Эхлэл Ярилцлага

АХМАД ПРОКУРОР Б.ОТГОНЧИМЭГ: ПРОКУРОР ХУУЛИЙН “ХЯНАГЧ” БАЙХААС ГАДНА ӨӨРӨӨ “САХИГЧ”, “БИЕЛҮҮЛЭГЧ” БАЙХ ЁСТОЙ

Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны түүхт 90 жилийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэд ахмад прокурор Б.Отгончимэгтэй ярилцсан ярилцлагыг хүргэе.  

Цаг наргүй ажиллаж,  прокурорын хариуцлагатай бөгөөд хүндхэн албанд бүхий л амьдралаа зориулсан прокуроруудын нэг нь ахмад прокурор Балдансүрэнгийн Отгончимэг билээ. Тэрбээр одоо гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч “гялалзсан” хэвээр явна аа. Түүнийг Говьсүмбэр аймагт ирсэнийг дуулаад утсаар холбогдож ярилцлага авах тухайгаа хэллээ. Миний урилгыг хүлээн авч “Хүүхэд нас, оюутан үе, прокурор” гэсэн сэдвээр бид хоёрын ярилцлага өрнөсөн юм.

Юуны өмнө танд Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Баярлалаа. Та бүгдэд ч мөн баярын мэндийг хүргэе.

Та өөрийнхөө тухай яриач. Аль нутгийн хүн бэ. Анх хэзээ прокурорын байгууллагад орж байв?

Миний бие 1963 онд Дорноговь аймгийн Зүүнбаянд төрсөн. Зүүнбаян маань Монгол Улсын томоохон цэргийн хотхон байж билээ. Хаашаа л харсан цэрэг ногоон хувцастай хүн. Энд тэндгүй цуурайтах цэргийн жагсаалын дуу сонсож, баяр ёслолын үеэр болдог цэргийн парад, “туяа тоог” сонирхон биширч, “оройн тоо”, “жагсаалын үзлэг”, “түргэн авах”  зэрэг цэргийн товчхон үг хэллэгийг хүүхэд байхаасаа мэдэрч өссөн. Миний аавыг Балдансүрэн гэдэг. Аав маань Зүүнбаянгийн нефьтийн үйлдвэрийн Олзворын цехед ажилладаг байлаа. Мөн л цэргийн хүчээр хамгаалуулсан “хаалттай объект” байсан.

Би Дорноговь аймгийн төвийн 10 жилийн сургуулийг 1981 онд төгссөн. 1985-1987 онд Улаанбаатар хотын Хуулийн дунд сургуулийг төгсөж, “хуульч” мэргэжлийн диплом өвөртөлсөн. Миний ажил амьдралын маань зам мөрийг заасан Хуулийн дунд сургуулийн  Цэен, Жавзандулам, Отгонбаяр, Гэлэг, Болд гээд олон сайхан багш нарын ачаар оройгүй их эрдмийн шимийг хүртэж явсандаа баярлаж явдаг.

1990 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн прокурорын газарт дадлагажигч прокуророор орж, 1991 онд жинхэлж хэсгийн прокурор хэмээх “төрийн тамгатай” прокурор болж Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах сумуудыг хариуцан ажиллаж байлаа.


                                                                                                                            МУИС-ийн мэргэжил дээшлүүлэх курст суралцав. /1991 он/

Тэр үеийн хэсгийн прокурорын эрхэлдэг  ажлын талаар дурсаач...

Прокурорын Ерөнхий хяналт гэсэн томоохон хяналтын ажлыг хийж, гүйцэтгэдэг байлаа.  Хуулийн биелэлтийг харьяа нутаг дэвсгэрт байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж дээр шалгана. Засаг дарга болон бусад эрх бүхий ажилтнуудаас гарсан бүх л тушаал шийдвэрүүдийг хянадаг, хууль зөрчсөн бол хүчингүй болгодог, хэсгийн шүүхээс гаргасан таслан шийдвэрлэх тогтоолыг хянана, эсэргүүцэл бичнэ, тогтоол гүйцэтгэх үйл ажиллагааг хянана, иргэний хэрэгт оролцоно, хэсгийн төлөөлөгч нарын өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байгаа байдлыг шалгана, шүүх хуралд улсын яллагчаар оролцох гээд маш их ажилтай байсан. Мөн эдийн засгийн гэмт хэргийг мөрддөг байлаа шүү дээ.

Дорноговь аймгийн прокурорын газарт шинэхэн прокуророор ороход хүлээн авч ажлын амтыг мэдрүүлж “прокурор” болгосон хүмүүсийнхаа талаар яривал?

Аймгийн прокурор Ж.Мэндсайхан, орлогч прокурор Ц.Түмэн, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил эрхэлсэн туслах прокурор С.Дулмаа, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор М.Чулуун, хяналтын прокурор П.Наранхүү Б.Дагийнамжил, Б.Сугар нар байсан.

Туршлагатай ахмад прокуроруудын үг сургамжийг дагаж, тэдний арвин их туршлагаас суралцсан.  Анх прокурор болох зам мөрийн маань Дорноговь аймгийн прокурорын газрын хамт олон нээсэн.

Говьсүмбэр аймгийн прокурорын газарт хэдийнээс эхэлж ажиллав?

1992 оны шинэ Үндсэн хуулиар Прокурорын ерөнхий хяналт байхгүй болж, прокурорын хяналт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд  төрийн нэрийн өмнөөс оролцдог болж, “хяналт жинхэнэ утгаараа мэргэжлийн тал руугаа” болсон гэж үздэг.

1991 онд Дорноговь аймгийн Сүмбэр сум Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум болж Чойр хотын прокурорын газар байгуулагдсан.

1992 оны 8 дугаар сард Чойр хотын прокурорын газарт Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ирсэн. 

Намайг энд ирэхэд Аймгийн прокурор П.Түвшинбаяр, орлогч прокурор С.Мишигдорж, хяналтын прокурор Т.Амгаланбат, н.Батшандас, Я.Эрдэнэцогт нар байсан. Би 1992-1994 онд Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлыг хариуцаж байгаад 1994-1997 онд мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажилласан.

С.Мишигдорж прокурор Хөвсгөл аймгийн прокурор байсан. Хуучны прокурорууд түүний тухай их дурсан ярьдаг, би их хүндэтгэдэг юм. Гэхдээ би удирдлагад нь хамт ажиллаж байгаагүй. Энэ хүний талаар тодруулаач...

С.Мишигдорж прокурор 1993-1995 онд Говьсүмбэр аймгийн прокуророор ажилласан. Чойрын прокурорын орлогчоор ажиллаж байгаад удалгүй 1993 онд аймгийн ерөнхий прокурор болсон юм. Үнэхээр хариуцлагатай, дадлага туршлагатай, удирдан зохион байгуулах авъяас чадвартай, далайлт нь “хатуу” боловч буулт нь “зөөлөн” Монгол Улсын прокурорын байгууллагад “нэр нь” дуурсагдах хүний нэг нь аргагүй мөн.

Хамт олныг жинхэнэ захирч удирдана. Үүрэг даалгавар өгнө, түүнийхээ биелэлтийг заавал тооцно. Прокурорын хариуцлага, ёс зүй, сахилга батыг жинхэнэ сахиулагч хүн. С.Мишигдорж прокурортой хамт ажиллаж түүгээр удирдуулж явснаараа бахархдаг.

Хэзээнээс эхэлж “хотын хүн” болж, дүүргийн прокурорын газрын нөр их ажилруу орсон юм бэ?

1997 оны 2 сард Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон 1997 оноос 2018 он хүртэл Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Нийслэлийн прокурорын газарт ажиллаад 2018 онд тэтгэвэртээ гарсан. Хотод шилжин ирээд дээрхи прокурорын газруудад ажиллахдаа олон сайхан прокуроруудтай хамтран ажиллаж байлаа. Би прокурор гэдэг их айлд 28 жил халуунд нь “халж”, хүйтэнд нь “хөрч” ажилласан.

                                                                                                                                     Нийслэлийн прокурорын газрын прокурорууд /2007 он/

Прокуророор ажиллахдаа олон зуун хэрэг дээр ажилласан нь ойлгомжтой. Сэтгэлд үлдсэн зарим хэргээс яривал?

Сонгинохайрхан дүүрэгт анх ирээд айлаас олон тооны мөнгөн аяга хулгайд алдагдсан хэрэг дээр ажилласан. Тэр хэргийн холбогдогчийг шүүхээс цагаатгасан. Холбогдогч нэг л зүйлийг ярьсан /тэр талаар яриад яахав, муу хүмүүс яг түүн шиг юм хийнэ/ Хүн ингэж хэргээс мултарч болдог юм байна гэж бодсон. Мөнгөн аяганууд нь бүгд холбогдогчийн гэрээс гарсан, зарим нь ах дүүгийнхээс нь гарсан. Нотлох баримтаар тодорхой байсан. Гэсэн ч хэрэг шийдэгдээгүй. Үүнээс сургамж аваад хулгайн хэргийг мөрдөхөд болон яллах дүгнэлт бичихдээ анхааран,  олон өнцгөөс харж, маш ул суурьтай хандах болсон доо. Энэ хэрэг надад ихийг ойлгуулсан. 

                                                                                                                                               Прокурорын байгууллагын 80 жилийн ой /2010 он/

Прокурор гэж хэнийг хэлэх вэ, энэ хүн ямар  байх ёстой гэж та боддог вэ?

Прокурор бол хуулийн “хянагч” байхаас гадна өөрөө “сахигч”, “биелүүлэгч” байх ёстой. Мөн хүнтэй хүнлэг харьцдаг “Хүн” л байх ёстой. Прокурор хүн хатуужилтай, бас тэсвэр тэвчээртэй байх нь чухал. Биеэ тоосон, бусдыг үл хүндэтгэсэн байж болохгүй, энэ нь прокурор хүнд нэн зохимжгүй. Өргөн мэдлэгтэй, чадвартай, хүнтэй харьцах харьцааны соёлтой, ажлаа гэсэн сэтгэлтэй, өмнөө тавьсан зорилготой, хамт олондоо нэр хүндтэй байх нь чухал.

Та бид хоёрын ярилцлага өндөрлөх тийшээ хандаж байна. Танд хэлэх зүйл байвал нээлттэй үлдээе.

Баярлалаа. Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой болж байна. Түүхт ойг тохиолдуулан нийт ахмадууд, прокурор, ажилтнууддаа баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Та бүгдийн минь их үйлс шулуун дардан байж, ухаан хурц, мэлмий тунгалаг байхын ерөөл дэвшүүлье.

Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд баярлалаа.