Эхлэл Онцлох мэдээ

ОХУ-ЫН ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий прокурорын урилгаар Оросын Холбооны Улсын Цэргийн ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид ажил хэргийн айлчлал хийлээ.

Монгол Улсын Ерөнхий прокурор Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн ерөнхий прокурор Петров Валерий Георгиевич тэргүүтэй, Дорнод цэргийн тойргийн прокурор, дэслэгч генерал Заряев Сергей Александрович болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар манай хоёр улсын хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах ач холбогдлыг онцолж, Оросын Холбооны Улсын болон Монгол Улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хөгжлийн талаар, мөн ажлын айлчлалын үндсэн зорилго болох Цэргийн албаны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр улсын хууль, эрх зүйн орчин, хуулийн зохицуулалт, прокурорын хяналтын ажлын чиглэлээр туршлага, мэдээллийг солилцох асуудлаар харилцан ярилцав.

Айлчлалын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын Газраас "Цэргийн албаны эсрэг эрсэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, урьдчилан сэргийлэх ажил" сэдэвт сургалт, семинарыг цахим хэлбэрээр зохион байгуулж, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил Хамгаалах Ерөнхий Газар болон Прокурорын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 400 орчим албан хаагч оролцсон байна.