ФРАНЦ УЛСЫН МАГИСТРАТУРЫН ҮНДЭСНИЙ СУРГУУЛЬД СУРАЛЦАХААР МОРДСОН МИНЬ....

1 428 2016/04/26

Франц Улсын Магистратурын үндэсний сургуульд дөрвөн сар суралцах томилолт өвөртлөн 2015 оны 08 дугаар сарын 23 ны өглөө эртлэн Олон улсын нисэх онгоцны "Чингис хаан” буудал руу хөдөллөө. Өмнө нь хэдэнтээ нисч, бууж мордож байсан зүрх сэтгэлд минь дотно үлдсэн нисэх буудал, уг буудлаас нисэхээр зогсож байхад урд нь Франц Улс руу нисч байснаас тэс өөр мэдрэмж төрж, Шүүх эрх мэдлийн байгууллагын дэргэдэх дэлхийд нэр хүндтэй энэхүү сургуульд богино хугацаанд ч гэсэн суралцана гэж бодохоос баярласан, яарсан, хариуцлагаа ухамсарласан ер бусын сэтгэгдэл төрж, догдолж байлаа.

Өглөө 7.00 цагт хөөрч 6 цаг гаруй нисээд Москва хотын Шерметовын Олон улсын онгоцны буудалд бууж, 3 цаг орчим хүлээсний дараа дахин нисч 11 цагийн үед / хоёр тивийн цагийн зөрүү гараад / Франц Улсын нийслэл Парис хотын Шарль де Голлийн нэрэмжит Олон улсын нисэх онгоцны буудалд газардахад нэг л танил дотно байв.

Би хөтөлбөр ёсоор 2015 оны 08 дугаар сарын 24- ний өдөр Франц Улсын Бордо /Bordeaux/ хотод байрлах Магистратурын үндэсний сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд 09 цагт оролцох ёстой болохоор Парис хотоосАйр Франц авиа компанийн онгоцоор дамжин нисч, орой 18.30 цагийн орчим Бордо хотод буув.

Магистратурын үндэсний сургууль нь 2 салбар сургуультай бөгөөд анхан шатны сургалтын сургууль нь Франц Улсын нийслэл Парис хотоос баруун урд 617 км зайд байрлах Бордо хотод, үргэлжилсэн шатны сургалтын сургууль нь Парис хотод тус тус байрладаг.

Бордо хот нь нэгэн цагт Норманд угсааны Английн хааны эзэмшилд байснаараа Английн түүхтэй холбоотой эртний түүхэн хот юм.

Энэ хот нь дэлхийд дарс үйлдвэрлэлтээр алдартай тул түүний илэрхийлэл болох аварга том дарсны шил уг хотын нисэх онгоцны буудал дотор хөшөө адил сүндэрлэн боссон нь зорчигчид, аялагчдын сонирхолыг татах бөгөөд энд ирсэн хүн бүр уг аварга дарсны шилийг хараад тэдний гайхамшигт дарсны ундаанаас амсах хүсэл төрдөг байхдаа гэсэн бодол эрхгүй төрж билээ.

Урт аялал маань амжилттай дуусч, ачаагаа аван нисэх онгоцны буудлаас гарахад Магистратурын үндэсний сургууль гэсэн бичиг барьсан залууг хараад намайг тосч буйг төвөггүй ойлголоо.

Тэр залуу руу дөхөөд очтол надтай шууд л Франц хэлээр "Аян замдаа сайн явж ирэв үү, Та Монголоос ирэв үү, Франц Улсад тавтай морил” гээд мэндэлж байна. Түүнд гадаад улсаас ирж байгаа хүн Франц хэлээр ярьдаг эсэх нь огтоос хамааралгүй мэт шууд л Францаараа дуржигнатал ярьж гарлаа.

Ер нь Францчууд төрөлх франц хэлээсээ өөр хэлээр ярих дургүй байдаг нь тэдний үндсэрхэг үзэлтэйд бус Францчуудын дэлхийн урлаг, соёл, боловсрол, шинжлэх ухаанд ялангуяа уран зураг, уран баримал, утга зохиол, философи, улс төр, эрх зүйн талаархи түүхэнд үлдээсэн бүхий л гайхамшигт бүтээлүүдийг чухамхүү франц хэл л хамгаалж, өнгө нэмэн чимж, үнэ цэнийг нэмэгдүүлж байдагтай нь холбоотой аж.

Францын хуульч, их сэтгэгч Бордо хотын Парламент гэх давж заалдах шатны шүүхийн гишүүн Ш.Л Монтесьегийн "Персийн захидал”, ”Хуулийн амин сүнс”, Вольтерийн "Философийн захидал”, Дидерогийн "Философийн сэтгэлгээ”, Жан Жак Руссогийн "Нийгмийн гэрээ” гээд хуульч бидний мэдэх эдгээр төр эрх зүйн үнэт бүтээл үүнийг нотолно.

Франц хэлээрээ ярихыг эрхэмлэж буй нь тэдний үндэсний онцлог, дархлаагаа гайхамшигтай хадгалж буйн шинж, өнгөрсөн түүхээрээ бахархаж буйн илрэл юм.

Мэдээж Англи Улстай үеийн үед мөнхийн өрсөлдөгч байсан болохоор Англи хэлээр ярих хүсэл нь бага байдаг юм шиг санагддаг.

"Англи хүн Франц хүн хоёр уралдаж, гэтэл Англи нь дохио өгөөгүй байхад барианаасаа түрүүлж гараад түрүүлсэн” тухай онигоо байдаг.

Дэлхийн аж үйлдвэрийн хувьсгал, дэлхийн колончилолд Англи Улс нь Франц Улсаас түрүүлж ороод, түрүүлж амжилт үзүүлснээс энэ онигоо гарсан байх магадлалтай.

Дэлхийн түүхийн тавцанд Англи, Франц хоёр өрсөлдөж, ялж ялагдаж явж ирсэн нь түүхэн үнэн билээ. Энэ хоёр улсын өрсөлдөөний дундаас дэлхийн тэргүүлэх гүрэн, хүчирхэг АНУ төрөн гарсан юм.

Одоогийн Францын нутагт миний мэдэж буйгаар хагас мянган жил амьдарч ирсэн Норманд нь эртний Галли нарын адил Франц үндэстэний хэв шинжийг хадгалсан угсаатан байсан бөгөөд тэдний нэг хэсэг нь 1066 онд Вельгилмын удирдлаган доор Англи руу довтолж, Английн хаан ширээг булаан авсан юм. Энэ үйл явдал түүхнээ "Нормандын байлдан дагуулал”,"Байлдан дагуулагч Вельгилм ” гэж нэрлэгдэн үлдсэн юм.

Вельгилм 1066-1087 он хүртэл Английн хаан ширээнд сууж, дараа нь түүний хүү Вельгилм Руфус, тэдний удам Хенри I , Хенри II нар дараалан хаанчилж, Хенри II ханы үед тэр эх газар дахь Нормандын садан төрлөөсөө Норманд, Майн, Анжу зэрэг одоогийн баруун умард Францын нутгийг өв залгамжлан авч, ХенриII хан нь Акиютэний гүнж Эланортой сүй тавин гэрлэж, ураг төрөл барилдан эх газрын Акиютэн, Гаскон зэрэг Франц дахь нутгийг давхар эзэмшин захирах болжээ.

Франц хан Филипп Августус эх газар дахь Английн эдгээр эзэмшил газар нутгуудыг булаан авснаар түүхэн дэхь Англи, Франц хоёрын зөрчил үүсч, Зуун жилийн дайн эхэлж, /1337-1453/ энэ дайн 116 жил үргэлжилж, Английн ялагдал, Францын ялалтаар дайн дуусч, энэ хоёр улс мөнхийн өрсөлдөгч болон үлдэж, Англи нь ийн эх газрын нутгаас эгнэгт салжээ.

Энэ л Нормандын хаанчлалын жилүүдэд Галль-Роман буюу Ром болон Франц гарвалт суурин, герман-сакс гарвалт нүүдэлчин хоёр соёл иргэншил нэгдэн уусч өдгөөгийн Англи соёлын хэлбэрийг бий болгосон байна. Англи хэлэнд Франц үг их байдаг нь үүнээс улбаатай юм.

Харин Франц Улсад Галль-Роман гарвалт суурин соёл иргэншил болон герман овог угсааны нэг Франкийн нүүдэлчин соёл иргэншилээс Франц соёлын хэлбэр үүсэн бий болжээ.

Энэ дайны өмнө Нормандын хаанчлалын үеийн Англи ихэс дээдэс эртний Франц хэлээр ярьж, Парис хот дахь дэлхийн хамгийн ууган их сургуулиудын нэг Сорбоны их сургуульд ирж суралцдаг байж.

Зуун жилийн дайны улмаас тэд Францад ирж суралцахаа больж, Англи, Франц хоёр муудалцан салж, дэлхийн соёл иргэншлийн хоёр төв болсон бөгөөд энэ хоёр улсад соёл, боловсрол, шинжлэх ухаан, урлаг, улс төр, эрх зүйн тогтолцооны ялгаа гарч, эдгээрийн нэршил, ухагдахуун, нэр томьёо, үзэл баримтлалын зөрөө гарч, өөр өөрсдийн хэв маяг, тогтолцоог бий болгожээ.

Энэ зөрчил, зөрөөнөөс Францаас гаралтай Ром-Германы буюу Эх газрын эрх зүйн тогтолцоо, Англиас гаралтай Англи-Саксоны буюу Далайн эрх зүйн тогтолцоо үүсэн бий болж, дэлхийн орчин үеийн эрх зүйн үндсэн тогтолцооны үндэс сууриудийг тавьжээ.

Аль аль тогтолцоонд Герман, Герман гаралт Саксон гэж нэршил байгаа нь Эртний Ромчууд "Варвар” гэж нэрлэдэг байсан нүүдэлчин зэрлэг герман гарлын овог угсаатны зан заншилын хэм хэмжээ нь Англи, Франц хоёрын соёлт суурин иргэншлийн эрх зүйн хэм хэмжээнд түрэн орж ирснээс үүдэн ингэж нэрлэсэн хэрэг.

Нэрт нийтэлч Баабар "Анх Францад тогтоосон Си систем буюу Олон улсын нэгжийн системийг англи-саксончууд аваагүй. Иймдээ бид фут, паунд, фаранхайтын хэм, унци, бушель, галоныг өөрийн метрийн системд хөрвүүлж ойлгох гэж үйлээ эдэлдэг. Гэхдээ англи-саксончууд шинжлэх ухааны салбарт мм, литр, кг, цельсын хэм гэх мэтээр Олон улсын нэгжийн системийг хэрэглэдэг л дээ” гэж нэгэн нийтлэлдээ дурджээ.

Мөн тэрээр "Орчин үеийн ертөнц нэгдсэн жишиг рүү орж буй юм. Харин англи-саксон болон эх газрын тогтолцоо зэрэгцэн оршсоор байна. Германчууд Францаас, Оросууд Германаас , Монголчууд Оросоос дамжуулан хэрэглэсээр ерөнхийдөө Монголд эх газрын тогтолцоо бүх салбарт өөриймсөн юм” гэж тэмдэглэжээ.

Франц хэлнээс улбаалан үндсэн сэдвээс хазайсандаа хүлцэл өчье.

Тосч авсан залуу хот руу явах зам зуур төрөлх хотоо танилцуулж, хотын төвд зочид буудалд буулгаад сургуулийн хаягийг зааж, хотын газрын зураг орхиод явлаа.

Би урьд нь Бордо хотод ирж байгаагүй, хотыг сайн мэдэхгүй тул хэсэг амсхийсний дараа сургуулиа олох далимаар оройн хоол идэхээр гарлаа.

Хотын газрын зургийн тусламжаар сургуулиа төвөггүй оллоо, буудлаас холгүй 15 минут алхаад очих боломжтой ойрхон буулгажээ.

Сургуулийн баруун талд нь чанх харалдаа Бордо хотын Анхан шатны Шүүх, түүний дэргэдэх Прокурорын газар баруун хойд талд зам хөндлөн гараад Бордо хотын захиргаа, зүүн хойд талд нь Эртний Франц хэв маяг бүхий готик загварын Католик шашны эртний маш том сүм, зүүн талд ресторан байна.

Ресторанд орж хооллоод гартал нар нилээн хэвийж, нарны гэрлийн туяанд сүмийн орой гэрэлтэн, солонгорон туяарч, үлгэрийн оронд байгаа адил гайхамшигтай мэдрэмж төрнө. Энэ өдөр амралтын бүтэн сайн өдөр байсан болохоор хөл хөдөлгөөн багатай, тайван, цаг агаар тогтуун нарлаг бөгөөд агаар нь чийглэг ер бусын сайхан орой байлаа.

Алхаад буудалдаа очиж, өрөөндөө ороод маргаашийн хувцсаа бэлдээд хэвттэл холын аян замд ядарсандаа нам унтжээ. Өглөө босоод цонхоор харвал нар аль хэдийн мандаж, Франц дахь 4 сар суралцах эхний өдөр эхэллээ.

8 дугаар сарын 24 ний өглөө 08.30 цагийн үед Магистратурын үндэсний сургуулийн төв байранд очиход сургуулийн орлогч захирал, хатагтай Эмманүэлль Перруй / Emmanuelle Perreux / намайг угтан авч, Ерөнхий захирал Игзави Ронсин /Xavier Ronsin/ -ийн өрөөнд оруулав.

Ерөнхий захирал Игзави Ронсинтой Монгол Улсын Ерөнхий Прокурорын урилгаар 2015 оны 06 –р сард Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт албан ёсны айлчлал хийх үеэр түүнтэй танилцсан юм.

Захирал, холын зочин намайг өрөөндөө хүлээн авч, сургуульдаа тавтай морилон суралцахыг хүсэн ерөөж, хэдэн хором ярилцаад, Анхан шатны сургалтын хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг урилаа.

09 цагт сургуулийн том дугуй зааланд шүүгч, прокуророор 31 сарын хугацаанд бэлтгэгдэхээр шинээр элсэн орж буй 263 хуулийн сонсогч нар болон сургуулийн удирдлага, бүх багш нар суудлаа эзэлсэн байв. Намайг тэргүүний эгнээнд урьж суулгав.

Ерөнхий захирал Игзави Ронсин индэрт гарч албан ёсны нээлтийн ажиллагааны үг, шинээр сурч буй сонсогч нарт зориулсан илтгэлээ ёслол төгөлдөр байдлаар яруу тансаг Франц хэлээр тавьлаа. Франц хэлний аялгуу үнэн сонсголонтой яруу сонсогдохын зэрэгцээ, түүний илтгэлээ тавьж буй эрхэмсэг байдал нь Эртний Грек, Ромын уран илтгэгч нар ийм л байсан байхдаа гэх бодлыг төрүүлнэ.

Тэрээр, илтгэлийнхээ төгсгөлд гадаадын 3 прокурор сургуульдаа суралцахаар ирснийг албан ёсоор зарлаад анхны Монгол прокурор ирж суралцаж буйг цохон тэмдэглэж, намайг тусгайлан танилцууллаа. Нөгөө гадаадын хоёр коллеги Гаити, Египет улсаас иржээ.

Нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, сургуулийн орлогч захирал хатагтай Эмманүэлль Перруй өрөөндөө хүлээн авч, сургуулиа болон миний сургалт, дадлагын хөтөлбөрийг танилцуулаад, намайг суулгахаар зориуд бэлдсэн албан ажлын өрөөнд дагуулан оруулж, сургуульдаа тав тухтай суралцахыг хүссэн юм.

Тус өрөөний хаалган дээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын прокурор гээд миний овог нэрийг бичжээ. Өрөөнд ажил хэргийн бүх зүйл бэлэн байна. Ширээн дээр буй компьютерт миний нэрээр дотоод сүлжээ нээсэн байх бөгөөд тэр сүлжээний тусламжтайгаар сургуулийн бүхий л мэдээлэлтэй танилцах бүрэн боломжтой байгааг хараад өөрийн эрхгүй гайхах, баярлах сэтгэгдэл төрж билээ.

Дараа нь хоолонд урьж, сургуулийн орлогч захирал маань 4 дэд захирлынхаа хамт сургуулийн хажууд байрлах ресторанд далайн гаралтай Франц үндэсний хоол, Бордо хотын дарсаар дайллаа. Энэ бүхнээс тус сургуулийн удирдлагын хүндэтгэлийг илүүтэй мэдэрч байлаа.

Үдээш хойш 15 цагт Ерөнхий захирал Игзави Ронсинтой уулзаж, түүний 6-р сард Монголд айлчилсан аялал, миний Франц дахь сургалтын талаар хоёулаа элэгсэг дотно хөөрөлдлөө.

Тус сургуулийн талаас миний сургалт, дадлагын хөтөлбөрийг боловсруулсан байв. Тухайлбал:

Сургуулийн удирдлага болон мэргэшсэн багшлах бие бүрэлдхүүн , тэдний ажлын чиг үүрэг, сургуулийн бүтэц, зохион байгууллалттай танилцах

·Шүүх эрх мэдлийн сургалтын байгууллагын менежмент, маркетинг, сургалтын үйл ажиллагаанаас суралцах

·Анхан болон үргэлжилсэн шатны сургалтын үйл явц, зохион байгууллалт, сургалтын арга зүйтэй танилцаж, анхан шатны сургалтанд хамрагдах

·Франц Улсын шүүгч, прокурорууд болон гадаад улс орнуудын шүүгч, прокуроруудын хамт үргэлжилсэн шатны сургалт, семинарт оролцох.

·Парис хотын Шүүх, Прокурорын газар болон Бордо хотын Прокурорын газарт дадлага хийж гүйцэтгэх гэх мэтээр тусгажээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 4 сарын хугацаанд Бордо, Парис хотын хооронд буюу хоёр салбар сургуулийн хооронд хурдан галт тэргээр хэдэнтээ зорчлоо.

Хурдан галт тэргийг Францаар TGV гэж 3 үгийн эхний үсгээр товчлон нэрлэдэг.

Франц Улсын нийгэм, эдийн засаг нь бүх салбар жигд өндөр түвшинд хөгжсөн байдгийн нэг нотолгоо нь тэдний төмөр замын сүлжээ болон энэ төмөр зам дээгүүр давхиж буй хурдан галт тэрэгүүд юм.

"SNCF” гэх Төмөр замын компани, галт тэрэг үйлдвэрлэгч Францын "ALSTOM” компани хамтран хурдан галт тэрэгний төмөр зам дээрхи дэлхийн хурдны дээд хэмжээг 3 удаа шинэчлэн тогтоожээ.

1981 оны 02 дугаар сарын 21-ндTGV-100 хурдан галт тэрэг 380 км цаг, 1990 оны 05 дугаар сарын 28 –нд TGV-140 хурдан галт тэрэг 515,3 км цаг, 2007 оны 04 дүгээр сарын 03-нд TGV-150 хурдан галт тэрэг 574,8 км цаг тус тус давхиж, бидний төмөр замын бүтээн босголтын маргаанаас мэдэх болсон нарийн цариг төмөр зам дээр дэлхийн дээд хурдыг ийнхүү тогтоосон байна. Эндээс Франц Улс хурдан галт тэрэг үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлдэг болохыг мэдэж болно.

Хятад Улс сүүлийн үед хурдан галт тэрэг үйлдвэрлэж буй нь Франц Улсаас үйлдвэрлэлийн технологи хулгайлсан гэх харыг дагуулдаг юм билээ.

Харин Япончууд төмөр зам дээрхи бус соронзон зам дээрхи "Маглев” хэмээх соронзон галт тэрэгний дээд хурдыг туршиж, зөвхөн энэ төрлийн хурдан галт тэрэгний дээд хурдыг тогтоосон байдаг.

Хос төмөр зам дээр давхиж буй TGV гэх хүчит хурдан галт тэрэг хөлөглөнБордо, Парис хотын хооронд давхиж явтал 4 сар энэ л хурдан галт тэрэг шиг жирэлзээд өнгөрч нэг мэдэхэд хугацаа дуусч Монгол руугаа буцах болсон байв.

Франц Улс, Парис хот, Бордо хот, Магистратурын үндэсний сургууль, тус улсын Прокурорын байгууллагын тухай, Франц Улсын эрх зүйн тогтолцоо, Шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоо, магистрат нарын стастус, тэдний зэрэг дэв зэрэг мэргэжлийн болон мэргэжлийн бус сэдвээр та бүхэнтэй сургалтын хугацаанд харсан, мэдсэн, сурсан, уншсан зүйлээ хуваалцахад миний бие их баяртай байх болно.

                                                                                  Анхаарал тавьсанд баярлалаа

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ГАДААД ХАРИЛЦАА, ЭРХ ЗҮЙН

ТУСЛАЛЦААНЫ ХЭЛТСИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР. Ш.БААСАНДОРЖ.

ФРАНЦ УЛСЫН МАГИСТРАТУРЫН ҮНДЭСНИЙ СУРГУУЛЬ.

2015.12.20.

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА