Эхлэл Ярилцлага

Б.БОЛДБААТАР: МОНГОЛЫНХОО САЙХАН ОРНООР ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЭДЛЭН ГҮЙЖ БАЙГААД ИРЛЭЭ

Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойд зориулж Говь-алтай аймгийн прокурорын газрын ажилтан, хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Буриадын Болдбаатар Говь-Алтай аймгийн төв талбайгаас Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг туулах түүхэн гүйлтийн замаа 2020 оны 7 дугаар сарын 05-нд эхлүүлж, 8 дугаар сарын 08-нд бариандаа амжилттай ирсэн билээ. Монголын Прокурорын байгууллагын төдийгүй хөнгөн атлетикийн түүхэнд тодхон бичигдэх үйл хэрэг бүтээсэн түүнтэй уулзаж ярилцсан юм.

Түүхэн гүйлтээ өндөрлөж барианы цурхайд амжилттай ирсэн танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Баярлалаа. Үгээр хэлэхийн аргагүй сэтгэгдэл өндөр байна. Би өөрийн төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Алтай хотоос гүйгээд Монголын Улсынхаа нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайдаа амжилттай ирсэндээ баяртай байна. Би Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Говь-Алтай аймаг болон тус аймгийн прокурорын газрын 80 жилийн ойд зориулан гүйсэн. Өнөөдөр зорьсон зорилгодоо хүрээд монголын ард түмнээрээ хүрээлүүлэн  гүйлтээ өндөрлөж байгаад баяртай байна.

Түүхэн гүйлт хийх санаа анх яагаад төрсөн бэ?

Прокурорын байгууллагын 85 жилийн ойн арга хэмжээнд хөл муутай ээжийгээ оролцуулж явахдаа энэ гүйлтийн санаа анх төрж, бэлтгэлээ хангаж эхэлсэн.  Тэр үед ээждээ хэлэхэд “Миний хүү чадна” л гэж байсан. Ээждээ хэлсэн үгэндээ хүрч зорилгоо биелүүлсэндээ л маш их баяртай байна.  Унаган багын найз Биеийн тамир спортын газрын менежер Г.Нямдорж анхнаас нь намайг дэмжсэн. Энэ зорилго мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй гэж зоригжуулж, “чи чадна” гэж урам өгч байсан. Манай прокурорын байгууллагын спортын зөвлөлийн дарга Э.Амарбат бас их дэмжсэн. Санаачлагыг нь би гаргасан ч энэ хоёр хүн зохион байгуулалтын бүх ажлыг гардан хийж, галыг минь асаасан. 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр түүхэн гүйлтийн замдаа гарахад Говь-Алтай аймгийн прокурорын газар, аймгийн удирдлагууд маш өндөр зохион байгуулалттайгаар үдэн гаргаж өгсөн. Замд Баянхонгор, Өвөрхангай аймгийн прокурорын газрын хамт олон маш сайхан тосон авч, дэмжлэг туслалцаа үзүүлж амжилт хүсч байсныг онцлон хэлмээр байна. Манай прокурорын байгууллагынхан хаа ч явсан халуун дулаан сэтгэл гарган хүлээн авч байсан.

Хэд хэдэн аймаг дамжиж, говь, хангай, хээрийг туулан явахад яг юу бодогдож байв?

Монгол эх орондоо монгол хүн болж төрсөндөө маш их баярлаж бахархаж байсан. Монголынхоо сайхан орноор эрх чөлөөгөө эдлэн гүйж байгаад ирлээ. Замаараа олон сайхан газраар явж өдөр болгон эерэг сайхан энергитэй хүмүүстэй тааралдаж байсан. Бас замд таарсан сумын иргэд хүртэл маш өндөр сэтгэл гаргаж байсан. Хамгийн холоос буюу 250 км-ээс Булган аймгийн Биеийн тамир спортын газрынхан зорин ирж уулзан амжилт хүсч байсан. Мөн Говь-Алтай аймагт хамт ажиллаж байсан одоо хяналтын прокуророор ажиллаж байгаа дүү нар зорин ирж тосч уулзсанд маш их баярлаж байна.

Шантрах үе гарч байв уу? Өөрийгөө хэрхэн зоригжуулж байв?

Өөртөө санаа зовоогүй ээ. Чадах болов уу, чадахгүй болов уу гэж ч эргэлзээгүй. Өөрийгөө чадна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан. Бие махбод сэтгэлзүйн бэлтгэл бүрэн хангагдсан байсан учраас санаа зовох зүйлгүй байсан. Гэхдээ байгалийн хүчин зүйлүүд нөлөөлж байсан. Говь-Алтай аймгаас гараад 7 хоногийн турш ардаас шуурсан. Баянхонгор хүртэл шороон шуургатай, цаг агаарын хувьд хүнд нөхцөлд байсан. Энэ бүрд өөрийгөө зоригжуулж “Болдоо чи явах ёстой, хийх ёстой, чамд буцах эрх байхгүй” гээд л хэлнэ шүү дээ.  Ээжийгээ бодно, прокурорын байгууллагынхаа нэр хүндийг бодно. Бас нэлээд сүр дуулиантай гарчихсан хүн чинь, “Прокурорын Болдоо” гүйгээд гарсан замынхаа дундаас алга болсон гэдэг үг сонсохгүйн тулд урагшаа л гүйсэн.  Гүйх явцад байгалийн давагдашгүй хүчин зүйл гарах вий, Ковид-19 гээд айхтар өвчин гарсанаас болоод зам хаах вий гэх зэрэг надаас шалтгаалахгүйгээр замын дундаас орхих зүйл гарах вий гэж санаа их зовж байсан. Өглөө 8 цагт хурдхан шиг босоод л машин явж байгаа юм чинь зам хаагдаагүй юм байна гээд баярладаг байсан.

Таны ар тал болж замын турш дэмжлэг туслалцаа үзүүлж байсан багийнхаа гишүүдийг танилцуулахгүй юу?

Миний баг бол манай гэр бүлийнхэн. Тэд бэлтгэлийг минь хангаж, замын турш хамт явж ирсэн. Миний төрсөн дүү, хөнгөн атлетикийн спортын мастер Б.Батбаатар намайг дасгалжуулж, миний хань Н.Мандаххүү, бэр Ч.Цолмон, дүү О.Алтаншагай, М.Дашбазар нар маань жолооч, тогоочоор ажиллаж хамт явсан. Хоол ундыг минь бэлтгэж өгөхөөс гадна хөл гарыг маань массажлаж, ер нь тамирчин хүнд шаардлагатай бүхий л зүйлээр хангаж ирсэн. Хоёр гурав хоносон хуучин махаараа өөрсдөө хоол хийж идээд,  надад шинэ махаараа хоол хийж өгөх жишээтэй.

Түүний аав В.Буриад Говь-Алтай аймгийн анхны хөнгөн атлетикийн мастер, аймагтаа хөнгөн атлетикийг хөгжүүлсэн гавьяатай хүн.

Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?

Манайх гэр бүлээрээ спортлог хүмүүс байсан. 1970, 80-аад онд аймагтаа л одооны хэллэгээр “Од” байсан. Тэр үедээ их даруухан байж. Манай ээж “гүйдэг Дууяа” нэртэй нэг их хурдан хөдөлгөөнтэй хүн байсан. Говь-Алтай аймгийн прокурорын газарт 30 гаруй жил үйлчлэгч, зарлага хийсэн. Төрсөн ах маань нас барсан ч мөн л тамирчин хүн байсан. Хүүхэд байхдаа насаа дараад уралддаг байлаа. Жилийн дөрвөн улирал л гүйж байдаг хүүхэд байсан. Одоо ч хэвээрээ өвөлдөө өвлийн пүүз гурвыг дуусгадаг. Зун бол 4-5 пүүзний арыг ханзална шүү дээ. Манай амбаарт миний хэрэглэж байсан пүүз шуудай дүүрэн байгаа. Хаяхад хайран санагдаад хадгалаад л байдаг юм. Сая замд 4 дэх пүүзээ дуусгаад орж ирсэн.

Та прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн түүхээс хуваалцахгүй юу? Ээжийн тань нөлөө их байсан байх?

Үнэнийг хэлэхэд надад Чойномын хэлснээр залуу насыг задгай мөнгө шиг үрж явсан үе бий. Манай ээж намайг хань, үр хүүхэдтэй боллоо чи ер нь тогтвор суурьшилтай ажилд ор гээд аймгийн прокурорын газарт жижүүрээр ажилд оруулсан юм. Прокурорын байгууллагад орсноор би маш их төлөвшсөн. Өөртөө зорилго тавьж байгууллагын нэр хүндийг унагаж болохгүй гэж бодох болсон. Ээж маань ч гэсэн “За Болдоо минь архи дарс ууж, ажил төрлөө хаяад хүний итгэл найдвар алдав аа” гэж их захиж байсан. Манай прокурорын байгууллагад ханьгүй ирсэн хүн ханьтай болдог ер нь сайхан газар шүү гэж дандаа ярина. Энэ нэр хүндийг унагав гэж их захидаг байсан. Прокурорын байгууллага намайг төлөвшүүлж, аливаа зүйлийн наана цаадахыг ойлгуулж ухааруулсан. Миний ээж тэтгэвэрт гарчихсан хойноо ч аймагтаа ирэхдээ прокурорын газартаа заавал очдог байсан. Хөл муутай байсан учраас машинаас бууж чадалгүй үүдэнд нь ирж залбирчихаад л явдаг байсан. Прокурорын байгууллага ярихаар л нүд нь их сэргэдэг тийм хүн байсан. Сайхан байна, ээждээ хэлсэн амлалтандаа хүрээд ингээд зогсож байгаадаа.

Замын турш таныг гүйж явахад монголчууд хэрхэн хандаж байв?

Замд тааралдсан хүмүүс хажуугаар өнгөрөхдөө эрхий хуруугаа гозойлгож дэмжиж байгаагаа илэрхийлэн, амжилт хүсч, зоригжуулж байсан. Машинд суучих жоохон дөхчих гэж хэлэх ч хүмүүс тааралдсан /инээв/. Нэг морьтой хүү ирээд сундалчих ч гэж хэлж байлаа. Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн иргэд маш сайхнаар хүлээн авч урам хайрлаж, юу байгаа түүгээрээ дайлан дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Нэг хүн хүүхэддээ таны гүйлтийг харуулах гэж ирлээ гээд хаа холоос ирж л байсан. Замд хамгийн багадаа гурван настай хүүхэд даган гүйсэн. Маш сайхан санагдаж байсан. Энэ олон сайхан хүмүүсийн дэмжлэгээр урам зориг авч урагшилж байсан. Ямар сайндаа манай Нямдорж найз хөгширсөн хойноо од болох хэцүү юу гэж намайг цаашлуулж байхав дээ.

Та түүхэн гүйлтээ хийж зорилгодоо хүрлээ. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

Энэ гүйлт маань сайхан өндөрлөлөө. Миний ч спортын карьер үндсэндээ өндөрлөж байна. Энэ гүйлтээрээ нийгэмд эерэг сайхан уур амьсгал төрүүлж, хүүхэд багачуудад өөртөө итгэх итгэл, цаашид тавьсан зорилгодоо тууштай байхыг үлгэр дууриалал өгч чадсан болов уу гэж бодож байна. Цаашид нийгэмд сайн сайхан зүйл хийхийн төлөө явах болно.

ОУХМ Б.Болдбаатарын эхнэр Говь-Алтай аймгийн архивын газрын дарга. Замын турш хийсэн бичлэг зургаар баримтат нэвтрүүлэг хийж, зургийн цомог гаргах гэнэ.

Эхнэр Н.Мандаххүү:

Ханиараа маш их бахархаж байна. Ханиараа бахархахаас гадна Монголын сайхан орноор маш их бахархаж омогшиж явж байгаад ирлээ. Монгол орон минь амар амгалангийн орон гэдгийг сая явахдаа л илүү ихээр мэдэрсэн. 15 км яваад нэг газар буудаллана, үдээс хойш нь 15 км яваад нэг газар буудаллана. Уул толгодыг даваад өөр ямар сайхан газар угтах бол гээд л бодно.

Замын турш тусгайлан бэлтгэсэн хоол гэхээсээ илүү үндэсний хоолоо л өгч байсан. Ялангуяа шөлтэй хоол бэлтгэж өгнө. Өдөрт хоёр удаа хувцасыг нь солино. Зам зуураа авсан дүрс бичлэгийг нэгтгэж баримтат кино, зургийн цомог гаргахаар төлөвлөж байна.

Төрсөн дүү, Хөнгөн атлетикийн мастер Б.Батбаатар:  

Би ахаараа маш их бахархаж байна. Зорьсон зорилгодоо саадгүй хүрч чадлаа. Өдөр бүр зүрхний цохилт, даралтыг нь үзэж тэмдэглэнэ. Тамирчныхаа сэтгэлзүйд нь маш их анхаарал хандуулж ажилласан. Замын хажуугаар машин явж өнгөрөхөд л сэтгэл зүйд нь өөрчлөлт орж байгаа юм. Цочино, ритм алдагдана. Замынхаа нөхцөл байдалд тохируулан гүйлтээ ойртуулах уу, холдуулах уу, татах уу, хүчлэх үү гээд тактикаа төлөвлөнө. Хатуу хайргатай газар пүүзээ сольж өмсөнө. Тамирчин маань олон жил бэлтгэл хийж байсан болохоор надад ажиллахад дөхөм байсан. Дээр нь миний төрсөн ах учраас бүр ч харилцахад амар.  Зарим үед салхийг нь хагалж урд нь гарч гүйх ч үе гарч байсан. Гүйж байхад нь хүмүүс тааралдаж зогсоогоод зургаа авахуулна. Тэгэхээр жигд байсан гүйлт алдагдаж эхэлж байгаа юм. Хүмүүсийн хүндэтгэл гоё ч эргээд хэвийн гүйлтэндээ оруулахын тулд тамирчин төдийгүй дасгалжуулагч ажиллах хэрэгтэй болдог.  Хамгийн сайхан зүйл нь юу гэвэл хүн зорьсон зорилготой, итгэлтэй, сайхан сэтгэл өвөрлөж явахад байгаль дэлхий, баян хангай хүртэл ивээж хардаг юм байна гэдгийг бид сая харлаа.

Би төдийгүй монголчууд бахархаж байгаа миний ахаар. Ялангуяа 50-аас дээш насныханд их урам өгсөн байх, мөн залуучуудад илүү их зүйл хийж бүтээх урам, зориг өгсөн байх.   50 гарсан хүн мянган гаруй км  гүйж байгаа юм чинь залуучууд энэнээс ч илүү гүйнэ гэдэг санаа сэдэл төрсөн байх гэж бодож байна. 

ОУХМ Б.Болдбаатар энэ нэг сарын хугацаанд 3 шүлэг, нэг дууны шүлэгтэй болжээ. Өвөрхангай аймгаар дайран өнгөрөхөд нь тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Ганцэцэг “Мянган бээрийн гүйлт” нэртэй шүлэг бичиж, дурсгасан байна. Энэ шүлэг булган сүүлтэй байж араасаа олон шүлэг дагуулжээ. Алтай нутгийнх нь 1984 оны төгсөлтийнхөн нь “Би тамирчин”  шүлэг, “Хайрлахын учир” нэртэй дууны шүлэг, яруу найрагч М.Билэгсайхан “Би гүйж байна” нэртэй шүлэг гардуулан өгчээ. 

 

Ярилцсан: Ю.Ариунзаяа