ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛЬ СУРТАЛЧИЛАХ “ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Орхон аймгийн прокурорын газраас санаачилан Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран тус аймгийн Жаргалант суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчилах ажлыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулсан байна. Хууль сурталчилах хамтарсан ажлын хэсгийг аймгийн прокурор Г.Эрдэнэбаатар, Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва нар ахлан, прокурорууд, ИТХ-ийн ажлын албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Жаргалтант сумын нийт иргэд, төрийн алба хаагч нарт дараахь мэдээллийг өгч, тэдний сонирхсон асуултанд хариулт өгчээ. Үүнд:

-Орхон аймагт 2016 оны байдлаар гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцөл, өсөлт бууралт, аймгийн эрүүгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл,

-Жаргалант суманд үйлдэгдсэн гэмт хэргийн тоон мэдээ болон түүний шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар,

-2017оны 2-р сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхтухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжинд орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээлэл,

-Дунд сургуулийн сурагч нарт "Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль”, "Замын хөдөлгөөний дүрэм”-ийн талаар тус тус мэдээлэл хийсэн байна. Хууль сурталчилахын зэрэгцээ Жаргалант сумын Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 онд төлөвлөсөн ажил, эхний 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажилтай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Өдөрлөгийн үеэр аймгийн прокурор, ажилтнуудаас Жаргалант сумын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаа малчдад зориулсан хандив болох 500 кг малын тэжээлийг сумын удирдлагуудад хүлээлгэн өгөх арга хэмжээ болж, дээрх үйл явдлыг орон нутгийн "ЕТV HD” телевиз сурвалжлан иргэд олон нийтэд хүргэсэн байна.

ФРАНЦ УЛСЫН МАГИСТРАТУРЫН ҮНДЭСНИЙ СУРГУУЛЬД ПРОКУРОРУУД СУРАЛЦАХ БОЛОМЖИЙН ТАЛААР

2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Франц Улсын Магистратурын үндэсний сургууль хооронд хамтран ажиллах "Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулагдаж, хоёр талын хамтын ажиллагаа хэрэгжиж байгаа билээ. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан уулзалтын үеээр Францын төлөөлөгчдийн тэргүүн Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Франц Улсын Магистратурын үндэсний сургуулийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, тус сургуульд суралцах манай хуульчдын тоог нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлсэн байна.

Миний бие Магистратурын үндэсний сургуульд суралцаад ирснийхээ хувьд тус сургуулийн талаар болон тэнд суралцах ямар боломж бидэнд байгаа талаар энд товч танилцуулья.

Франц Улсын Ерөнхийлөгч, генерал Шарль Де Голль, Шүүх яамны сайд Мишэль Дебри нарын санаачилгаар 1958 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ордоннонсе-ийн дагуу Шүүх яамны харьяанд Магистратурын үндэсний сургуулийг зөвхөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгч, прокурор нарыг бэлтгэн гаргах зорилгоор анх байгуулжээ. Магистратурын үндэсний сургууль гэхээр хууль зүйн магистрын түвшний сургалтыг зохион байгуулж, хэрэгжүүлдэг хууль зүйн их сургууль юм байна гэж та бүхэн андуурч болохгүй.

Магистратур /magistrature/ гэдэг нь магистрат /magistrat/ нарын буюу шүүх эрх мэдэл эрхэлсэн түшмэлүүд нарын нэгдэл гэсэн Франц Улсын Үндсэн хуулийн нэршил, нэр томьёо юм. Утгачилж хөрвүүлбэл шүүгч, прокурор нарын нэгдэл, байгууллага гэсэн үг юм.

Харин дээрх нэр томьёо нь magistratus гэсэн латин үгнээс гаралтай Франц нэр томьёо бөгөөд Эртний Ромд засаг захиргаа болон шүүх эрх мэдэл эрхэлсэн түшмэлүүдийг ийн нэрлэдэг байж.

Эртний Ромын эрх зүйг Галль-Роман соёл иргэншлийн хүрээнд өвлөн авсан Франц Улсад магистрат хэмээх нэршлээр зөвхөн шүүх эрх мэдэл эрхлэх мэргэжлийн шүүгч, прокурор нарыг нэрлэдэг ажээ.

Харин Англи-Саксоны эрх зүйн тогтолцоотой Англи, АНУ-д магистрат гэсэн нэршлээр мэргэжлийн бус шүүгч, эвлэрүүлэх шүүгч нарыг нэрлэдэг байна.

Тус сургуулийг Шүүх эрх мэдлийн эрхэлсэн түшмэлүүдийн нэгдлийн үндэсний сургууль буюу Шүүх, Прокурорын байгууллагын үндэсний сургууль гэж утгачилан ойлгож болох нь. Энэ сургуулийг Монгол Улсад нутагшсан Оросын дээд боловсролын тогтолцоотой дүйцүүлэн ойлговол Академийн түвшний сургууль гэж ойлгож болно.

Энэ сургууль нь Францын ард түмний түүхэн дэх нэрт хүмүүсийн дотор их дээгүүр хүндтэй байр эзлэх төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн генерал, Ерөнхийлөгч асан Шарль Де Голль-тай зайлшгүй холбоотой юм.


Шарль Де Голль нь дэлхийн 2–р дайны үеэр Франц Улсын нэр төрийг аварч, хамгаалж гарсан, энэ дайны ялагч гүрнүүдийн эгнээнд Франц Улсыг багтааж чадсан, Франц, Алжирын дайныг дуусгаж, тухайн үеийн Франц Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралыг шийдэж, дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орчин үеийн хөгжингүй улсыг бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан, тус улсыг цөмийн зэвсэгтэй дэлхийд тэргүүлэх хамгийн хүчирхэг 3 гүрний нэг /АНУ болон ОХУ-ын дараа орох/ болгосон гээд дурьдаад байвал олон гавьяатай хүн билээ. 

Анх сургууль байгуулагдах үед тухайн үеийн Франц Улсын Засгийн газар Эртний түүхэн Бордо /Bordeaux/ хотод тус хотын давж заалдах шатны шүүхийн дэргэд байрлах XIII зуунд буюу 1235 онд Франц Улсын тэр үеийн хаан Сан Луйгийн үед анх баригдаж эхэлсэн эртний түүхэн цайзыг өгч, уг цайзын буурин дээр сургууль шинээр баригдан төвхнөжээ.

Одоо уг цайзын үлдэгдэл болох хоёр цамхаг түүнийг холбосон хана бий бөгөөд нэг цамхаг дотор нь сургуулийн хүндэт танхим байрладаг. Уг цайзын цамхаг доторх нарийн шатаар түүний орой руу өгсөж явахад цаг хугацааны машинд суугаад XIII зууны Франц Улсад ирсэн мэт мэдрэмж төрдөг юм билээ.

Франц Улс нь эртний түүхэн соёлын өв болох эртний уран барилга, байгууламжаа нандигнан хамгаалах тал дээр маш их арга хэмжээ авч, хадгалдаг бөгөөд үүний тод жишээ нь уг цайзын хоёр цамхаг юм.

XIII зууны үед баригдсан шашин, тэнгэр бурхан болон хаант засаглал, ялангуяа шүүх эрх мэдлийн байгууллагын бэлгэдэл агуулсан цайзын буурин дээр уг сургуулийг байгуулсан нь цаанаа их л учир шалтгаантай гэж үздэг. Бордо хотын Парламент хэмээн нэрлэгддэг байсан тус хотын давж заалдах шатны шүүхийн ордон нь /одоо сургуулийн дэргэд байрлаж буй тус хотын давж заалдах шатны шүүх/ тус цайзын дэргэд байрлаж байсан бөгөөд энэ л Шүүхийн ордонд Франц Улсын нэрт хуульч, их сэтгэгч Монтескье шүүгчээр ажиллаж байсан бөгөөд одоо шүүхийн ордон дотор Монтескье-гийн хөшөө сүндэрлэдэг юм.

Монтескье гэснээс тус сургуульд сурч байх хугацаанд надад тохиосон нэгэн сайхан дурсамж өөрийн эрхгүй санагдана.

Нэгэн удаа Магистратурын үндэсний сургуулийн орлогч захирал, хатагтай Эмманүэлль Перруй нь Бордо хотоос зүүн урагш 200-гаад километрийн зайтай байрлах Ажен хотын Шүүх яамны харьяа Хорих байгууллагын засаг захиргааны үндэсний сургуулийн үйл ажиллагаатай намайг танилцуулах айлчлал хийж билээ. Айлчлалын үеэр тус сургуулийн ховор нандин номын фондтой тусгай хамгаалалттай номын санд нь зочлоход Монтескьегийн "Хуулийн амин сүнс” гэх нэрт түүхэн бүтээлийн анхны эх хувийг өөрийн гар дээр барьж үзэх ховорхон завшаан надад тохиосон.


Магистратурын үндэсний сургууль нь Төрийн сургууль бөгөөд сургуулийн засаглалын хувьд Шүүх яамнаас бие даан ажиллах боломжоор бүрэн хангагдсан байдаг ажээ.

Үүний эрх зүйн зохицуулалтын баталгаа нь тус сургуулийн Удирдах дээд байгууллага болох Сургуулийн удирдах зөвлөл юм.

Тус зөвлөлийн ерөнхийлөгчөөр Франц Улсын Дээд шүүхийн Тэргүүн Ерөнхийлөгч буюу Тэргүүн Ерөнхий шүүгч, дэд ерөнхийлөгчөөр Дээд Шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурор нар ажилладаг байна.

Сургуульд Удирдах зөвлөлөөс гадна Сургалтын зөвлөл болон Эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны зөвлөл ажилладаг.

Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг Шүүх яамны сайдын санал болгож, Сайд нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилсон Ерөнхий захирал удирдах бөгөөд сургуулийн удирдах зөвлөлийн өмнө ажлаа хариуцан тайлагнадаг.

Сургуулийн ерөнхий захирал нь Шүүх яамнаас үл хамааран сургуулийн удирдах зөвлөлөөр батлагдсан төсвийг бие даан захиран зарцуулж, сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг хүлээн ажилладаг байна. Тус сургуулийн 2015 оны төсөв нь 26 сая евро буюу 60 орчим тэрбум төгрөг байжээ.

Магистратурын үндэсний сургууль нь 1972 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс Франц Улсад ажил үүргээ гүйцэтгэж буй шүүгч, прокурор нарыг давтан сургах чиглэлээр "Үргэлжилсэн шатны сургалт”-ыг хэрэгжүүлж байхаар хуульчлагдаж , Парис хот дахь салбар сургуулиа байгуулжээ.

Бүх шатны шүүгч, прокурор нар 2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн жилд 5 өдрөөс доошгүй хугацаанд үргэлжилсэн шатны сургалтын аль нэгэнд заавал хамрагдах албан ёсны үүрэгтэй болжээ.

Тус сургуулийн Ерөнхий захирал Игзави Ронсин /Xavier Ronsin/ : "...Тус сургууль нь Их сургуулийн дараагийн үечилсэн шатны заавал сурах сургууль биш бөгөөд зөвхөн өндөр эрх мэдэл, хариуцлага бүхий шүүх эрх мэдлийн байгууллагын шүүгч, прокурор нарыг бэлтгэн гаргадаг, хууль хэрэглээний, мэргэжлийн мэргэшсэнсургууль мөн. Манай сургууль нь Европын улс орнуудын Шүүх эрх мэдлийн байгууллагуудын дэргэдэх сургуулиудын лидер сургууль юм...” гэж тодорхойлжээ.

Сургуулийн Ерөнхий захирлын удирдлаган доор орлогч захирал 2, дэд захирал 7, удирдлагын кабинетийн дарга 1, төсөв, санхүү хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга 1, хэвлэл мэдээллийн албаны дарга 1 гэсэн эрх бүхий хүмүүс ажиллаж, тэд сургуулийн салбар, нэгжийг толгойлно.

Тус сургуульд 2015 оны байдлаар нийт 174 багш болон албан хаагч байнгын орон тоон дээр ажиллаж байгаагаас удирдлагын багийн 13 гишүүний 9 нь магистрат /сургуулийн удирдах албан тушаал хашихаас өмнө тэд шүүгч, прокурорын аль нэгээр нь ажиллаж байсан гэсэн үг/, мэргэшсэн багшлах бие бүрэлдхүүний 31 нь магистрат нар байна.

Өмнө нь шүүгч, прокуророор ажиллаж байгаад одоо тус сургуульд сургагч, зохицуулагч багшаар ажиллаж буй багш нар магистрат /уг үгийг Франц дуудлагаар мажистга(т) гэнэ/ гэх эрхэм нэршлийг нэр төрийн хүндэтгэл болгон ажил, албан тушаалын нэр дээрээ нэмж хэрэглэнэ.

Тэд тодорхой хугацаанд сургуульдаа ажилласны дараа /дунджаар 6-8 жилийн дараа/ шүүгч, прокурорын үндсэн ажил руугаа томилогдон орохдоо дахин сонгон шалгаруулалт өгөхгүй бөгөөд харин тус сургуульд ажилласан нь тэдэнд анхан шатны шүүх, прокурорын байгууллагын удирдах албан тушаал хаших, давж заалдах шатны шүүхэд болон тус шүүхүүдийн удирдах албан тушаалд нэр дэвшин ажиллах боломж, давуу тал олгодог юм билээ. Цаашдын карьерт ч их түлхэц нэмэр болно.

Сургалтын хичээлийн нэг жилд нийгмийн салбар бүрт мэргэшсэн 1500 орчим эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн зэрэг зочин багш нар уригдаж, хичээл заадаг бол тухайн хичээлийн жилд нийт 20 000 орчим хүн тус сургуулийн сургалтанд хамрагддаг бөгөөд энэ л тоо баримтаас сургуулийн ерөнхий цар хүрээ нь харагдана.

Сургалт нь анхан шат болон үргэлжилсэн шатны төрөл хэлбэрээр явагдах бөгөөд аль аль нь үндсэн 8 салбар хичээлийн хүрээнд сургалтын ерөнхий агуулга, сэдэв нь боловсруулагдан гарч, "Сургалтын зөвлөл"-өөр хэлэлцэгдэн Удирдах зөвлөлөөр батлагдсан хөтөлбөрийн дагуу явагдана.

Сургалтын ерөнхий хөтөлбөр нь жил бүр шинэчлэн батлагдаж, каталоги товхимолоор хэвлэгдэн, хэвлэмэл болон цахимаар шүүх эрх мэдлийн бүх байгууллага, нэгжид хүргэгддэг.

Тус сургууль нь 8 салбар хичээлийн хүрээнд сургалтыг аль болох нийгмийн олон талт хүрээг хамруулж сургалт явуулах бөгөөд шүүгч, прокуроруудад сургалтанд хамрагдах сонголтын олон боломж олгохоос гадна заавал хамрагдах сургалт гэх мэтээр сургалтууд нь явагддаг онцлогтой.

Сургуулиас зохион байгуулсан конкурс буюу сонгон шалгаруулалтанд тэнцсэн, конкурсын босго оноог давж, нээлттэй зарласан орон тоонд багтаж орсон элсэгчид хуулийн сонсогч хэмээх нэрийн дор төрийн албан хаагчийн зэрэглэлтэй, шүүх эрх мэдлийн байгууллагын бүтцэд багтсан статустай, цалин хангамжтай нийт 31 сарын хугацаанд суралцана.

2015 оны байдлаар анхан шатны 31 сарын хугацааны сургалтанд 805 хуулийн сонсогч хичээлийн нэг жилд суралцаж байна.

Конкурс нь бүгдэд "Тэгш эрх, тэгш боломж” гэсэн уриан доор явагдах бөгөөд энэ боломжийг олон нийтэд тэгш олгох, нийгмийн олон талын төлөөллийг хамруулах үүднээс хэд хэдэн төрлийн конкурсуудийг тус сургууль нь зохион байгуулдаг.

Тухайлбал: 2015 онд 1-р конкурсээр 173, 2-р конкурсээр 24,3-р конкурсээр 7, нэмэлт элсэлтээр 59 элсэгч нар тэнцэж, нийт 263 хуулийн сонсогч тухайн хичээлийн жилд элсэн оржээ.

Эдгээр хуулийн сонсогч нараас 198 нь эмэгтэй, 65 нь эрэгтэй байх ба хүйсийн хувьд 75 хувь нь эмэгтэй, нас нь 22 наснаас 42 нас, дундаж нас нь 28 нас байна.

Эндээс харвал Франц Улсын иргэн 22 насандаа Хууль зүйн их сургуулиа дүүргээд тус сургуульд элсэн ороод 3 жил орчим сураад 25 насандаа шүүгч, прокуророор томилогдож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 25 насандаа Монгол Улсын иргэн шүүгчээр томилогдож болох заалттай ижил байна.

Дээр бичсэн 1-р конкурст Хууль зүйн их сургууль дөнгөж төгссөн оюутнууд, 2-р конкурст Төрийн албан хаагчид, 3–р конкурст хуульч мэргэжлээр ажиллаж буй хүмүүс хамрагдана.

Анхан шатны сургалтын дараа тэдний 99,9 хувь нь шүүгч, прокуророор шууд томилогдох бөгөөд тус сургуульд элсэн суралцах конкурс нь шүүгч, прокурор болохыг үндсэндээ шийдчлээ гэсэн үг юм.

Тус сургуулийн анхан шатны сургалтыг бүхэл бүтэн шүүгч, прокурор нарыг бэлтгэн гаргадаг тусгай мэргэжлийн сургалтын тогтолцоо гэж ойлгох нь зүйтэй. 2014 оны байдлаар 7954 магистрат /шүүгч, прокурор/ нарт зориулагдсан 469 удаагийн үргэлжилсэн шатны сургалтууд явагджээ. Үргэлжилсэн шатны нэг удаагийн сургалтын үндсэн хугацаа нь 5 өдөр л байх юм билээ.

Гадаадын шүүгч, прокурор нарыг сургуульдаа хүлээн авч сургах нь тус сургуулийн олон чиг үүргийнх нь нэг юм.

Энэ л чиг үүрэг, сургалтын үйл ажиллагаа нь бидний сонирхолыг татах нь зүйн хэрэг.

Тус сургуулийн 31 сарын хугацаанд явагдах анхан шатны сургалтанд гадаадын хөгжиж буй орнуудын шүүгч, прокурор нар 1 жилийн хугацаатайгаар хамрагдах боломжтой байдаг. Энэ сургалтанд хамрагдахын тулд зайлшгүй Франц хэлний зохих мэдлэгтэй байх шаардлага тавигдана.

Сургууль нь манай Прокурорын байгууллагатай хамтын ажиллагаатай тул прокурорууд энэ анхан шатны сургалтанд хамрагдах бүрэн боломж бий.

Уг сургалтанд хамрагдахад Франц хэлний мэдлэгтэй байхаас гадна тэнд нэг жил амьдрах амжиргааны зардлаа шийдэх хэрэгтэй болно. Үүнийг шийдэх олон арга замууд бий.

Тухайлбал, Сургалтын янз бүрийн төсөл хөтөлбөрүүд болон Олон улсын байгууллагуудын санхүүжилтийг хүсэж болох бөгөөд Монгол Улсад суугаа Франц Улсын Элчин сайдын яам жил бүр 10 оюутны тэтгэлэг зарладаг бөгөөд түүнд хамрагдах боломж бүгдэд л нээлттэй байна.

Энд дурдсан сургалтанд прокурор албан ёсоор хамрагдах болбол манай Прокурорын байгууллагын удирдлага дуртайяа 1 жилийн чөлөө олгох нь тодорхой юм.

Үүнээс гадна тус сургуулиас гадаадын шүүгч, прокурор нарт зориулсан сургалтын тусгай хөтөлбөр батлагдаж, уг хөтөлбөрийн хүрээнд олон нэр төрлийн сонголттой сургалтууд нь Англи, Франц, Испани гээд хэд хэдэн орны хэл дээр явагдах бөгөөд манай прокурорууд баг хамт олноороо хамрагдах тохиолдолд Монгол хэлний орчуулагчаар хангагдах нь тодорхой.

Харин энэ төрлийн сургалтанд прокурорууд ганц нэгээрээ хамрагдахыг хүсвэл Англи хэлтэй байхад л хангалттай юм.

Энд дурдсан сургалтуудаас гадна тус сургууль нь гадаадын шүүгч, прокурор нарт зориулсан Франц Улсын хууль зүйн диплом болон хууль зүйн магистрын түвшний сургалтыг улсынхаа их сургуулиудтай хамтран тогтмол зохион байгуулдаг гэдгийг эцэст нь тэмдэглэн хэлье.

Франц хэл сурч, Эртний түүхт Франц Улсад хууль, эрх зүй, прокурорын мэргэжлийнхээ дагуу суралцах боломж прокурор хэн бүхэнд нээлттэйг хэлэхэд таатай байна.

УЕПГ-ЫН ГАДААД ХАРИЛЦАА, ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ

ХЭЛТСИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР. Ш.БААСАНДОРЖ

 

СТАТИСТИК МЭДЭЭ
  • 2017 оны 2 улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    40737

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    14387

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    22468

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    28710

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13261/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    3668

    Хийсэн шалгалт:
    538/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    2236

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    4420

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1578

    Хийсэн шалгалт:
    284

    Судалгаа:
    185

    Яриа таниулга:
    839

  • 2017 оны 1-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    25162

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7225

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    13835

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    13588

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6018/ шүүхэд шилжүүлсэн,ХБ/

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1835

    Хийсэн шалгалт:
    247/шалгалт, судалгаа/

    Илрүүлсэн зөрчил:
    1178

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    2049

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    733

    Хийсэн шалгалт:
    95

    Судалгаа:
    78

    Яриа таниулга:
    335

  • 2016 оны 2-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    55770

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    15976

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    34866

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    25557

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    13887

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    626

    Хийсэн шалгалт:
    141

    Илрүүлсэн зөрчил:
    266

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    3464

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    1585

    Хийсэн шалгалт:
    278

    Судалгаа:
    128

    Яриа таниулга:
    579

  • 2016 оны 3-р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:

    Хийсэн шалгалт:

    Илрүүлсэн зөрчил:

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:

    Хийсэн шалгалт:

    Судалгаа:

    Яриа таниулга:

  • 2016 оны 1 - р улирал
    ХБМБАТХ
    Хяналт тавьсан гомдол мэдээлэл:
    29427

    Эрүүгийн хэрэг үүсгэсэн:
    7473

    Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан:
    16775

    Нийт хяналт тавьсан эрүүгийн хэрэг:
    14667

    Шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг:
    6083

    ЯЭАТХ
    Танилцсан удаа:
    1458

    Хийсэн шалгалт:
    188

    Илрүүлсэн зөрчил:
    481

    ШТТ
    Шүүхэд шилжүүлсэн хэрэг:
    1554

    ГХУС
    Бичсэн мэдэгдэл:
    810

    Хийсэн шалгалт:
    82

    Судалгаа:
    67

    Яриа таниулга:
    436

АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА