Эхлэл Мэдээ мэдээлэл

ЗАРИМ ТӨРЛИЙН ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРСАН Ч ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЗӨРЧИЛ 2 ХУВИАР ӨСЖЭЭ

Өнгөрөгч 7 дугаар сард нийт 489520 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх  6 дугаар сартай харьцуулахад 11 хувиар буурсан. Зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр авч үзвэл 130479 зөрчлийн хэрэг Нийслэлд үйлдэгдэж өмнөх сараас 9 хувиар, орон нутагт 93981 зөрчлийн хэрэг үйлдэгдсэн нь өмнөх сараас 13 хувиар буурсан байна.  

Нийт зөрчлийн хэргийн 96.5 хувийг цагдаагийн байгууллага, 0.19 хувийг мэргэжлийн хяналт, 0.02 хувийг онцгой байдал, үлдсэн хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 164128 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 1 хувиар, 191 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 36 хувиар тус тус буурсан байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 39.4 хувь нь 26-35 насныхан, 27.3 хувь нь 36-45 насныхан байна. 

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 213 сая 568 мянган төгрөгийн хохирол учирч, нийт 252 сая 687 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Өнгөрөгч 7 дугаар сард Танхайрах, Хүний биед халдах, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Мөрийтэй тоглоом тоглох зэрэг зарим төрлийн зөрчлийн гаралт буурсан ч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил өсжээ.  

Тухайлбал, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 73 хувиар, Хулгайлах зөрчил 66 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил тус бүр 52 хувиар, Танхайрах зөрчил 50 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 45 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 43 хувиар, Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах зөрчил 24 хувиар, Хүний биед халдах зөрчил 8 хувиар буурчээ.  

Амралт зугаалга ихэссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 147884 бүртгэгдэж 2 хувиар өссөн байна. Тухайлбал: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.