Эхлэл Мэдээ мэдээлэл

2021-10-01 12:23:40.0

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэд хэдэн ажлыг зохион байгуулсан байна. Тухайлбал, Төрийн байгууллагын албан хаагчдад авлигын гэмт хэргийн талаарх мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Аялдаг ном”-ыг гаргаад байна. Уг номд авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн мэдээ мэдээлэл, хууль эрх зүйн зохицуулалтууд багтсан бөгөөд эхний ээлжид аймгийн Засаг даргын тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, Татварын хэлтсийн удирдлагуудад хүлээлгэн өгчээ.

Мөн хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор уршиг, холбогдох хууль тогтоомжийн талаар тараах материалыг бэлтгэн, аймаг дахь Политехник коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд болон аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн байна.

Эрүүдэн шүүх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрх бүхий албан тушаалтнуудад мэдлэг олгох, өдөр тутмын ажилд нь мөрдлөг болгуулах зорилгоор “Бид хамтдаа эрүүдэн шүүхийг зогсоож чадна” сэдэвтэй ажил төлөвлөлтийн хуанли гаргаж, аймаг дахь Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих анги, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудад хүргүүлжээ.

Түүнчлэн эрүүдэн шүүсэн талаарх гомдол, хүсэлт хүлээн авах хайрцгийг аймаг дахь Цагдаагийн хэлтэст байршуулсан байна.