Эхлэл Мэдээ мэдээлэл

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ 33.9 ХУВИАР БУУРСАН БАЙНА

Энэ оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой нь эНД харьцуулахад 9080 зөрчлийн хэрэг бүртгэгдэж нийт зөрчил 33.9 хувиар, Нийслэлд 50.6 хувиар, орон нутагт 14.8 хувиар тус тус буурсан дүнтэй байна.

Зөрчлийн хэргийн 97.69 хувийг нь Цагдаагийн байгууллага, 0.47 хувийг Мэргэжлийн хяналт, 0.21 хувийг Онцгой байдал, 1.62 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн хуулийн этгээд 55.9 хувиар, шийтгүүлсэн хүн 37.9 тус тус буурсан байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 48.6  хувиар,  Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 51.1 хувиар, Хүний биед халдах зөрчил 10.4 хувиар,  Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 9.0 хувиар, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил  8.7 хувиар тус тус буурсан нь хамгийн өндөр хувьтай байна.

Харин Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 91.7 хувиар,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 62.3 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 22.4 хувиар, Танхайрах зөрчил 10.2 хувиар тус тус өссөн бол Хулгайлах зөрчил өмнөх долоо хоногтой ижил түвшинд байна.

Нийслэлд үйлдэгдсэн Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчлийн хэргийн 57.4 хувь нь зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих,  Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн дийлэнх хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт түлхүү гарсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 78.2 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Өмнөговь, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгуудад хамгийн их гарчээ.