Эхлэл Ярилцлага

О.АЛТАНГЭРЭЛ: ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДНЭ ГЭДЭГ НЬ ЯЛ ЗАВШУУЛНА ГЭСЭН ҮГ БИШ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталж, энэ оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг өөрчлөлтөөр зарим хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээснээс гадна хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааг тодорхой болгосон. Энэ талаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх О.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Та Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ажилласан. Эдгээр хуулийг хэрэгжүүлж эхлээд төдийлөн удаагүй байна. Чухам яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах болсон юм бэ?

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шинээр батлан хэрэгжүүлээд удаагүй байсан. Тодруулбал, 2017 оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн шүү дээ. Уг нь энэ хууль олон давуу талтай, хүний эрх, эрх чөлөөг хангасан, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлсэн гол зарчмуудыг суулгасан ч хэрэгжүүлэх явцад шийдвэрлэх шаардлагатай зарим асуудал үүссэн. Тухайлбал, техникийн буюу хэлбэрийн шинжтэй зөрчил цөөнгүй байв. Түүнийг нэг мөр шийдвэрлэхийг зорьсон. Дараагийн ээлжид хөөн хэлэлцэх хугацаа хэт богино байгаагаас гэмт хэрэг үйлдсэн, ялангуяа албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болж, ял завшуулж байгааг тодорхой хэмжээнд засаж, ялаас зайлсхийх боломжийг хааж байгаа юм. Мөн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг мөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж, хөгжингүй улсуудад хэрэглэдэг жишиг рүү нэлээд ойртуулсан гэж хэлж болно.

-Авлига, албан тушаалын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас зарим хүн хөнгөн ял шийтгүүлэх, эрүүгийн хариуцлагаас мултарсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааг ийнхүү өөрчилснөөр яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх зарчимтай зөрчилдөнө гэж зарим хуульч үзэж байгаа. Үүнд хариулт өгнө үү?

Эрүүгийн хууль, тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хууль баталсан. Түүнд авлига, албан тушаалын хэрэг мөрдөн байцаалтын шатанд, эсхүл шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн шалгах тухай тусгасан. Ингэснээр дээрх шалтгаанаар хэрэгсэхгүй болж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн цөөнгүй хэргийг сэргээн шалгах боломжтой боллоо. Ер нь Эрүүгийн хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахад шүүх эрх мэдлийн болон хуулийн байгууллагуудаас заавал санал авдаг. Прокурорын байгууллагаас хөөн хэлэлцэх хугацааг хуульд тусгасан энэ аргаар биш, тодорхой төрлийн хэргүүдэд ногдуулж буй ялынх нь хэмжээг нэмэх байдлаар хөөн хэлэлцэх хугацааг сунгах санал гаргасан. Тухайлбал, “Авлига, албан тушаалын буюу Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдэд оноож буй ял хөнгөн байна. Ялын хэмжээг нэмэгдүүлснээр шалгах хугацааг нь уртасгах боломжтой” гэсэн санал хүргүүлсэн. Үүнийг хууль санаачлагч, тогтоогч нар хүлээж аваагүй ч хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл тоолохоор тусган мөрдөж эхлээд байна. Энэ бол их том дэвшил. Өмнө нь мөрдөж байсан хуулиар гэмт хэрэг гарснаас хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог байсан бол энэ хуулийн өөрчлөлтөд хөөн хэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татсан үеэс зогсохоор тусгасан. Өмнөх хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд дуусвал хэрэгсэхгүй болгодог байсан бол одоо хэргийн мөрдөн байцаалт эхэлсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болсон гэсэн үг.

Гэхдээ энэ заалт хүний эрхэд халдсан, эрүү шүүлт тулгасан, эрүүдэн шүүсэн шинжтэй болсон гэж зарим хүн үзэж буйг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд гэмт хэрэгт холбогдоод түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан ч мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадахгүй байлгаад байвал тухайн хүнийг насан туршид нь яллагдагчаар тооцох магадлалтай байсан. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулах нийт хугацааг буюу дээд хэмжээг тогтоосон. Түүнд гэмт хэрэг гарснаас хойш тухайн гэмт хэрэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаанд мөрдөн байцаалт явуулна гэж заасан. Өмнөх хуульд таван жил гэж тусгасан байсан бол шинэ өөрчлөлтөөр мөрдөн байцаалт явуулахтайгаа нийлээд 10 жил шалгаж болохоор боллоо.

-Хэрэгт холбогдогчийн эрх зүйн байдлыг нь дордуулаагүй гэж үү?

Дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулсантай холбоотойгоор Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг шинээр баталсан. Энэ хуульд зарим хуульч шүүмжлэлтэй хандаж, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль буцааж хэрэглэх гэж байна хэмээх болсон. Тийм биш, энэ зөвхөн Монголд баталсан хууль биш. Албан тушаалын хэрэгт ялыг хүндрүүлсэн хууль буцааж хэрэглэж байгаа тохиолдол олон улсад бий. Тиймээс эрх зүйн байдлыг нь дордуулсан хууль хэрэглэлээ гэж үзэж болохгүй. Энэ хуулийг Эрүүгийн хуулийн үндсэн зорилгод нийцүүлэн гэмт этгээдэд нийгэмд учруулсан хохирол, хор уршигт тохирсон ял оноох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс баталж гаргасан нь харин ч цаг үеэ олсон. Мөн Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэдэг болохоос биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль батлагдсан өдрөөсөө л хэрэгждэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд дээр хэлсэн мөрдөн байцаалт явуулах хугацааг шинээр тогтоосон уг заалтыг хууль хүчин төгөлдөр болсон үеэс мөрдөнө.

-УИХ-ын гишүүн Б.Батзориг холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хандсан нь олны анхаарлыг татлаа. Ийм ажиллагаа анх хаанаас үүсэв?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ оны нэгдүгээр сарын 10-нд оруулсан өөрчлөлтөөр хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинэ түвшинд гаргасан. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ойлголт манай улсын хуульд сүүлд орж ирсэн ч амжилттай хөгжиж байгаа.

1840 онд АНУ-ын Массачусетс муж улсад гэм буруугийн тохиролцоо гэдэг байдлаар энэ ойлголтыг прокурор гаргаж ирсэн юм билээ. Хууль, шүүхийн байгууллагын ажлын ачаалалтай холбоотойгоор энэ аргыг хэрэглэх болсон гэдэг. Тухайн үед нэг лонх архинд ногдох татварын хэмжээг нэмэгдүүлж л дээ. Үүнтэй холбоотойгоор иргэд гэртээ архи нэрэх болж, хэрэглээ нь хяналтаас гарч, нэмэгджээ. Үүнийг дагаад гэмт хэрэг өсөж, шалгах, нотлох үүрэг бүхий байгууллагын ачаалал нэмэгдсэн байна. Иймд прокуророос гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үйлдсэн хэргээ хүлээсэн тохиолдолд урамшуулал үзүүлдэг болсон. Тухайн этгээд таван гэмт хэрэг үйлдсэн байлаа гэж бодоход бүгдийг нь хүлээвэл хоёрт нь ял оноогоод бусдад нь эрүүгийн хариуцлага ногдуулдаггүй байж. Энэ нь нэлээд үр дүнтэй байсан ч Холбооны шүүх нь хүний эрхэд халдсан, шударга ёсыг тогтоох үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэн тохиролцож шийдвэрлэсэн хэргийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон гэдэг. Холбооны шүүх нь ингэж шийдсэн ч АНУ-ын зарим муж улсад хэрэглэсээр л байж. 1910-аад оноос хойш АНУ-д гэмт хэрэг эрс нэмэгдсэн.

Энэ үеэс ял наймаалцах буюу гэм буруугийн тохиорлцоо хийж шийдвэрлэсэн хэргийн тоо ч өссөн байна. Гэхдээ улстөрчид нь ийн шийдвэрлэж буйг эсэргүүцэн, хүний эрх, эрх чөлөөнд халдлаа гэх болсон. Гэсэн ч улстөрчидтэйгөө тохиролцон баталгаажуулсан гэдэг. Гэм буруугийн тохиролцоо хийж, хэргийг шийдвэрлэхэд улсын төсвөөс шүүх ажиллагааны зардлыг ихээхэн хэмнэсэн нь улстөрчидтэйгөө тохиролцох нөхцөл болж чадсан. Эцэст нь, 1967 онд Холбооны шүүх нь хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх нь хүний эрх, эрх чөлөөг хөндөөгүй гэсэн шийдвэр гаргаж албан ёсоор баталгаажуулсан юм. АНУ-д өдгөө уг ажиллагааг өргөн хэрэглэдэг. Нэг жилд хэлэлцсэн хэргийн 97 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэсэн үзүүлэлт байдаг юм билээ. Энэ нь тэнд гэм буруугийн тохиролцоо дээд зэргээр хөгжсөнийг харуулж байгаа юм. АНУ-д энэ процессыг их товчилж өгсөн. Гэхдээ жишиг хуультай улсуудад тухайлбал, АНУ-д эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татмагц л шүүх бүх асуудлыг шийддэг. Гэм буруугийн тохиролцоо буюу хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүхийн ажиллагаа явуулдаг олон шат дамжлага үгүй болно. Хэргийн холбогдогч гэм буруугаа хүлээсэн байна, төдөн жилийн ял онооно гээд л шийдвэрлэдэг. Энэ нь эдийн засгийн хэмнэлттэй.

-Манайд энэ ажиллагааг хэрхэн явуулдаг юм бэ?

Манайх бол АНУ-ынхаас өөр. Бид бичмэл хууль мөрддөг. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах эрх нь прокурорт бий. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэдэг нь хэрэг шалгах хугацааг багасгаж байгаа юм. Үүгээрээ гол ялгаатай. Өөрөөр хэлбэл, ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх юм бол хийх гэж буй ажиллагаанаас шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа дуустал мөрдөн байцаалт явуулах боломжтой байдаг. Харин хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд хэрэг мөрдөн байцаалтад ердөө 14 хонож, прокурор 72 цагийн хугацаанд хянаад, ажлын тав хоногт шүүх шийдвэрлэж байхаар хуульд өөрчлөлт орсон.

Манайд мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 2007 оноос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх заалт орж ирсэн юм. Тухайн үедээ тодорхой хэмжээнд хэрэгжиж байв. Гэхдээ шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо цөөн байсан. Яагаад гэхээр поркурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох хууль үйлчилж байсантай холбоотой. Харин одоо бүх хэргийг шүүхээр хэлэлцэж байж шийдвэр гаргадаг болсноор энэ журмаар шийдвэрлэсэн тоон үзүүлэлт өссөн. Гол нь шүүхээс хялбаршуулсан журмаар хэрэг шийдэхдээ ял шийтгэл оногдуулах тал дээр сайтар анхаарах ёстой байдаг. Бид хялбаршуулж шийдэж байгаа юм чинь гээд хэт бага ял өгөх, ялаас чөлөөлөхийг урьтал болгож болохгүй. Бусад орны жишгээс харахад ял тохиролцож байгаа нь хэзээнээс эхэлж буйгаас шалтгаалж ялын төрөл өөрчлөгддөг юм билээ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татмагц гэм буруугаа хүлээж, ялаа тохиролцъё гэх юм бол нэг өөр, мөрдөн байцаах ажиллагаа дуусаад шүүхэд шилжүүлэхийн наана ялаа тохиролцъё гэвэл арай дээгүүр ял оноох жишээтэй. Мөн ял оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талаар тодорхой шалгуур үзүүлэлтийг багтаасан таблиц гаргадаг. Түүнд нь уг этгээд мансуурах донтой, эсэх, оршин суух хаягтай, эсэх, орлоготой, үгүй гэх мэт нарийн зүйлээр судалж дүгнээд, оноо өгч, ял ногдуулахдаа харгалздаг юм байна лээ.

-Уг нь өмнө мөрдөж байсан хуульд хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх заалт байсан гэлээ. Яагаад тэр бүр хэрэглэж байгаагүй юм бол?

2017 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17 дугаар зүйлд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.7-д заасныг баримталж шийдвэрлэх талаар тусгасан. Харин дээрх зүйлд заасан хэмжээний хүрээнд хялбаршуулсан журмаар хэргийг шийдэхдээ хорих ялаас чөлөөлөх, хорих ял оноохгүйгээр тэнсэх, хорих ялаас доогуур ял ногдуулах талаар заасан мөртлөө бусад төрлийн ялаас чөлөөлөх тухай тусгаагүй. Энэ нь тэгш эрхийн зарчимтай харшилдаж байсан тул сая хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх хүртэл шүүхээс хорих ялаас чөлөөлөх талаар тусгасан заалтыг огт хэрэглээгүй юм. Нэгдүгээрт, ийм нөхцөл байдал үүссэн байсныг сая батлагдсан өөрчлөлтөөр зассан. Хоёрдугаарт, ял наймаалцана гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй прокурор тохиролцоно гэсэн үг. Гэмт хэргийн холбогдогч хүн ямар ч боловсролтой байж болно. Ямарваа нэг тохиролцоо гэдэг нь нэгдүгээрт, хоёр талаасаа ижил хэмжээнд асуудлыг шийдэх хүмүүс л хэлэлцэх ёстой байтал нэг тал нь хуульч байхад нөгөөх нь эрх зүйн талаар ямар ч боловсролгүй хүн байна гэдэг нь боломжгүй зүйл.

Эрх зүйн мэдлэг дутмагаас нь шалтгаалаад тохиролцохдоо хийгээгүй гэмт хэргийг хийсэн болж, хилсээр шийтгүүлэхийг үгүйсгэхгүй. Эдгээрийг хаах зорилгоор хуулийн өөрчлөлтөд оруулсан гол зүйл бол “ялын тохиролцоо хийхэд өмгөөлөгчийг байлцуулна” гэсэн заалт. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй тохиролцоо хийхэд заавал өмгөөлөгч байх тул хүний эрх хамгаалагдана. Гуравдугаарт, хөгжингүй улсуудад хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд хохирогч нэг их оролцоод байдаггүй. Өөрөөр хэлбэл, ял тохиролцох гол байдал нь үйлдсэн хэргээ үнэн, зөвөөр өөрөө хүлээх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, эсвэл төлөхөө илэрхийлсэн, эсэхийг голлож үздэг. Манай хуульд хэргийн холбогдогч нь хохирогчтойгоо эвлэрч, түүнийхээ дараа прокурортой ял тохиролцдог байсан юм. Харин сая шинээр оруулсан өөрчлөлтөд хохирогчтой эвлэрсэн байхыг шаардахаа больсон. Хохирогчийн шантаажид орж, эрхээ эдэлж чаддаггүй байсныг ийм байдлаар өөрчилж, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлсэн юм. Дөрөвдүгээрт, шүүхээс ял оноохдоо прокурор яллагдагчтай тохиролцсон ялын хүрээнд түүнийг нь дордуулахгүй байхаар өөрчилсөн.

-Хохирогч нь хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхгүй гэвэл хэрхэх вэ?

Хохирогчийн гомдлыг харгалзан үзнэ. Хохирогчийг огт харгалзахгүй, тохиролцоод явна гэсэн ойлголт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн, эсэхийг нь шүүх харгалзан үзэхээр хуульчилсан. Тэгэхээр хохирлоо төлөх боломжтой, эсэхийг ч харгалзан үзэж, нягталж шийдвэрлэнэ гэж ойлгож болно.

-Хуульд хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх заалт оруулснаас хойш жилд хэчнээн хэрэг шийдвэрлэдэг болов. Манай шүүхийн ачаалал буурсан уу?

2017 оны долдугаар сарын 3-наас хойш шийдэж буй бүх хэргийн 42 хувийг хялбаршуулсан журмаар хэлэлцсэн гэсэн статистик бий. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тоон үзүүлэлт илүү өсөх болов уу гэж тооцоолж байгаа. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн тоон үзүүлэлт нэмэгдээгүй гол шалтгаан нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой. Нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаатай хэрэгт ял тохиролцон, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүн байхгүй. Хэргээ аль болох удаашруулж, хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаж хаалгахыг л бодохоос биш, хурдан шийдүүлж, ялаа авъя гэх хүн байхгүй. Одоо хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсанаар зогсоож байгаа учраас аль болох хурдан шийдвэрлүүлэх эрмэлзэл төрөх болов уу. Хоёрдугаарт, ялаас чөлөөлөх, хорих ялаас доогуур ял ногдуулах боломжийг нь хуульд тодорхой заасан болохоор энэ аргаар хэргээ шийдвэрлүүлэх нь нэмэгдэнэ. Ийм байдлаар хэргээ шийдвэрлүүлэх гэсэн хүсэлт нэмэгдсэн. Ялангуяа ээдрээ төвөгтэй, албан тушаалын хэргүүдэд ийм хүсэлт их гаргаж байгаа. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан хүн болгоны холбогдсон хэргийг хэлэлцэх боломжгүй. Хуульд хорих ялын доод хэмжээ найм буюу түүнээс дээш жил хугацаа заасан байвал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж байхгүй. Олны анхаарал татсан хэргүүдээс ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой, УИХ-ын нэр бүхий гишүүнээс бусад албан тушаалтны хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн.

Манай Эрүүгийн хуулийн гол зорилго нь нийгмийг гэмт халдлагаас хамгаалах. Хуулийнхаа зорилгыг биелүүлэхийн тулд ялын бодлогоороо зохицуулж явдаг. Эрүүгийн хуулиар ногдуулж байгаа ялыг тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, шинж байдал, учруулсан хохирлын хэмжээ зэргээс шалтгаалж оноох үндсэн зарчимтай.

-Олны анхаарал татсан зарим хэргийн явцын талаар хэвлэлээр бичих гэхээр “Мөрдөн байцаалтын нууц” гээд, сэтгүүлчдэд мэдээлэл өгдөггүй. Нууцад хамаарахаас бусад үйл явцыг нээлттэй мэдээлж болдоггүй юм уу?

Хэргийг нотлох гэж баримт цуглуулах үйл явцыг мөрдөн шалгах ажиллагаа гэдэг. Хэрэг шийдвэрлэж буй мөрдөгчийн ажилд прокурор хяналт тавьдаг. Хавтаст хэрэг бол нууцын зэрэгтэй бөгөөд тэнд цуглуулсан баримтын талаар мэдээлэл өгөхийг хуулиар хориглосон. Эцсийн шийдвэр гарахаас өмнө хэргийн талаар нийтэд мэдээлэл өгчихвөл шалгах явц нь удааширч, гэмт хэрэгтэн нотлох баримтаа дарагдуулах, байгааг нь үгүйсгэж, өөрийг зохиох зэргээр саад учирна. Гэвч энэ нь хуулийн байгууллагууд бүх хэргийг нуу гэсэн үг биш. Тэгэх ч шаардлагагүй. Мөрдөн шалгах явцад тогтоогдсон баримтаа дэлгэхгүйгээр хэргийн процессын талаар нээлттэй мэдээлж болно. Гарсан хэргийг шалгах үйл явц аль шатандаа байгаа, шүүх рүү шилжүүлэх үү, үгүй юү гэх талаар мэдээлэх ёстой. Энэ нь иргэдийн хуулийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

-Эрүүгийн хуулийн мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулж буй ялыг чангатгаж, өнчин ишиг авсан ч хорих ял оноох болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд урьд нь нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл хорих ял оноодог байсныг өөрчлөөд, зөвхөн хорих ял шийтгэдэг болсон. Мөн хүндрүүлэх нөхцөлд тооцох тохиолдлыг ч нэмсэн. Олон тооны мал гэдэгт найман бод, 24 богийг тооцож байсныг багасгаад, гурван бод юм уу, 12 бог хулгайлсныг хүндрүүлэх нөхцөлд тооцон, ялын бодлого чангарсан гэж дүгнэж байна.

эх сурвалж: "Өнөөдөр" сонин