Эхлэл Нийтлэл

ЭПИЛЕПСИ /УНАЛТ, ТАТАЛТ/ ӨВЧТЭЙ ЖОЛООЧИЙН ҮЙЛДСЭН ЗАМ ТЭЭВРИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХЭД ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГА

Тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, замын хөдөлгөөний нягтрал, ачаалал нэмэгдэхийн зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос хүний амь нас, эрүүл мэнд, бусдын эд хөрөнгөд хохирол учруулах явдал багасахгүй байна. Нөгөө талаар замын хөдөлгөөнд оролцогчдоос Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох соёл ихээхэн дутагдаж байна.

Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, хохирлын байдалд тээврийн хэрэгслийн өсөлт, замын хөдөлгөөний нягтрал, замын байгууламж болон түүний орчны байдал зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлөхөөс гадна замын хөдөлгөөнд оролцогчдын сэтгэцийн эрүүл мэндийн байдал ч нөлөөлж байна. Уналт, таталт өвчтэй жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж буй шалтгаан нөхцөлийг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, доктор Б.Дэлгэрмаа судалсан байна. 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, доктор Б.Дэлгэрмаа: 

Хууль, журмыг мөрдөж, хэрэгжүүлэх ялангуяа замын хөдөлгөөнд дүрмийн дагуу аюулгүй байдлыг хангаж оролцоход хүний сэтгэцийн эрүүл мэнд чухал нөлөөтэй. Сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг олон хүчин зүйлд /хүрээлэн буй орчин, зуршил, тэр ч байтугай генетик орно. Хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийг зөв танин мэдэж, зөвөөр ойлгож, зөв үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож, нийгэм хамт олны дотор дасан зохицох чадвартай бол сэтгэцийн хувьд эрүүл гэж үздэг байна. Манай орны таван хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж, хоёр хүн тутмын нэгд нь сэтгэцийн тулгамдсан асуудал байдаг гэсэн судалгаа бий. Хүмүүс сэтгэцийн эмгэгтэй гэхээр солиоролтой, орилж хашгирсан, хэвийн биш хүнийг л хэлнэ гэж ойлгодог. Сэтгэцийн эрүүл мэндийг сэтгэцийн эрүүл байдал, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн өвчин гэж 3 ангилна.

Сэтгэцийн эрүүл байдал: гэдэг нь хүн сэтгэцийн өвчин эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн ажиллах, амьдрах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадах байдлыг ойлгоно.

Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал: нь нийгэм сэтгэлзүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг ойлгоно. Жишээ: ядуурал, ажилгүйдэл, архидалт, мансуурал, хүчирхийлэл, гэр бүл салалт, гэр бүлийн буруу хүмүүжил нийгмийн бухимдал, нийгэм сэтгэл зүйн бусад сөрөг үзэгдэл гэх мэт. Нойргүй болох, сэтгэлээр унах, гутрах, санаа зовох, мартамхай болох, толгой өвдөх, айж түгшдэг, архи их, бага хэмжээгээр хэрэглэдэг, тамхи татдаг, компьютер тоглодог, ядарч байна, сульдаж байна гэж хэлдэг хүн болгон сэтгэцийн тул¬гамдсан асуудалтай болжээ гэж ойлгож болно гэж сэтгэцийн эмч нар дүгнэж байна.

Сэтгэцийн өвчин гэдэгт: өвчний олон улсын ангилалын Сэтгэц зан үйлийн эмгэгүүд бүлэгт заасан оношлогооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хэлдэг байна.

Нийслэлийн хэмжээнд 2019 онд унаж, татдаг өвчтэй жолооч нар зам, тээврийн осол, гэмт хэрэгт холбогдож, хүний амь нас хохироосон 3 тохиолдол гарсан. Гэтэл тухайн гурван тохиолдлын гурвууланд нь дээрх өвчнүүдийн шинж тэмдэгтэй хүн эмнэлгийн хуудсыг зохих төлбөрөө төлж аваад, жолоочийн үнэмлэх авсан байдаг.

Хэргийг шалгах хугацаанд харъяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нараар дүгнэлт гаргуулан, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй шалтгаанаар зарим жолооч нарын эрхийг түдгэлзүүлжээ. Тухайлбал: Нэг жолооч зам тээврийн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироох хүртлээ, замын хөдөлгөөнд байнга оролцож, уналт таталт /Эпилепси[1]/ түр зуурын ухаан баларталтын улмаас удаа дараа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан хэдий ч, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдахгүй замын хөдөлгөөнд оролцож явсаар байгаад эцэст нь түр зуурын ухаан баларталтын улмаас явган хүний замаар явж байсан 13 настай явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч Я.Ганхүү:

Сэтгэцийн өвчин нь маш олон шалтгаанаас үүсдэг. Шалтгааныг ерөнхийд нь 3 ангилдаг.  1-рт Биологийн хүчин зүйл: Үүнд дотоод шалтгаант сэтгэцийн эмгэг, биеийн өвчний шалтгаант сэтгэцийн эмгэг, тархины сөнөрөл, тархины гэмтэл, судасны шалтгаант сэтгэцийн эмгэг, халдвар хордлого орно. 2-рт Нийгмийн хүчин зүйл: Үүнд ялгаварлан гадуурхах, архидалт, мансуурал, гэр бүлийн салалт, гэр бүлийн хүмүүжил ядуурал, ажилгүйдэл нийгмийн бусад сөрөг хүчин зүйл гэх мэт, 3-рт Сэтгэл зүйн хүчин зүйл: Үүнд бие хүний дотоод будлиан, сэтгэлийн цохилт, стресс, стрессээ тайлах чадваргүй байдал, гутранга, ирээдүйдээ үл итгэх эмгэг зан төлөв, сэтгэл зүйн буюу бусад сөрөг хүчин зүйл орно. Удамшлын болон удамших хандлагатай сэтгэцийн өвч­нүүд байдаг. Стресс буюу удаан хугацаанд сэтгэ­цийн хямралтай байх, архи, хар тамхи зэрэг хорт зуршлууд, тархины гэмтэл, бие бялдрын хүнд өвчнүүд, судасны эм­гэгүүд­­ мэт маш олон шалтгаанаас  сэтгэцийн өв­­чин  үүсдэг. Нийгмийн бухим­дал ч бас нөлөөлдөг.  Монгол Улс дэлхийн  хөгжингүй орнуудаас сэтгэцийн эмгэ­гийн тархалтаараа 8-10 дахин бага байдаг. Манай сэтгэцийн эмгэгийн тархалт 1000 хүнд 25 байдаг бол  АНУ, Япон зэрэг ор­нуудад 150-200 байдаг. Ер нь нийгэм хөгжихөд сэт­гэцийн өвчин дагаад ихэс­дэг гэж болно. Жишээ нь, сүүлийн жилүүдэд манай улсад нийгмийн  байдалтай холбоотой архинд донтох өвчин, мансуурах дон, сэт­гэл гутрал, амиа хорлох байдал, түгшүүр, сэтгэц биеийн өвчнүүд мөн сургууль завсардалт, гадуур тэнэх дон, биеэ үнэлэх гэх мэтчилэн сөрөг үзэгдлүүд ч нэмэгдэж байна. Судалгааны дүнгээс үзэхэд эпилепси буюу унаж, татдаг өвчний талаар хүн амын дунд ойлголт муу байна. Эпилепси өвчин нь ямар төрлийн өвчин болохыг тайлбарлавал, мэдрэлийн өвчлөлийн дотор нэг хувийг эзэлдэг, элбэг тохиолддог өвчин.

Энэ өвчнөөр 0-80 насныхан өвчилдөг гэж үзэхэд наснаасаа хамаараад 20 хүртэл насанд төрөлт удаан явсан, бүтсэн, халууралт, удамшилт зэргээс болдог. Харин 20-35 насанд гэмтэл бэртлээс шалтгаалдаг. Түүний дийлэнх нь зам тээврийн осол, хамгаалалтгүй мотоцикль унах зэрэг эзэлж байна. 35-50 насанд тархины цус харвах, хавдар зэрэг голомтот өөрчлөлт нөлөөлж байна. Харин 60-аас дээш насанд даралт ихсэх, тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж дээрх өвчин илэрч байна.

Эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг. Уналт, таталт өгдөг гэхээр удамшлын өвчин гэж ойлгох нь бий. Уналт, таталт өгөх нь сэтгэцтэй холбоотой хэмээн үздэгээс гадуурхагдах, өвчнийхөө талаар мэдэхгүй, оношлуулаагүйгээс олон хүн тэр дундаа хүүхэд, залуучуудын дунд ихээхэн тархмал байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна. Энэ өвчин нь эмээ тогтмол хэрэглээгүй, ядарсан үед сэдэрч өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй болтлоо ухаан нь балартаж, улмаар эдгээр гэмт хэргүүдийн улмаас өөртөө болон бусдад аюул учруулж, хүний амь нас, эрүүл мэнд хохирч, эд хөрөнгийн хохирол учирч болно.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, доктор Б.Дэлгэрмаа: Уналт, таталт өвчтэй жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж буй шалтгаан нөхцлийг судалж үзээд унаж татдаг эпилепси өвчтэй хүн хэрэв зам тээврийн гэмт хэрэг үйлдвэл, Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлага байгааг онцолж, эрх зүйн зохицуулалтын талаар саналаа дэвшүүлсэн байна.

 Практикт согтуурсан үедээ зам тээврийн осол, гэмт хэрэг үйлдэхээс гадна гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан тохиолдлууд цөөнгүй гарч байна.

Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ч согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох нь тогтоогдвол түүнд оногдуулсан ял дээр нэмж мөн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болдог. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа тохиолдол нь Эпилепси буюу унаж, татдаг өвчтэй хүмүүст зонхилж байна.

Уналт таталт /Эпилепси/ гэдэг эмгэг нь мэдрэл сэтгэцийн архаг өвчин ба голчлон эпилепсийн уналт болон бусад сэтгэцийн өвөрмөц хэлбэрийн өөрчлөлтийн клиникийн шинж тэмдэгтэй, дотоод шалтгаантай, даамжрах явцтай сэтгэл мэдрэлийн архаг эмгэг юм. Энэ өвчин нь гэнэт эхэлдэг, богино хугацаатай үргэлжилдэг, үе үе давтагддаг, эхэлсэн шигээ гэнэт арилдаг, клиник шинж нь унаж татах, ухаан балартах зэрэг шинжүүдээр зонхилон илэрдэг сэтгэцийн түр зуурын өөрчлөлтөөр илэрдэг. Түр зуурын ухаан балартал үүссэнээс болж хойших ойгүйдэл үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл гэнэт ухаан алдах үедээ түрхэн зуурын болсон асуудлыг эргэн санахгүй байх боломжтой. Харин уналт өгөөгүй үедээ болсон зүйлийн талаар мэдүүлэг өгөх чадвартай, эрүүл хүнээс ялгагдахааргүй байдаг. Жолооч хэдийгээр өвчний учир тухайн агшинд ухаан алдаж, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан боловч хэрэг шалган, шийдвэрлэх үед хэрэг хариуцах чадвартай /хэрэг хариуцах чадваргүй байдал нь арилсан/ эсэхийг ч мөн шалгаж тогтоодог.

Нөгөө талаар сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүйгээс гадна сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүн гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсний улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна мөн хуулийн арван есдүгээр бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгох зохицуулалттай.

Эрүүгийн хариуцлагын нэг гол зорилго бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэгийн хувьд шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болдог.

Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт яллагдагчид оногдуулах хариуцлагын асуудалд шууд хамааралтай. Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжилгээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нараас гадна мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй хийдэг. Учир нь уналт, таталт /Эпилепси/ нь сэтгэл мэдрэлийн архаг эмгэг тул шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтрэх магадлалтай тул тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг гаргах шаардлагын үүднээс мэдрэл судлалын салбар зөвлөлийн нарийн мэргэжлийн мэдрэлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр, өөрөөр хэлбэл, мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн багаар хийлгэх, тухайлбал, Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжилгээний дүгнэлтийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч нараас гадна Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэдрэл судлалын салбар зөвлөлийн нарийн мэргэжлийн мэдрэлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргах шаардлагатай байдаг. Ингэж шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж, чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх юм.

Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болон гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эдгэрсний дараа ял оногдуулна. Гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа сэтгэцийн эмгэгтэй болж өөрийн үйлдлийн бодит шинж чанар, хор уршгийг ухамсарлах, үйлдлээ удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг ял эдлэхээс чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт ч Эрүүгийн хуульд байгаа.

Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болно[2] гэсэн заалтын дагуу зам тээврийн осол, гэмт хэрэг үйлдэх үедээ шинж тэмдгийн уналт таталт /Эпилепси/ түр зуурын ухаан баларталт, хойших ойгүйдэл эмгэгтэй байсан хүнд шүүхээс асран хамгаалагчид халамжлуулахаар шийдвэрлэсэн тохиолдол ч гарч байна. Тухайлбал: Жолооч Б нь гэмт хэрэг[3] үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадахгүй байсан байх боломжтой байсан нь шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, “...дээрх эмгэг нь эмийн болон эмчилгээний дэглэмийн үр дүнд мэдрэлийн эмчийн байнгын хяналтад байж эмчлэгдэн засрал сайжрал авах боломжтой болно...“ гэсэн шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, асран хамгаалагчид халамжлуулахаар шийдвэрлэсэн байна.[4]

Харин гэмт хэрэг үйлдэх үедээ /G40/ эпилепси, абсанс хэлбэрийн унаж татдаг өвчинтэй, хэрэг хариуцах чадваргүй байсан шүүгдэгчийн өвчин нь сэдэрсэн үедээ өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гээд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүүх сэтгэц эмгэг судлалын тусгай тасагт 1 жилийн хугацаагаар хэрэглэх /энэ зам тээврийн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон/ шийдвэрийг шүүхээс гаргасан байна.[5] Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад прокурор хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлнэ. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно.[6]

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, хугацааг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх тогтоох бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа, эсхүл үгүйсгэж байгаа нотлох баримтыг шалгаж, түүний сэтгэцийн өвчний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг сонсож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад байдлыг хянан үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлд “Сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэх” журмыг хуульчилсан бөгөөд “...яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргана. Шүүх хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинжээч томилно.” гэж заасан бөгөөд энэ хүсэлтийг прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргах эрхтэй. Сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт гаргахад яллагдагчийг тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгаж, ажиглалт хийх шаардлагатай тохиолдолд шүүх шинжээчийн саналыг үндэслэн яллагдагчийг эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтанд байлгах тухай шийдвэр гаргана. Эмнэлэгт хэвтүүлж, эмчийн хяналтад байсан хугацааг цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцох ч журам байгаа.

Нөгөөтэйгүүр жолоочийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон шийдвэр гарсан эсэх, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, хэдэн хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан, асран хамгаалагч тогтоогдсон эсэх зэрэг асуудлууд.

Жолоочид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзвэл яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд тогтоогдох эсэх /асран хамгаалагч/, хэрэв тогтоогдсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцох эсэх зэрэг асуудлыг нэг мөр шалгаж тогтоодог.

Сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдоогүй бол түүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол болон хариуцлагыг шүүхэд хамгаалж, төлөөлөх үүргийг хэн нэгэнд хариуцуулах боломжгүй юм. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй;” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасны дагуу өмгөөлөгчийг нь заавал оролцуулж, мэдүүлэг авдаг.  

ДҮГНЭЛТ:

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд "Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх", Монгол Улсын Үндсэн хуульд "Иргэн амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж заасан тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх бүхий албан байгууллагууд замын хөдөлгөөнд оролцогчдын дүрмийн бус үйл ажиллагааг багасгах, хөдөлгөөний соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Эпилепси /уналт, таталт/ өвчтэй жолоочийн үйлдсэн зам тээврийн гэмт хэрэг, зөрчил сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулахуйц өвчтэй болон унаж, татдаг өвчний шинж тэмдэгтэй жолооч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хэрхэн шийдвэрлэх, жолоодох эрх олгохдоо эмч нарын үзлэгээр бүрэн хамрагдаж, үнэн, зөв дүгнэлт тогтоогдож байгаа эсэх, зөв оношлох асуудлыг зохих шатанд нь хариуцлагажуулах Жишээ нь: Америкийн нэгдсэн улсын автомашины ослын 5-10 хувийг эпилепситэй хүмүүс эзэлж байдаг. Эпилепстэй гэж оношлогдсон хүмүүсийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бүс нутагтаа хорьдог байна. Гэсэн хэдий ч ихэнх газарт хэрэв өөрийн эрүүл мэнд нь хэвийн болсон гэдгээ шалгуулан баталгаажуулбал хуульдаа нийцүүлэн зарим тохиолдолд жолоодох эрхийг олгодог байна.

Жолоодох эрх олгох эмнэлгийн оношлогоонд оношийг тогтооход туслах нарийн шинжилгээ болох: EEG (electroencephalogram) гэж нэрлэгддэг тархины долгионы хэв маягийн таталттай холбоотой өөрчлөлтийг хайж олох, цусны шинжилгээ, тархины тусгай рентген зураг, MRI зураг, нойрны тест, цаашлаад шинжилгээний байгууллагын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээ олон улсын байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэлтэй нийцүүлэх шаардлагатай байна.

 

 

[1]Эпилепси өвчин нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг бөгөөд дэлхийн нийт хүн амын нэг хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсэж ухаан алдах, татах хэлбэрээр илэрдэг өвчин.

 

[2]Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг

[3] Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон.

[4]Эрүүгийн 1903000360106 дугаартай хэрэг, 2019 оны 12 сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

[5] Эрүүгийн 1903012660018 дугаартай хэрэг, 2021 оны 03 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн.

[6] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7,8 дахь хэсэг