Т.СҮХБААТАР: Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГАТАЙ ХАМГИЙН СҮҮЛД УУЛЗАЖ, ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙСАН

3 272 2017/08/16

Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 87 жил, "Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан "Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар ахмад прокурор Т.Сүхбаатартай ярилцсан ярилцлагыг www.prokuror.mn сайт бүрэн эхээр нь хүргэж байна. Т.Сүхбаатар прокурор монголын  прокурорын байгууллагад тасралтгүй 36 жил  ажиллахдаа  Прокурорын тухай хуулийг батлалцахаас эхлээд Монголын онц ноцтой, дуулиан шуугиантай олон хэрэг дээр ажиллаж байсан нэгэн юм.

-Прокурорын байгууллагын 87 жилийн ой энэ онд тохиож байгаа. Прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн дурсамжаас тань ярилцлагаа эхлэх үү?

-Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн. Миний аав Тогоонтөмөр гэж хүн байсан. Насаараа прокурорын байгууллагад ажилласан. Би ч аавынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлж прокурор болсон хүн. Гурван үеэрээ прокурорын байгууллагад ажиллаж байна. Миний хүү мөн л аавынхаа мэргэжлийг өвлөж авсан. Би ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангид 1973-1979 онд  суралцаж төгссөн.  Тухайн үед таван залууг сонгон авсны нэг нь би юм. Сургуулиа төгсөж ирээд Улсын ерөнхий прокурорын газрын  шүүхийн хяналтын хэлтэст ажилласнаар ажлынхаа гарааг эхэлсэн. Тэнд хоёр жил ажиллаад Сүхбаатар аймгийн прокурорын орлогчоор томилогдож байлаа. Тэр үед манай гэр бүлийн хүн тухайн үеийн  ЗХУ-аас  сургуулиа төгсөөд ирсэн. Гэтэл "Танай гэр бүлийн хүн Увс аймгийнх юм байна. Чи Увс аймагт очиж ажилла” гэдэг юм байна. Ингээд аймгийн прокурорын газрын туслахаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад сүүлдээ орлогч дарга болсон. 1985 онд аймгийн прокурорын даргаар томилогдож, Увс аймагт нийтдээ арван жил ажилласандаа. Мөн Нийслэлийн прокурор, Хан-Уул дүүргийн прокурор, УЕПГ-ын Онцгой хэргийн мөрдөн байцаах тасгийн дарга, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих хэлтсийн дарга, Шүүхэд төрийн төлөөлөх газрын дарга, Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл,  олон нийттэй харилцах албаны дарга  гээд л нэр хүндтэй, сайхан албуудад 36 жил ажиллаж дээ, ах нь.

-Увс аймагт ажиллаж байх үед чинь хил дамнасан малын хулгай их гардаг байв уу?

- Увс, Завхан аймгийн хувьд Туватай хил залгаа. Малын хулгайн гэмт хэрэг маш их гарна. Нутгийн иргэд малаа алдчихна. Гэмт хэрэгтнүүд хил даван орж ирээд нутгийн иргэдийн малыг туугаад явчихдаг байсан. Үүнийг таслан зогсоох, иргэдийн малыг эргүүлэн авчирч өгөхөөр бид бүх чадлаараа чармайдаг байсан. 1989 онд ОХУ манай улсын хооронд эрүүгийн болон иргэний хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй байлаа. Тэр гэрээний дагуу Монголын талаас малаа алдсан тохиолдолд Оросын нутаг руу 30 километр явж эрэл хайгуул хийх, мөр хөөх эрхтэй байсан. Бид Бүгд найрамдах Тува улсын шүүх, прокурор, улсын аюулгүй байдлын газартай ярилцан тохиролцсоны дүнд 50 километрт эрлийн групп явдаг болсон. Тухайн үед хийж чадсан чухал ажлуудын нэг нь энэ. Тува улсын хуулийн байгууллагад манай ангийнхан болон найз нөхдүүд байсан нь энэ ажлыг хийхэд нэлээд түлхэц болсон шүү. Мөн тухайн үед гарч байсан хил дамнасан малын хулгайн хэрэг болгоныг илрүүлж чадаж байсан даа.

-Та улсын дээд шүүхээс цаазаар авах ял оноосон хэргийг дахин мөрдөн шалгаад хэрэгсэхгүй болгож байсан гэдэг. Тодруулж хэлэх юм бол сэтгүүлч, зохиолч Ж.Барамсайн бичиж байсан "Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш байгаа” гэсэн эрэн сурвалжлах нийтлэл бичиж байсан хэргийг шалгасан байдаг байх аа?

-Ээдрээ маргаантай олон хэрэг дээр ажиллаж байсан. Түүний нэг нь таны асуугаад байгаа хэрэг. 1990 онд Увс аймагт ажиллаж байх үед Улсын ерөнхий прокурор Г.Бахдал "Чамайг Улсын  ерөнхий прокурорын газрын Чухал  хэргийг мөрдөх тасгийн даргаар тавих тушаал гарсан. Долоо хоногийн дотор ирж ажлаа ав” гэдэг юм байна. Ингээд шинэ ажилдаа томилогдож ирлээ. Тэгсэн Эрдэнэт хотод Дугархорлоо гэх хүн бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан. Тэр хүний амь насыг зургаан хүн бүрэлгэсэн гээд дөрвөн хүнд нь цаазаар авах ял оноочихсон байлаа. Хэрэг нь Улсын дээд шүүхээр хоёр удаа ороод хэрэг нь таслагдчихсан байв. Дуулиан шуугиантай энэ хэргийн талаар зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай сурвалжилж "Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш байгаа” гэсэн нийтлэл "Үнэн” сонин дээр бичсэн. Үүний дагуу манай тасаг хэргийг дахин шалгаж эхэлсэн юм. Хэрэгт хууль хяналтынхан оролцоотой байсан учир Улсын  ерөнхий прокурорын газрын Чухал  хэргийг мөрдөх  тасаг шалгасан юм. Хэргийг шалгахад маш хүнд байсан. 25 мянган хуудас 120 гаруй хавтаст хэргийг шалгаж дууссан даа. Манай тасагт Монголын шилдэг мөрдөн байцаагч Догсом, Дэрэм гээд мундаг сайн мөрдөн байцаагчид байлаа.  Бид Архангай, Булган, Орхон аймагт олон хоног ажилласан. 25 мянган хуудас хэргийг гурван сар гаруй хугацаанд уншиж, түүвэр судалгаа хийж, тэмдэглэж авсан. Тэр үед гараараа л тэмдэглэл бичдэг байлаа шүү дээ. Ингээд хэргийг мөрдөн шалгаж дуусаад  Улсын дээд шүүхэд хэргийн  талаар дүгнэлт бичиж өгсөн. Бид хэрэгт авагдсан мөчид баримтаар гэм зэмгүй хүмүүсийг шийтгэсэн байгааг мөрдөн байцаалтаар тогтоосон. 12 өдөр шүүх хурал болж байсан. Улсын ерөнхий прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Отгонбаяр гэх эмэгтэй байсан. Түүний гэмт үйлдлийг мөрдөн шалгаж шийтгэсэн. Хилс хэрэгт шийтгэгдэж цаазаар авахуулах болчихсон хэргийн үнэн зөвийг манай хамт олон олж тогтоосон доо. Хуулийн байгууллага энэ хэрэгт ямар алдаа гаргасан байдаг вэ гэхээр Мягмар гэх хүн худал мэдээлэл өгсөн байдаг. Нуугдмал хэргийг илрүүлнэ гээд хорих ангиудад судалгаа хийж явахдаа Эрүүгийн цагдаагийнхан Мягмарын хэлсэн үгэнд хэт их итгэж, ийм алдаа гаргасан байдаг. Үнэхээр нийгэм даяар дуулиан шуугиан болсон хэрэг байлаа.

-Тойрон хүрээлэгч нарын хэргийг та шалгаж байсан. Монголын төрийг 44 жил удирдаж байсан Ю.Цэдэнбал дарга холбогдсон хэргийг ч мөн шалгасан байдаг. Улс төрийн товчооны гишүүдийг бүгдийг нь шалгасан гэдэг шүү дээ? 

-Тойрон хүрээлэгчдийн хэрэг гэж үнэхээр дуулиан шуугиан болсон зүйл 1990 онд ид мандаж байлаа. Тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчооны гишүүдтэй холбоотой хэрэг юм. Улс төрийн товчооныхон тусгай хангамж хэрэглэж байна гээд Сангийн яам шалгалт хийсэн. Шалгалт хийсэн дүгнэлттэй холбоотойгоор Намын төв хороо, Улс төрийн товчооны бүх хүнийг шалгасан юм. Бүр Ю.Цэдэнбал дарга болон түүний гэргий Филатоваг шалгасан. Монголд ардчилсан хувьсгал ид мандчихсан цаг үе. Улс төрийн товчооны дарга гишүүдийг  ажлаас нь буулгаж, шоронд хий гэж олон хүмүүс шахаж шаардсан.  Намайг шинээр ажилд томилогдоод ирэх үед тойрон хүрээлэгчдийн хэрэгт Ю.Цэдэнбал түүний гэргий нарт хэрэг үүсгэчихсэн байсан. Хэргийг хурдан шийдвэрлэхийг  шаардсан утга бүхий нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарах болсон. Тухайн үед улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Г.Бахдал Ерөнхийлөгч П.Очирбаттай уулзаж "Тойрон хүрээлэгчдийн  хэргийн учрыг олмоор байна” гэж хүсэлт өгсөн байдаг. Ард түмэн Монголын хамаг хөрөнгийг Орос руу аваад явчихсан юм шиг ойлголттой байсан юм. Хэргийг шалгаж байгаа бид  хэргийг хэрхэн шалгах талаар олон удаа хуралдаж ярилцсан. Ингээд Ю.Цэдэнбал дарга ОХУ-д  хүнд өвчний улмаас гэрийн хорионд байдаг юм байна. Тэгэхээр ажлын хэсэг гаргаж Москва явья. Эрүүл мэндийн хувьд хэрэгт шалгах боломжтой эсэхийг нэг мөр болгоё гэсэн шийдвэр гаргасан. Ингээд Улсын бага хуралд танилцуулга бичээд Орос руу явж эрүүл мэндийн хувьд ямар байгааг  тогтоох  дүгнэлт гаргуулахаар болсон доо.  Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачёвт "Манай хүмүүс Ю.Цэдэнбал нарт холбогдох  хэргийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийг Ю.Цэдэнбалтай уулзуулж өгнө үү”  гэх утгатай албан  бичиг явуулсан. Албан бичгийн хариу удахгүй ирж, биднийг очиж уулзахыг зөвшөөрсөн. Бид Ю.Цэдэнбал даргын биеийн байдлыг ямар байгаа. Хэрэг хүлээх чадвартай юу гэдгийг эхний ээлжинд тогтоох ёстой байлаа. ОХУруу явж Ю.Цэдэнбал дарга дээр очиж хэргийн талаар асууж тодруулж болохгүй. Өөрөөр хэлбэл, олон улсын хууль тогтоомжоор болохгүй асуудал.  Өөр орны нутаг дэвсгэрт очиж  мөрдөн байцаалт явуулж болохгүй. Ингээд Монголын урдаа барьдаг нэртэй, шилдэг эмч нарыг дагуулаад нууцаар шахуу ОХУ-ын Москва хотыг зорьсон.  Эмч нарын багтАнагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Өлзийхутаг, Мэдрэлийн шилдэг эмч Г.Доржжамдамба, Хүний гавьяат эмч Г.Цагаанхүү нарын таван хүн явсан. Бид Москва хотод очоод ажил маш хурдан шуурхай  бүтнэ гэж ойлгож байсан. Яагаад гэхээр ОХУ-ын Ерөнхий прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст миний сайн таньдаг хүн байсан юм. Тэр хүний туслалцааг авна гэж тооцоолчихсон. МөнОХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачёвын уулзахыг зөвшөөрсөн бичиг байгаа гээд ярилцаж байлаа. Гэвч зорьсон ажил бүтэхгүй, Ю.Цэдэнбал даргатай уулзаж чадахгүй долоо хоносон. Уулзуулах үгүй нь тодорхойгүй байгаад байсан. Тухайн үед Монгол Улсаас ОХУ-д суугаа бүрэн эрхэт элчин сайд Н.Мишигдорж гуайг  Ю.Цэдэнбал даргатай  уулзуулж өгөх ажлыг шуурхайлж өг гэж шахаж байсан. Уулзаж чадахгүй хүлээх хугацаандаа өдөр бүр эмч нартянз бүрийн сорилго даалгавар өгнө. Энэ мэтээр долоо хонож байтал гэнэтхэн биднийг Ю.Цэдэнбал даргатай уулзахыг зөвшөөрлөө гэж мэдэгдсэн. Москва хотын төв гудамж "Горький 36” байшингийн хоёр давхарт  байгаа гэж хэлсэн. Эмч нараа дагуулаад очсон.  Биднийг яваад ороход Ю.Цэдэнбал даргын бие нь их тааруу, ядарчихсан байсан. Хүнтэй юм ярихад хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч нутаг орныхоо талаар асуугаад л байсан даа. Эмч нар уулзаж, даралт гэх мэт зүйлсийг үзсэн. Ингээд эмч нар эрүүл мэндийн хувьд ял шийтгэл хүлээх  боломжгүй гэсэн  дүгнэлт гаргасан. Хэргийг шалгаж байгаа прокурорын хувьд Ю.Цэдэнбалд хэрэг хүлээлгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож байлаа.  Манай багийнхан уулзахаас өмнө хоёр ч удаа Монголоос хүмүүс ирж уулзсан байдаг. Бид Ю.Цэдэнбал даргатай хамгийн сүүлд уулзсан нь тэр юм билээ. Биднийг уулзаад удалгүй бурхан болсон доо, хөөрхий.

-Ю.Цэдэнбал даргатай уулзаад гарч явахдаа та юу гэж бодож байсан бэ?

- Мэдээж би ажлаа хийж яваа төрийн хүн. Гэвч хувь хүнийхээ хувьд үнэхээр хэцүү байсан. Монголын төрийг 44 жил удирдсан хүн иймэрхүү байдалтай амьдарч байх гэж гэж бодогдоод, хоолой дээр хатуу зүйл тээглээд байгаа юм шиг болж, сэтгэл зүрх өмөрч байсан даа. Улсын дээд шүүхээс улс төрийн товчооныхон холбогдсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж байсан. Тойрон хүрээлэгчдийн хэргээс гадна Худалдааны ажилчдын хэрэг бас л дуулиантай хэрэг байлаа. Дорнод аймгийн худалдааны 32 ажилтанд холбогдох хэрэг байв. Таван жил хэргийг мөрдөн шалгаад дуусгаж чадаагүй хэргийг манай тасгийнхан шалгасан. Хуурамч падаан бичээд мөнгө төгрөгөө өгч авалцдаг сая гаруй төгрөгийн хохиролтой хэрэг юм. Тэр үеийн сая төгрөгний хохирол маш их мөнгөний асуудал байлаа. Хэрэгт холбогдсон эмэгтэй хүмүүс хэргийг шалгах явцад хоёр удаа хүүхэд төрүүлчихсэн байлаа. Манай хоёр мөрдөн байцаагч гурван сар орчим шалгасан. Би очиж ялын төлөвлөгөөг нь хийсэн юм.  Мөн ОХУ-аас хил зөрчиж ирсэн хэрэгтнүүд  дөрвөн хилчинг онц хэрцгийгээр хөнөөж, их биеийг нь дундуур нь хуваасан хэргийг мөн л шалгах ажлын хэсэгт багтаж байсан. Спиртний хэргүүдийг ч шалгаж явсан юм. Чингэлэг дүүрэн спирт хил даваад ирэхдээ ус болж солигдож байсан тохиолдол манайд бий шүү дээ.

-Таныг Прокурорын хууль батлах ажилд гар бие оролцож явсан гэдэг?

-1992 онд үндсэн хууль батлагдсан. Энэ хууль батлагдсаны дараа прокурын байгууллагын хууль байх ёстой юм байна гэж үзсэн. Ёстой л цагаан цаас ширээн дээр тавиад шинэ хуулийн судалгааны ажлыг хийсэн. Бид дэлхийн хэдэн оронд прокурорын байгууллага байдаг. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ гээд л судалж гарсан. Орос хэлтэй нь орос хэл дээр, англи хэлтэй нь англи дээр гээд л маш олон орны прокурорын байгууллагын хуулийг судалсан. Бүр гавьяат хуульч Б.Чимид гуайгаас асууж зөвлөгөө авч байлаа. Ингээд улсын бага хуралд прокурорын байгууллагын тухай хуулийг 1993 онд танилцуулж батлуулсан. 1930 онд улсын зургаадугаархурал хуралдсан байдаг. Тэр хурлаар прокурорыг шүүхийн харьяанаас гаргах шийдвэр гаргасан юм билээ. Улсын бага хурлын тэргүүлэгчдын   25 дугаар  бага хурлын тэргүүлэгчдын  наймдугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тусдаа бие даасан нэгж болгосон. Ингээд аймгуудад прокурор байгуулж эхэлсэн  түүхтэй.

-Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст ажиллаж байхдаа хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг тавуулаа хийсэн гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

 -Прокурорын байгууллага хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг  мөрдөн байцаах ажлын шугамаар хийж байсан. Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст дөрвөн прокурор ажиллаж байлаа. Манай хэлтэс 1937 онд хилсээр шийтгэгдсэн хүмүүсийн хэрэгт прокурор шинэ нөхцөл байдлаар дахин шалгаад дээд шүүхэд дүгнэлт бичиж өгдөг. Түүнийг нь дээд шүүх хянаад цагаатгах ажлыг хийдэг байсан. Энэ их хариуцлагатай ажлыг ахмад прокурор Гомбодорж, Шийрэвдорж, Цэдэн-Иш, Бадарч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн. Бид 2000-2005 оны хугацаанд 28 мянган хүнийг цагаатгах ажлыг хийсэн. Улс төрийн хэлмэгдэлтэд 40 гаруй мянган хүн хэлмэгдсэн гэдэг. Одоо ч хэлмэгдсэн хүмүүсийг  цагаатгах ажлыг зохион байгуулж байгаа. Тагнуулын ерөнхий газрын архивт байгаа  уучин монгол бичгээр бичсэн хэргийг криллд буулгаж бичнэ. Ингээд хэргийн нөхцөл байдалтай танилцаж дүгнэлт бичих гээд маш тэвчээр, цаг хугацаа шаардсан ажил байсан шүү. 36 жилийн хугацаанд прокурорын байгууллагад  ажиллахдаа найман хүний дор ажилласан байдаг юм. Тэр дундаа мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр олон жил ажиллаж байлаа. Би Улсын ерөнхий прокурорын туслахаар 12 жил ажилласан. Улсын мөрдөн байцаах газрын зургаан даргатай хамтран ажиллаж байлаа. Прокурорт их шударга ажил мэргэжлийн ур чадвартай, хохирогчийн талд ажиллаж эрхийг хамгаалдаг зарчимч хүн ажиллах ёстой гэж бодож явдаг даа.  Мөн Монголын прокурорын байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй явуулах шаардлагатай. Сүүлийн үед нээлттэй болж байгааг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна.


СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА