Эхлэл Мэдээ мэдээлэл

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан, хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгсэлээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын хэрэгжилтийг шалгажээ.

Уг ажлын хүрээнд дээрх журмыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааг шалгасан байна.

Шалгалтаар дээрх журамд зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хуралдах ёстой байтал 21-27 хоногийн дараа хуралдах, худалдан борлуулах, улсын орлого болгох, устгах шийдвэр гаргахын өмнө үнэлгээ хийлгээгүй, устгах ажиллагааг зохион байгуулахдаа тэмдэглэл хөтлөөгүй, үйл ажиллагааны тайлан, мэдээгээ тухайн зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан, мөн орон нутгийн өмчийн бүртгэл хариуцсан болон прокурорын байгууллагад хагас, бүтэн жилээр нэгтгэн хүргүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас зөрчлийг арилгуулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газарт шаардлага хүргүүлж, “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан, хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын талаар Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүдэд сургалт зохион байгуулсан байна.