гэж үзэж болохоор байна.

Их шатны шүүх нь тухайн хэргээсээ хамааран мэргэжлийн нэг шүүгч, мэргэжлийн гурван шүүгчийн бүрэлдхүүнтэйгээр тус тус шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

Харин Бага шатны шүүхэдмэргэжлийн нэг шүүгч дангаараа шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг бол Эвлэрэлийн шүүхэд мэргэжлийн бус, магистратын статусгүй шүүгчид шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг байна.

Их шатны шүүхийн дэргэд олон нэр төрлийн шүүхүүд болон мэргэшсэн төрөлжсөн хэлбэрээр шүүн таслах ажиллагаа явуулдаг байна.

Тухайлбал, Насанд хүрээгүй хүүхдийн шүүх, Цэргийн шүүх, Террорист гэмт хэргийг шүүн таслах шүүх, Олон улсын гэмт хэргийг шүүн таслах эрх бүхий шүүх, Зохион байгуулалттай гэмт хэрэг болон санхүү, эдийн засгийн гэмт хэргийг шүүн таслах найман бүсийн шүүх, Шүүхүүдийн маргаан таслах шүүх зэрэг шүүхүүдийг энд дурдаж болно.

Франц Улсад насанд хүрээгүй хүүхдийн холбогдолтой хэрэг, маргааныг маш анхааралтай нарийвчлан авч үздэг бөгөөд тэдний үйлдсэн гэмт хэргийг хянадаг тусгай хэлтэс ч прокурорын газрын бүтцэд бий.

Харин Парис хотын анхан шатлалын Их шатны шүүхийн дэргэд үндэсний хэмжээнд шүүн таслах эрх бүхий Террорист халдлага, энэ төрлийн гэмт хэргийг шүүн таслах эрх бүхий шүүх болон Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг буюу Олон улсын гэмт хэргийг шүүн таслах эрх бүхий шүүх тус тус үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Парис хотын Прокурорын газрын дэргэд эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгт хяналт тавих дагнасан Прокурорын газар /Parquet financier/ ч байдаг юм билээ.

Анхан шатны шүүхүүдийн хамгийн гол, үндсэн нэгж болох Гранде инстонс трибунал буюу Их шатны шүүх 161 байх бөгөөд эдгээр шүүх бүрт Прокурорын газрууд байдаг.

Харин анхан шатлалынБага шатны шүүх 307 байх ба эдгээр шүүхүүдэд Прокурорын газар байхгүй бөгөөд тус шүүхүүдийн шүүх хуралдаанд томилолтын хяналтын прокурор болон прокурорын төлөөлөл болох цагдаагийн офицер нар оролцдог байна.

Франц Улсын Гранде инстонс трибунал буюу Их шатны шүүх нь шүүх, прокурорын байгууллага, тэдгээрбайгууллагын түшмэлүүдээс /magistrat/ бүрддэг гэж ойлгож болно. Түшмэлүүд нь шүүгч /juge/, прокурор /procureur/ гэсэн хоёр төрлийн албан тушаалтнуудаас бүрдэнэ.

Тухайлбал, Марсей хотын Гранде инстонс трибунал буюу Их шатны шүүхийг авч үзвэл, Шүүх нь Ерөнхий шүүгч нэг, Ерөнхий шүүгчийн орлогч шүүгч нэг, Ерөнхий шүүгчийн нэгдүгээр туслах шүүгч тав, туслах шүүгч, шүүгч гэсэн 96 шүүгч нийт 103 мэргэжлийн жинхэнэ шүүгчээс, Прокурорын газар нь Бүгд Найрамдах Улсын Прокурор нэг, орлогч прокурор дөрөв, нэгдүгээр туслах прокурор хоёр, туслах прокурор, хяналтын прокурор гэсэн 31 прокурор, нийт 38 прокуророос тус тус бүрдэх бөгөөд тус шүүхэд туслах ажилтан, нарийн бичгийн дарга болон бусад албан хаагч зэрэг 260 албан хаагч, нийт 401 хүний орон тоотой ажилладаг байна.

Энэ шүүхэд шүүгч нь прокуророос илүү олон байгаа нь иргэний хэргийн шүүгчидажилладаг учраас тэр юм.

Франц Улсын анхан шатны прокурорууд /улсын прокурор, түүний орлогч, туслах прокурор, хяналтын прокурор/ нь манай Прокурорын байгууллагын Прокурор, /Нийслэл, Аймаг, Дүүргийн прокурор/ түүний орлогч, туслах прокурор, хяналтын прокурор гэсэн 4 шатлалтай адилхан байх бөгөөд анхан шатандаа Франц шүүгч нь дээр бичснээр прокурортойгоо адилхан энэ төрлийн 4 шатлалтай байж /traitement de base des magistrats/, тэдний зэрэг дэв, зиндаа /grade et échelon/, цалин хангамж /salaire/нь энэхүү шатлалаараа харилцан холбоотой адилхан байдаг юм билээ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий шүүгч, Улсын Прокурор нар нь, Ерөнхий шүүгчийн орлогч шүүгч, орлогч прокурор нар нь, Ерөнхий шүүгчийн туслах шүүгч, туслах прокурор нар нь, шүүгч,хяналтын прокурор нар нь тус тус өөр хоорондоо зэрэг дэв, зиндаа, шатлал, цалин хангамжаараа адил байна гэсэн үг юм.

Прокурорын байгууллага нь Франц Улсаас гаралтай бөгөөд энэхүү прокуроруудын албан тушаалын шатлал нь манайд Оросоос дамжин яг л энэ хэлбэрээрээ нутагшжээ гэж үзэж болох юм.

Анхан шатны нэгжийн Улсын прокурорын зарим бүрэн эрхүүдийг энд дурдвал:

-Эрүүгийн процессийн ажиллагааг болон мөрдөн байцаалтын ажиллагааг удирдан чиглүүлэх, эрүүгийн хэрэгт хяналт тавих,

-Цагдаагийн газар болон Жендармын газар хоорондын хэргийн харъяалал, маргааныг тогтоох,

-Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, хэрэгсэхгүй болгох /classer sans suite/,

-Эрүүгийн хүндэвтэр гэмт хэрэгт шүүхээс өмнөх шатанд 3 дахь замаар шийдвэрлэх эрх буюу алтернатив процедурын хүрээнд яллагдагч нарт зарим албадлагын арга хэмжээ авч хэргийг хаах /procédures alternatives/,

-Эрүүгийн хүндэвтэр гэмт хэрэгт яллагдагчтай ял тохирон /ял наймаалцах/ хэргийг шүүх хуралдаан хийхгүйгээр шийдвэрлэх /composition pénale/, энэ тохиолдолд прокурор нь шийдвэрээ Ерөнхий шүүгчээр батлуулах ёстой,

-Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх /comparution immediate/,

-Онц хүнд гэмт хэрэгт шүүхийн зааварчилгааны шатыг нээх эрх /information judiciaire/,

-Нийтийн эрх ашиг /intérêt général/, нийгмийн эрх ашгийг /intérêt de la société/ хамгаалах,

-Нийтийн яллагааг /action publique/ хэрэгжүүлэх,

-Гэмт хэргийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдаанд оролцож гэм буруутай этгээдийг яллах /réquisitoire/,

-Ялын саналыг шүүхэд оруулах эрх /proposer une sanction/,

-Шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичих эрх /faire appel/,

-Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих эрх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих /assurer l`execution des peines/,

-Төрийн эрүүгийн хэргийн бодлогыг хэрэгжүүлэх эрх /mettre en œuvre la politique pénale/ зэрэг болно.

Хоёр. Аппэл кор /Cour d`Appel/ хэмээх Айлтган заалдах шүүх /давж заалдах шатны шүүх/, түүнийЕрөнхий Прокурорын газар /Parquet Général/.

Франц Улсад 36 Айлтган заалдах шүүх байх бөгөөд эдгээр шүүх болгон Ерөнхий Прокурорын газартай байдаг.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий Прокурорын газар нь 36 байх бөгөөд тэр тооны Ерөнхий Прокурор /Procureur Général/ нар тус газруудыг толгойлно.

Франц Улсын Прокурорын байгууллагыг /Ministère public/ нэгдсэн төвлөрсөн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий Улсын Ерөнхий Прокурорын газар байхгүй бөгөөд айлтган заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий прокурорын газруудын дарга /chef du Parquet Général/ нар болох Ерөнхий прокурорууд нь Франц Улсын Прокурорын байгууллагын гол удирдлага, прокурорын байгууллагын дотоод хяналт шалгалтын чиг үүргийг тухайн харъяа бүс нутагтаа хэрэгжүүлдэг байна.

Ер нь Эрүүгийн процессийн хууль болон бусад хуульд зааснаар анхан шатны шүүхүүдийн дэргэдэх Прокурорын газруудын дарга нар /chef du Parquet/болох Улсын Прокурорууд /Procureur de la République гэх 161 улсын прокурор байдаг/ Прокурорын байгууллагын үндсэн чиг үүргийг Франц Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх эрх, үүрэгтэйгээр ажилладаг байна.

Гэхдээ Кассацийн шүүх буюу Дээд шүүхэд Ерөнхий Прокурорын газар байх боловч энэ Ерөнхий Прокурорын газар нь Франц Улсын Прокурорын байгууллагыг нэгдсэн төвлөрсөн удирдлагаар хангах эрх үүрэг, эрх мэдлийн хуваарилалт байхгүй бөгөөд Дээд шүүхийн адил шүүх эрх мэдлийн байгууллагын хамгийн дээд байгууллага, Прокурорын байгууллагын тусгай бүтэц болон оршин тогтнодог.

Шүүх яамны сайд /ministre de la Justice/ нь Эрүүгийн процессийн хуулийн 30 дугаар зүйлд зааснаар Төрийн эрүүгийн бодлогыг тодорхойлогч гэдэг утгаар айлтган заалдах шатны шүүхүүдийн дэргэдэх Ерөнхий прокурор, анхан шатны шүүхийн дэргэдэх Улсын прокурор нарт үүрэг даалгавар, чиглэл өгөх бүрэн эрхтэй боловч тухайлсан эрүүгийн хэрэг болон тухайн хувь хүний эрүүгийн хэрэг дээр үүрэг даалгавар, чиглэл өгөхийг хуулиар хориглосон /interdiction pour le ministre de la Justice d’adresser aux procureurs de la République des instructions individuelles/ байдаг.

Шүүх яамны сайд нь шүүх эрх мэдэл эрхлэх түшмэлийн статус эдэлдэггүй тул түүнийг дээд шатны прокурор гэж тооцдоггүй байна.

Мөн "прокурорууд шүүх хуралдаанд хараат бусаар үг хэлэх, санал, дүгнэлт, ялын шүүмжлэлээ хэлэх эрх, эрх чөлөөтэй” /À l'Audience, leur parole est libre/ гэсэн зарчим үйлчилдэг.

Франц Улсын Шүүх яамны сайд нь прокурорт үүрэг даалгавар, чиглэл өгөх бүрэн эрхтэй боловч Прокурорын байгууллага нь Шүүх яамны /ministère de la Justice/ шууд харъяа, түүний салбар нэгж, харъяа байгууллага биш бөгөөд прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийн байгууллагын нэгдсэн нэг байгууллага/unité du corps judiciaire/, түүний нэг салаа мөчир гэж тодорхойлдог.

Прокурорын байгууллагын бүтэц, тогтолцооны онцлог, өвөрмөц байдлыг Франц хэв маяг, тэдний эрх зүйн тогтолцооны онцлог гэж ойлгох нь зүйтэй юм.

Айлтган заалдах шүүх нь бүх л анхан шатны журмаар шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүдийг дахин шүүх, хэрэг маргааныг хянах, таслан шийдвэрлэх эрх хэмжээтэй байдаг.

Энэ шатны шүүх нь эрүү, иргэн, худалдаа, нийгмийн, хүүхдийн, шүүхийн урьдчилсан шат, зааварчилгааны, ял шийтгэлийн гээд олон танхимаас бүрдэнэ.

Тухайлбал: Парис хотын Айлтган заалдах шүүх буюу Давж заалдах шатны шүүх нь нийт 25 танхимаас бүрддэг байна. Иймд Парис хотын Давж заалдах шатны шүүхэд Тэргүүн Ерөнхий шүүгч нэг, 25 танхимийн Ерөнхий шүүгч, болон шүүгч нар ажилладаг гэсэн үг.

Ерөнхий шүүгч нараа Ерөнхийлөгч /Président/, давах шатны шүүгч нараа шүүгч /juge/ гэхгүй зөвлөгч /conseiller/хэмээн нэрлэдэг байна.

Парис хотын айлтган заалдах шатны шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурорын газар нь Ерөнхий прокурор, түүний орлогч болох ерөнхий өмгөөлөгч /avocatgénéral/, хяналтын прокурор болох ерөнхий хяналтын прокуроруудаас /substituts générals/ бүрддэг.

Ерөнхий прокурорын газарт ажиллаж буй авокат женерал буюу /avocat général/ ерөнхий өмгөөлөгч нь өмгөөлөгч биш бөгөөд дээд шатны прокуроруудын нэг нь юм.

Энэ шатны шүүхийн шүүгч, прокурор нар нь мөн л хоорондоо зэрэг дэв, зиндаа, шатлалаараа адилхан байдаг. Өөрөөр хэлбэл, Тэргүүн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нар нь, танхимийн ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорын орлогч болох ерөнхий өмгөөлөгч нар нь шүүгч болох зөвлөгч, ерөнхий хяналтын прокурор нар нь өөр хоорондоо адил зэрэв дэв, зиндаа, шатлал, цалин хангамжтай байна гэсэн үг.

Айлтган заалдах шүүхийг хэд хэдэн муж хариуцсан нутаг дэвсгэрийн харъяаллаар байгуулах боловч зөвхөн Парис болон Версайлл хотын айлтган заалдах шатны шүүх нь тухайн өөрийн муж буюу дан ганц нэг мужын нутаг дэвсгэрийн харъяаллын хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэдэг байна.

Франц Улс нь нэгдсэн улс бөгөөд засаг захиргааны 96 департемон буюу мужид /département/хуваагддаг юм. Парис хот нь засаг захиргааны нэгжийн хувьд дангаараа нэг департемон буюу муж гэж явдаг байна.

Мөн айлтган заалдах шатны шүүхийн хүрээнд онц хүнд гэмт хэргийг давах журмаар хянан шийдвэрлэх эрх бүхий ассицийн шүүх буюу тангарагтны давах шүүх нь айлтган заалдах шүүхээс тусдаа бие даан оршиж, шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлдэг.

Энэ шүүх нь 3 мэргэжлийн шүүгч, тангарагтны 9 төлөөлөгчдөөс бүрдсэн шүүх хуралдаанаар тухайн онц хүнд гэмт хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцдэг байна.

 Франц Улсын дээд шүүхийн тэргүүн ерөнхий шүүгч Бертран Луйвэл /баруун гар талынх нь/

Дээд шүүхийн дэргэдэх ерөнхий прокурор Жон Клауд Марин

Гурав. Кассаци кор/Cour de Cassation/ хэмээх Кассацийн шүүх /Дээд шүүх/, түүний Ерөнхий Прокурорын газар/Parquet Général/.

Франц Улсын хэрэг, маргаан таслан шийдвэрлэх шүүх тогтолцооны хамгийн дээд шат болох Кассацийн шүүх буюу Дээд шүүх, түүний Ерөнхий Прокурорын газар нь зөвхөн ганц л байх бөгөөд Франц Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагын хамгийн дээд байгууллага /haute juridiction/ нь юм.

Дээд шүүх нь нэг эрүүгийн хэргийн танхим, 3 иргэний хэргийн танхим, худалдааны, нийгмийн хэргийн танхим гэсэн нийт зургаан танхимаас бүрдэнэ.

Тус шүүх нь Тэргүүн Ерөнхий шүүгч нэг, зургаан танхимын Ерөнхий шүүгч нар болон шүүгч болох зөвлөгч нараас бүрдэнэ.

Дээд шүүх нь хяналтын гомдлоор анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд хууль зөв хэрэглэсэн эсэх дээр хяналт тавьж, хууль буруу хэрэглэсэн, процессийн хууль зөрчсөн нь тогтоогдвол давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн хэргийг шийдсэн давж заалдах шатны шүүхэд бус огт өөр хөндлөнгийн давж заалдах шатны шүүх рүү хэргийг шилжүүлдэг байна.

Дээд шүүхийн үндсэн чиг үүрэг нь Франц Улс даяар хуулийг нэг мөр, нэг л утгаар хэрэгжүүлэх хууль ёсны шаардлага, зарчмыг хангуулах, хувь хүний эрх эрх чөлөөг хамгаалах, эрх зүйт төр болон эх газрын эрх зүйн тогтолцоотой орны гол онцлог болсон хууль монополь байх, тэрхүү хуулиудийг шударга, зөв хэрэглэх явдлыг хангуулах зэрэгт оршдог байна.

Иймээс Дээд шүүхийн шүүгч нарыг хууль ёсны шүүгч /juge de droit/ хэмээх нэр томъёо хэрэглэн нэрлэдэг байна.

Дээд шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурорын газар нь Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын нэгдүгээр ерөнхий өмгөөлөгч буюу орлогч, ерөнхий өмгөөлөгч буюу хяналтын прокурор нараас бүрдэнэ.

Шүүх эрх мэдлийн байгууллагын хамгийн дээд шатны байгууллага болох Дээд шүүхийн шүүгч, прокурор нар нь мөн л зэрэг дэв, зиндаа, цалин хангамжаараа адил байна.

Өөрөөр хэлбэл, Тэргүүн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нар нь, танхимын Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорын нэгдүгээр ерөнхий өмгөөлөгч нар нь, шүүгч болох зөвлөгч, ерөнхий өмгөөлөгч нар нь өөр хоорондоо адил байна гэсэн үг.

Энд тоймлон авч үзсэн Хэрэг маргаан таслан шийдвэрлэх шүүхийн тогтолцооны хамгийн чухал, хамгийн сонирхол татсан, ойлгоход төвөгтэй нэн өвөрмөц онцлогуудын заримыг нь дурдвал:

-Шүүх, прокурорын байгууллагын хамтын нэг бүтэц, нэгдсэн байгууллага /unité du corps judiciaire/,

-Нэг Магистратурын буюу Түшмэдийн Нэгдлийн Дээд зөвлөл /conseil supérieur de la magistrature/,

-Нэг үнэт зүйлс, нэг статус /statut des magistrats/, нэг эрх зүйн байдлын зохицуулалт /ordonnance du 22 décembre 1958/,

-Шүүгч, прокурор нарын нэг сонгон шалгаруулалт буюу нэг конкурс /concours magistratures/,

-Шүүгч, прокурор нарын нэг сургууль /École nationale de la magistrature/, нэг сургалт/formation des magistrat/,

-Шүүгч, прокурор нарын нэг ёс зүй /éthiquede la magistrature/,

-Шүүгч, прокурор нар өөр хоорондоо шилжиж томилогдох эрх /сонгон шалгууралтгүйгээр/ зэрэг байх боловч, мэдээж шүүгч, прокурор нар нь чиг үүргээрээ ялгарч, шүүгч нь бүх насаараа томилогдох эрх болон хараат бус, бие даан шийдвэрээ гаргах, шүүн таслах эрх мэдэлтэй байхад прокурор нь бүх насаараа томилогдох эрхгүй, прокурор нь шатлан захирагдах зарчмын /principe hiérarchique/ үүднээс дээд шатны прокурорын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, төрийн эрүүгийн бодлогыг хэрэгжүүлэгч гэдэг утгаар уг бодлогыг тодорхойлогч Шүүх яамны сайдын энэ хүрээнд өгсөн чиглэл, үүрэг даалгаварыг биелүүлэх үүрэгтэй байдаг зэргийг онцгойлон дурдаж байна.

Шүүх яам нь угаасаа Шүүх эрх мэдлийн байгууллагын засаг захиргаа, аж ахуй, үйлчилгээний ажил, шүүх, прокурорын байгууллагын хүний нөөц болон шүүгч, прокурор нарын сонгон шалгаруулалтын бодлого, тэдний сургалт, шүүгч, прокурор нарыг нэр дэвшүүлэх, шатлан дэвших бодлого, тэдний зэрэг дэв, шатлалын бодлого зэргийг боловсруулж хэрэгжүүлэх эрх, үүргийг хуулиар хүлээж, энэхүү бүрэн эрхээ хуульд зааснаар хэрэгжүүлсээр өнөөг хүрч иржээ.

Франц Улсад одоогоор 8140 магистрат /magistrat/ буюу шүүгч, прокурор нар ажиллаж байна. Эдгээр магистрат нарын гуравны нэг орчим хувь нь прокурорууд байдаг.

Франц Улсын Прокурорын байгууллагын онцлог, шинжийг дахин тодруулан хэлье гэвэл тус улсын Дээд Шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурор асны дүгнэлтийг хэлэхэд хангалттай юм.

Тухайн үеийн Франц Улсын Дээд шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурор Жон Луй Надал/Jean-Louis Nadal/ нь 2006 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр болсон Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэнд үг хэлэхдээ "1303 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Филипп Ле Бэл хааны их зарлиг, уг зарлигаар тогтоосон Хааны хүмүүсийн /прокуроруудын/ тангарагийг түүхэн талаас нь авч үзвэл: Прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны процессийг хангагч, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч байж, өөрийнхөө чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа аль алиныг хэрэгжүүлэхийн зэрэгцээ улсын яллагчын хувиар хэргийн бодит үнэнийг тогтоох, хуулийн хэрэгжилтийг нэг мөр, зөв хангуулах зэрэг чиг үүргүүдийг адил тэнцүү тэгш хэрэгжүүлж ирсэн байх бөгөөд энэ бүгд нь Прокурорын байгууллагын онцлог гэдгийг надад дахин хэлж, ойлгуулж байдаг юм” гэж, дэлхийд Прокурорын байгууллагыг анх байгуулсан, төлөвшүүлсэн, хөгжүүлсэн болон дэлгэрүүлсэн улсын хамгийн дээд шатны прокурорын хувиар ийнхүү дүгнэн хэлж байжээ.

Аль ч шатны шүүхүүдийн удирдлага, засаг захиргаа, аж ахуйн ажлыг тухайн шүүх дээрээ Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор /мөн Ерөнхий шүүгч болон Улсын прокурор нар/ нар нь хамтран хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлдэг нэн өвөрмөц онцлогтой.

Энэ байдлыг зарим нэг гадаадын мэргэжил нэгт нөхөд маань нэг хөлөг завин дээрхи хөлөг онгоцны хоёр ахмад гэж егөөдөж хэлсэн байдаг.

Харин монгол хүний сэтгэлгээгээр харвал хос ижил зүсмийн морь унасан эрхэмсэг язгууртан ноёдууд шиг харагддаг юм.

Франц Улсын хуулийн нэр томъёог монголоор буулгахдаа хэлбэр талаас нь махчлан үгчилж бус утгачлан буулгаж, орчуулах замаар зохиомжлон энэхүү бичвэрийг тэрэллээ.

Магадгүй орчуулгын улмаас алдаа эндүүрэл гарсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ талаар санал, шүүмжлэлээ ирүүлбэл талархан хүлээж авах болно.

Таны оюуны мэлмий, мэдлэг гүн байг

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦАА ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ХЭЛТСИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Ш.БААСАНДОРЖ

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА