Д.БАЯРМАГНАЙ: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА “ХААЛТТАЙ” БАЙХ ЁСТОЙ. ОЛОН НИЙТ НЭЭЛТТЭЙ БАЙЛГАХ ГЭЖ ШАХАЖ ШААРДАХ Ч ХЭРЭГГҮЙ

3 029 2017/11/02

Нийслэлийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгийн үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр ажлаа авснаасаа хойш анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ юм. 

-Нийслэлийн проку­рорын газрыг олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс хаалттай бай­гууллага гэж үздэг. Ер нь прокурорын бай­гууллага олон нийтийн өмнө нээлттэй байх ёстой юу. Эсвэл хаалт­тай байх үүрэгтэй юу гэдэг асуудлаас ярилц­лагаа эхлүүлье?
-Хууль хяналтын байгууллага аливаа хэрэг маргааныг шийд­вэрлэж байгаа мөрдөн байцаалтын үйл ажил­лагааны талаар нийтэд зарлан мэдээ­лэх нь хориотой байдаг.  Хэрвээ зарлан мэдээлэх бол заавал прокуророос зөв­шөөрөл авч байж, зөв­­шөөрөгдсөн хэмжээнд тухайн мөрдөх байгуул­лага нь мэдээ­лэл өгөх хуулийн зохицуулалттай. Нийслэлийн прокурорын газар нь бусад прокурорын байгууллагаас онцлогтой. ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуу­лалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ТЕГ, АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэс зэрэг байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуул­сан, УЕПГ-аас харъяалал тогтоож ирүүлсэн, төрийн өндөр албан тушаалтан холбогдсон авлига, хээл хахууль болон гадаадын иргэд холбогдсон гэмт хэргээс гадна хар тамхи, мансууруулах бодистой холбогдолтой, онц ноцтой гэмт хэргүүдэд хяналтын үйл ажиллагаа явуулдаг. 
Хувь хүний болон хуулийн этгээдийн нэр хүнд, хувийн нууцлалтай холбоотой хэрэг материалд шүүхээс гэм буруутайг нь тогтоож, шийдвэрлээгүй байхад бид хэргийн талаар мэдээлж болохгүй.Мэдээж иргэн хүн хардах эрхийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагад ямар нэг асуудлаар гомдол гаргаж болно. Гагцхүү тэр гомдлыг нь хүлээж аваад асуудал нь бодитой эсэх, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой. Энэ тогтоох үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явж байна уу, үгүй юү, хүний эрх зөрчигдсөн эсэх, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж үү, эсвэл илт гэмт хэргийн шинжтэй зүйлийг нуун дарагдуулсан хууль бус үйлдэл бий эсэхийг прокурорын байгууллага хянадаг. Энэ утгаараа хэргийн мөрдөн байцаалтын нууцлалыг хангаж, хаалттай байх ёстой. Олон нийтийн зүгээс нээлттэй байх ёстой гэдэг шаардлага, шүүмжлэл тавьдаг нь буруу гэж боддог. Та бод л доо, таны талаар хэн нэгэн үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл бичээд хууль хяналтын байгууллагад гомдол гаргалаа гэж бодъё. Гэтэл уг асуудал нь тодорхой болоогүй, шалгагдаж байх хугацаанд прокуророос нээлттэй байна гээд тухайн асуудлаар нь мэдээлэл хийвэл таны нэр хүндэд хэцүү байна биз дээ. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр хууль хүчний байгууллагыг улстөржсөн гэх асуудал яригдсан. Манай хууль хяналтын зарим байгууллага ч нэлээд шүүмжлүүлсэн. Яг үнэндээ прокурорын байгууллага ийм ярианд огт ороогүй. Бид аливаа улс төрийн үйл ажиллагаанаас хол хараат бусаар үйл ажиллагаагаа явуулсан. Цаашид ч тийм ч байна.
-Шинэ хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллага, мөрдөгч нар эрх мэдэлгүй болсон гэх яриа гарах болсон. Дээрх хуулиар прокурорт үнэхээр давуу эрх мэдэл олгож байна уу?
-Хуулиараа прокурорын байгууллага нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий  байгууллага. Энэ утгаараа хуулийн хэрэгжилтийг хангуулдаг субьектын хувьд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хууль зөрчигдсөн бүх асуудлыг хянах хяналт тавих үүрэгтэй. Өмнө нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нэг гомдол, мэдээллийг шалгаад мөрдөгч өөрөө эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн, яллагдагчаар татдаг байсан бол одоо энэ эрхийг прокурорын бүрэн эрхэд хамааруулснаар хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах хангалттай үндэслэл бүрдсэн үү, үгүй юү гэдгийг прокурор хянаж, шалгаж байж яллагдагчаар татна гэсэн үг. Хуулийн хувьд зарим  ойлгомжгүй, эргэлзээ төрүүлсэн, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд асуудалтай зүйл заалт бий. Эдгээрийг Улсын Ерөнхий прокурорын баталсан заавар, журам болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай хамтарсан тушаал, заавар гаргаж зохицуулсан байгаа.  
-Тухайн иргэний гэм буруутайг нотлох баримт хангалтгүй тохиолдолд цагдан хорих ажиллагааг шинэ хуулиар хязгаарлаж байгаа. Ингэх нь нэг талаар хүний эрхийг зөрчихгүй байх сайн талтай ч тухайн сэжигтэн дараагийн гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгтнүүд хоорондоо үгсэх, нотлох баримтын ул мөрийг арилгах зэрэг боломжийг бүрдүүлж өгч байна уу гэж ажиглагддаг. Заавал цагдан хорих ажиллагааг хязгаарлах шаардлагатай юм уу гэдэгт та прокурор хүнийхээ хувьд хариулахгүй юу?
-Шинээр батлагдсан хуульд цагдан хорих, эд хөрөнгө битүүмжлэх зэргээр хүн хуулийн этгээдийн эрхэнд халдаж байгаа асуудлыг зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр зохицуулсан. Энэ нь хувь хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх эрх чөлөөг дээдэлж байгаа давуу талтай. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байгаа ч тэр чинь хүн шүү дээ. Үүнийг нь харгалзан үзэх нь зөв. Нөгөөтэйгүүр бас хохирсон хүний эрх, эрх чөлөөг ч хуулиар хамгаалсан тул аль аль талыг нь харгалзан үзэж гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлагын арга хэмжээ авах учиртай. Түүнээс биш цахим ертөнцөд сенсаац дэгдээсний зоргоор хэн нэгнийг буруутгаж, яллаж, нэг бол гэм зэмгүй гэж үзэж хэрхэвч болохгүй. үүнийг зөвхөн хуулийн хүрээнд шалгаж тогтоох эрх бүхий байгууллагууд, шүүх шийднэ. 
-Прокурорын шийдвэрт иргэдийн олонх нь заавал гомдол гаргадаг гэсэн. Яг энэ процесст юу нөлөөлж байна вэ. Прокурорууд ажлын ачааллаас болж тухайн хэрэг дээр төвлөрч ажиллахад хүндрэлтэй байна уу. Эсвэл тухайн иргэний хууль, эрхзүйн мэдлэг болон хувийн зан ааш нөлөөлдөг юм болов уу?
-Эрүүгийн хэрэг, материалыг хянаж шийдвэрлэхэд төвөгтэй асуудал зөндөө гардаг. Аль нэг тал нь заавал гомдолтой үлддэг. "Миний хэргийг үнэн зөв шийдлээ” гэж хүлээн зөвшөөрдөг хүн цөөхөн. Ихэнх нь "Би үүнийг хийгээгүй, прокурор намайг үндэслэлгүйгээр яллаж байна” гэдэг. Ажлын ачаалал бол үнэхээр их. Ер нь прокурор хавтаст хэрэгт яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтыг цуглуулсан байхыг шаардаж цуглуулдаг. Зөвхөн шүүх хуралдаанд л прокурор улсын яллагдагчийн байр суурьнаас гэм буруутай этгээдийн гэм бурууг нотлох үүднээс хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүхээр хэлэлцүүлдэг ийм л субьект. Харин цагаатгах талын нотлох баримтыг яллагдагчийн өмгөөлөгч хавтаст хэргээс гаргаж тавьдаг. Өөрөөр хэлбэл, прокурор нь хохирогч, холбогдогч, хэргийн оролцогч нарын бүгдийнх нь хууль ёсны эрх ашгийг хамгаалдаг гэсэн үг. Шүүх хуралд өмгөөлөгч нар тухайн хэрэгт цагаатгах талын нотлох баримт авагдсан байгаа болоод л гаргаж тавьдаг. энэ дундах мэтгэлцээний явцаас шүүгч хар, цагааныг ялгаж, үнэлж цэгнэж, дэнсэлж байж шийдвэрээ гаргадаг. Ийм л процесс. Түүнээс биш дан ганц прокурор хэргийг ганцаараа шийддэг юм биш. 
-Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хууль  хэрэгжиж эхэлснээс хойш цахим ертөнцөд бусдын нэр төрд халдах, гутаан доромжлох үйлдэл харьцангуй багассан юм шиг ажиглагддаг. Хууль сурталчлах, соён гэгээрүүлэх тал дээр прокурорууд хэрхэн ажиллаж байна вэ?
-2002 оны Эрүүгийн хуульд байсан 110, 111 дүгээр зүйл буюу бусдыг гүтгэх, доромжлох гэсэн зүйл заалт нь одоогийн шинэ эрүүгийн хуулийн тусгай ангид байхгүй болж, Зөрчлийн хуулиар шийдэгддэг болсон. Бид шинээр мөрдөгдөж буй Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг олон нийтэд таниулан сурталчлах ажлыг нийслэл дүүргийн хэмжээнд сайн хийж байгаа. Прокурорын байгууллага 2017 оныг олон нийтэд нээлттэй байх зорилт тавьсан. Үүний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэл, дүүргийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газруудад прокурорын мэдэгдэл бичих, яриа таниулга хийх, хууль сурталчлан таниулах, зэргээр ажиллаж байгаа үүний үр дүн гарна гэдэгт найдаж байна. Зарим төрлийн гэмт хэргийн гаралт тодорхой хувиар буурсан үзүүлэлт гарсан. 
-Прокуроруудын ажлын ачааллын талаар дэлгэрэнгүй тоо, мэдээнд тулгуурлаж яриач?
-Энэ онд прокуроруудын ажлын ачааллыг өмнөх оныхтой харьцуулбал 40 орчим хувиар өссөн нь шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой. Шүүхэд олон тооны санал гаргаж шийдвэрлүүлдэг болсонтой холбоотойгоор үндсэндээ техник ажиллагаа их нэмэгдсэн. Зөвхөн нийслэл, дүүргийн хэмжээнд энэ оны долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээс хойших гурван сарын хугацаанд Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 106 мянга гаруй материалыг хянаж, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад учирсан 280 сая гаруй төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсан. Аймгийн тоог оруулбал нэлээд тоо гарах байх. Эндээс үзвэл, шинэ хуулиуд нийгэмд эергээр нөлөөлж байгаа ч нөгөө талаасаа прокурорын байгуулагад маш их ачаалал өгч байгаа. Жишээ нь, нийслэл, дүүргийн хэмжээнд тус хяналтын чиглэлээр 149 зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагын 2852 эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавин, бүртгэл судалгааг хөтлөн ажиллаж байна. Дунджаар нэг прокурор долоон нэгж, байгууллагын 123 эрх бүхий албан тушаалтны шалгаж шийдвэрлэсэн 4256 зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьсан байна. Нэг улирлын хугацаанд шүү дээ. Гэтэл зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд гэхэд манай байгууллагад ердөө дөрөвхөн прокурор ажилладаг. Дүүргүүдийн хувьд хяналтын обьектоосоо хамаарч 2-4 прокурор бий. Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 150 прокурор ажиллаж байгаагаас нэг прокурорт 306 орчим гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, 240 орчим эрүүгийн хэрэг ноогдож байна. Тэр дундаа Нийслэлийн прокурорын газрын нэг прокурор хамгийн багадаа 6-200 хүртэлх хавтастай хэргийг хянаж шийдвэрлэдэг. Нэг хавтаст хэрэг нь 250 хуудастай. Энэ их материалыг уншихын хажуугаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах саналтай ирсэн материалтай танилцаж хянаж байж шийдвэр гаргадаг. Ингээд үзэхээр ачаалал бол үнэхээр их байгаа нь үнэн. 
-Хоёулаа олны анхаарал татсан зарим хэргийн талаар ярилцъя?
-Хэргийн талаар мэдээлэл өгөхгүй. Харин шийдвэрлэсэн зарим хэргийн талаар ярьж болно. 
-2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр 60 тэрбумын гэх бичлэг цацагдаж, шуугиан тарьсан ч прокурорын байгууллагаас энэ хэргийг хаасан. Өнөөдрийг хүртэл ямар үндэслэлээр хаасан юм бэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-2016 оны УИХ-ын ээлжит болон ИТХ-ын сонгуулийн өмнө МАН-ын удирдах шатны хүмүүс төрийн албыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгосон гэх асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд, өмгөөлөгч Г.Баасан, холбогдох хүмүүсээс хууль хяналтын байгууллагад хандсан байдаг.
Үүний дагуу УЕП-ын газ­раас тухайн асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах тогтоол гарч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан юм. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсээс гаргасан албан тушаалтнуудын судалгааг үндэслэн 2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш төрийн өндөр албан тушаалд болон яам, агентлаг, нийслэл, дүүрэг, аймгийн төрийн захиргааны байгууллагад мэргэжилтнээс дээгүүр албан тушаалд дэвшин томилогдсон хүмүүс болон Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Мэдээллийн технологийн төвийн программ хангамжийн IT инженерүүд, МАН-аас СЕХ-нд ирүүлсэн санхүүжилтийн талаарх санхүүгийн тайлан, МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, иргэн А.Ганбаатар, Г.Доржзодов гэхчлэн нийт 1460 гаруй хүнээс тайлбар, мэдүүлэг авахаас гадна иргэн Доржзодовоос ирүүлсэн фото зургийг үндэслэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн.
Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагаар дөрвөн удаа дүгнэлт гаргуулсан. Гэвч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24.1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шинжилгээнд ирүүлсэн нотлох баримт буюу дуу авианы болон дүрс бичлэг нь заавал эх хувь байхыг шаарддаг тул шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан юм. 

Тиймээс Г.Доржзодовоос "Анхны бичлэг хийсэн төхөөрөмж чинь байна уу. Шинжилгээ хийлгэхэд эх хувь хэрэгтэй байна” гэж мөрдөгч шаардсан боловч анх уг бичлэгийг хийсэн гэх "I Pad mini 2”, "I phone 5” утаст бичигдсэн бичлэгүүдийг устгасан. Харин комьпютерт хуулж авсан бичлэгээ DVD, СD нд хуулбарлан авсан гэх 162 минутын аудио бичлэг гаргаж өгсөн байдаг. Үүнийг нь Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэхэд мөн л эх хувь биш гэж дүгнэлт гаргаагүй тул Нийслэлийн ерөнхий прокурорын тогтоолоор Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур тусгай мэдлэг бүхий зарим мэргэжилтнийг оролцуулан дүгнэлт гаргуулсан. Харамсалтай нь, манай улсад энэ төрлийн шинжилгээ хийж болохуйц техник хэрэгсэл, мэргэжилтэн их дутмаг юм билээ. 
-Өөр байгууллагаас хийсэн шинжилгээний хариу адилхан гарсан уу?
-Бас л тодорхой дүгнэлт гаргаж чадаагүй. Гэхдээ дээрх шүүхийн шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг хаагаагүй гэдгийг нийгэм, масс ойлгох хэрэгтэй. Үүний талаар цахим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл явдаг. Хяналтын прокурор бол зөвхөн хуулийн үндэслэл, шаардлагыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Харин ч прокурор шүүхийн шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтийг үл харгалзан хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар 2014 онд "Шинэ Монгол хаад групп” ХХК-ын байранд Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь Монгол Ардын Намын 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, бодлого, стратеги, төлөвлөгөө, санхүүжилт хэрхэн босгох талаарх яриа хэлцэл хийсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн. Харин амьдрал дээр тухайн яриа нь яг бодитоор хэрэгжсэн зүйл байхгүй. Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн хүчирхийллийн замаар нөлөөлсөн, сонгуулийн үр дүнг өөрчилсөн, хар машиныг хакердсан, төрийн албан тушаалыг зарсан, бусдаас хахууль авах байдлаар төрийн эрх мэдлийг авсан байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн будлиан зөрчил үүсээгүй, хууль, журмын дагуу хэвийн явагдсан болох нь баримтаар тогтоогдсон тул прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн. Ер нь дээрх асуудал нь улс төрийн соёл, ёс зүйн хувьд байж болохгүй зүйл. Энэ утгаараа аль нэг улс төрийн хүчин, нам нь сахилга хариуцлагын асуудлаа түүгээрээ шийдэх ёстой. Энэ асуудлаас болж зарим нэг нь ажлаа өгсөн асуудал байгаа байх. Энд нэг хүндрэлтэй асуудал бий. Ганц 60 тэрбумын хэрэг ч гэлтгүй цахим ертөнцөд бусдын нэр хүндэд халдсан бичлэг ихээр цацагдаж байна. Ийм төрлийн гэмт хэргийг шалгая гэхээр Шүүхийн шинжилгээний байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн заалтыг хангаж ирүүл гэдэг. Гэтэл энэ нь хэрэг шалгаж шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал бий болгодог учир Нийслэлийн прокурорын газраас Хууль зүйн сайд болон Шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлагуудад дээрх хууль тогтоомжийг эргэн харах, Шүүхийн шинжилгээний байгууллагыг дэлхий нийтийн жишигт нийцсэн техник тоног төхөөрөмж, өндөр мэдлэг боловсрол бүхий боловсон хүчинтэй болох тэдний чадавхийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн утга бүхий албан бичгийг есдүгээр сард хүргүүлсэн. Чухам одоо ямар бодлого, дэмжлэг үзүүлж ажиллахыг мэдэхгүй байна. Надад энэ талаар хариу ирүүлээгүй.
-УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл аудио бичлэгийг гадаадад шинжлүүлэхэд Ц.Сандуйгийн дуу хоолой мөн гэсэн дүгнэлт гарсан гэж мэдээлсэн. Энэ дүгнэлтийг хэрэгт нотлох баримтаар авч үзсэн юм уу?
-Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн АНУ-ын шүүх шинжилгээний "Легал Аудио Видео” компаниар хийлгүүлсэн гэх баримт нь хуульд нийцэхгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт байсан. Учир нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр шинжээч томилж, тогтоол үйлдэн, тухайн шинжилгээг хийх хүнд нь худал дүгнэлт гаргавал хүлээх хариуцлагыг нь тайлбарласан байх ёстой. Дүгнэлт гаргаж буй шинжээч нь эрх үүргээ ухамсарлаж түүнийгээ хүлээн зөвшөөрч байж тусгай мэдлэгийнхээ хүрээнд мэргэжлийн дүгнэлт гаргаж өгөх учиртай. Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжоор үүнийг шаарддаг юм. 
-Уг нь иргэн Г.Доржзодов өөрт байгаа аудио бичлэгээ эх хувь гэж мэдүүлсэн биз дээ?
-Тэгж хэлсэн. Гэтэл тухайн бичлэгээ анх бичлэг хийсэн төхөөрөмжөөс компютерт хуулж, тэндээсээ бидэнд хуулбарлаж өгсөн. Ингэхээр эх хувь гэж үзэх боломжгүй. 
-ШШҮХ-ээс анх аудио бичлэг дээрх хүний дуу хоолой Ц.Сандуйгийн хоолойтой тохирч байна гэж үзсэн хэрнээ дараа нь яагаад дүгнэлтээ өөрчилж, шинжилгээ хийх боломжгүй гэсэн юм бол?
-Ийм учиртай. Г.Доржзодовын аудио бичлэг дээрх дуу хоолойг таниулах, харьцуулан шинжлүүлэхийн тулд Ц.Сандуйг дуудаж ирүүлээд түүний дуу хоолойг хамт шинжилгээнд өгсөн юм. Ингэж харьцуулж байж л дуу хоолой нь мөн эсэхийг тогтооно шүү дээ. Тэр дуу хоолойг нь тохирч байна гэсэн дүгнэлт нь адилтгалаар хүргүүлсэн бичлэгийг л хэлж байгаа юм. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-Ц.Оюунгэрэл гишүүн АНУ-ын Шүүхийн шинжилгээний байгууллагаар шинжлүүлж болсон юм чинь танайх хуулийн хүрээнд албан хүсэлт явуулаад шинжилгээ хийлгэж болохгүй байсан юм уу?
-Ажлын хэсгийнхэн өдөр шөнөгүй нойр хоолоо хасан байж маш богино хугацаанд нэлээд ажиллагаа хийж гүйцэтгэсэн. Прокурорын байгууллагаас ч шуурхай шалгаж, тогтоох үүрэг чиглэл өгсөн. Одоо энэ аудио бичлэгийг үнэн худал гэх асуудал хамаагүй. Би дээр хэлсэн шүү дээ. Прокурорын байгуулага энэ асуудлыг болоогүй, энэ бичлэг эвлүүлэг, худал зүйл гэж хэлээгүй, дүгнээгүй. Дахин хэлье. Энэ асуудал, яригдсан зүйл нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн. Гагцхүү бодит байдал дээр тухайн асуудал нь бодитоор хэрэгжээгүй, хүчирхийллийн замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан асуудал байхгүй байгаа нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулахгүй байгаа юм. Хэн нэгнийг хэрэгтэй, хэрэггүй юм ярьж, хэлснийх нь төлөө яллаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй биз дээ. Харин гэмт хэргийн шинжтэй зүйл ярьж, хэлсэн бол хуулийн байгууллага шалгах ёстой. Үнэхээр тэр зүйл бодит байдал дээр хэрэгжсэн байвал хэнд ч хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. 
-Хэрэг хааснаас хойш дараагийн шатны прокурорт гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргасан уу?
-Энэ хэргийн хувьд хамгийн гол асуудал энэ. Хяналтын прокурор хараат бусаар хуулийн хүрээнд өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэргийн оролцогч нар эс зөвшөөрвөл дээд шат буюу Нийслэлийн ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй. Гэхдээ өнөөдрийг хүртэл уг шийдвэрийн талаар манайд гомдол ирээгүй.
-АТГ-аас бүх яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны удирдах байгууллагыг шалгаж байгаа. Шалгалтаар илэрсэн зөрчлийг сар бүрийн 25-нд олон нийтэд мэдээлж, зарим зөрчлийг прокурорт шилжүүлсэн гэсэн. Танайд шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
-Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа хэрэг материалын хувьд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон Н.Мөнхбат нарт холбогдох хэргийн талаар ч гэсэн үү?
-Ямар ч боломжгүй. Хувь хүн, хуулийн этгээдийн нэр төр, хувийн эрх ашигтай холбогдолтой мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг ойлгоорой. 
-Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэх Баярцогтод цагдаагийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авсан ч үүнийг нь прокуророос хуульд нийцээгүй гэж үзсэн. Ямар шалтгаанаар ингэж үзэх болов?
-Цагдаагийн албан хаагчийн зүгээс тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн биелүүлээгүй гэх бичлэг сошиалд тавигдсаны дагуу цагдаагийн байгууллага шалгаад Захиргааны зөрчил гаргасан байна гэж үзэж 250 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Тухайн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг прокурорын байгууллагаас хянаж үзээд бодит байдалтай нийцээгүй байна гэж үзсэн. Учир нь, Баярцогт машин барьж яваагүй, машин жолоодож явсан хүн нь өөр хүн байсан. Цагдаа хуулийн дагуу зогсоож, зохих шаардлага тавихад жолооч үүргээ биелүүлж бичиг баримтаа шалгуулсан. Энэ үед зорчигч буюу гуравдагч этгээд болох иргэн Баярцогт "Чи зогсоодог хэн бэ” гэхчлэн салаавч гаргаж цагдаагийн алба хаагчтай зүй бусаар харьцсан байдаг. Иргэн Баярцогтын энэ үйлдэл нь "Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлсэн” гэх хуулийн үндэслэл огт биш. Гудамж талбайд танхайрсан шинжтэй үйлдэл байсан. Тиймээс 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноосон нь хөнгөдсөн байна гэж үзээд прокуророос танхайрсан асуудлаар нь зүйлчилж, шүүхэд 30 хоног баривчлуулах саналыг прокуророос оруулсан. Хэн нэгний үйлдсэн нэг хэрэг, зөрчил дээр  хоёр төрлийн арга хэмжээ авч болохгүй биз дээ. Торгох арга хэмжээ авсан байхад нь дахиад баривчилж болохгүй. Тиймээс өмнө нь авсан арга хэмжээг нь шүүхээр хүчингүй болгуулсан. Одоо уг асуудалд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Холбогдох ажиллагаа хийгдэж дуусахаар нь шүүхэд шилжүүлж тухайн зөрчилд нь тохирсон шийтгэлийг хүлээлгэнэ. Энд нэг зүйлийг хэлэхэд, сошиалд тархсан баталгаагүй мэдээлэл болон ам дамжсан яриагаар иргэд бусдыг үнэлж, цэгнэхээ больмоор байна. Энэ нь хэрэг, материал шалгаж, хянаж шийдвэрлэж байгаа байгууллагын нэр хүнд, ажилтан болоод хэргийн оролцогч болох хохирогч, сэжигтэн хэнд ч болов маш хэцүү байдал бий болгодог гэдгийг л анхааруулмаар байна. 

Ярилцсан: Үндэсний шуудан сонины сэтгүүлч Г.Нацаг-Эрдэнэ

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА