Эхлэл Подкаст

2021-06-11 18:04:55.0

ХОХИРОГЧ ЯМАР ЭРХ ЭДЭЛЖ, ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ ВЭ?

Проподкаст №44

УЕПГ-ын ОНХА-ны мэргэжилтэн Ю.Ариунзаяа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч ямар эрх эдэлж, үүрэг хүлээдэг талаар Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалтай ярилцлаа.  

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.  
  • Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргадаг.  
  • Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.
  • Хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрхүүдийг эдэлдэг.  

- өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах;

- хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах;

- мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;

- шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох,

- эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

- хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах;

- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;

- шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолын хувийг авах;

-шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;

- эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах;

- шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах;

- өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирогч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэх; хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрт илэрхий болсон хэргийн талаархи мэдээллийг задруулахгүй байх; эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих үүрэгтэй.
  • Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэдэг.  
  • Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол хохирогчийн хуульд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ.