Эхлэл Онцлох мэдээ

2021-09-30 09:42:13.0

БНЭУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БОЛОВСРОЛ СОЁЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОЁРДУГААР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НОЁН Р.Ж МАНАНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын Ерөнхий прокурорын газраас прокурор, ажилтныг мэргэшүүлэх, гадаад хэлний мэдлэгийг сайжруулах бодлогын хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны боловсрол соёлын асуудал эрхэлсэн хоёрдугаар нарийн бичгийн дарга Ноён Р.Ж Мананг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.  

Тус уулзалтад Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга  Б.Бат-Орших, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв болон албаны бусад хүмүүс оролцож, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын их дээд сургууль, коллежид дунд болон урт хугацааны сургалтад прокурор, ажилтнуудыг хамруулах асуудлыг хэлэлцсэн юм. 

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Энэтхэг Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр, хамтын ажиллагааны хүрээнд прокурорын байгууллагатай олон талт хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлж, найрсаг харилцааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.