Эхлэл Мэдээ мэдээлэл

УЛААНБААТАР ХОТ ПРОКУРОРТОЙ БОЛОВ

Тэртээ 1931 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн прокурорын газар байгуулагдсан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ТОВЧООН номоос Нийслэлийн прокурорын газрын түүхтэй холбоотой мэдээллийг хүргэе.

1930 оны 1 сарын 31. БНМАУ-ын Шүүх явдлын яамны сайдын 8 дугаар тушаалаар Улаанбаатар хотын прокурорын газрыг Хотын шүүхийг түшиглэн байгуулжээ.

УЛААНБААТАР ХОТ ПРОКУРОРТОЙ БОЛОВ (1931 он)

Улаанбаатар хотын прокурор анх мөрдөн байцаагч гурав, нарийн бичгийн  дарга нэг орон тоотой байгуулагдаж прокуророор С.Пунцагдорж томилогджээ. Ардын байцаагчаар А.Норолхоожав, Г.Жамсран нарыг томилсон байна. Тус прокурорын газар ардын хувьсгалын анхны зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, улс олон нийтийн хөрөнгийг ашиглан шамшигдуулагчид, иргэдийн өмчийг хулгайлах, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хохироогчидтой тэмцэл явуулж, нийслэл хотод шинээр үүсэн хөгжиж байсан аж үйлдвэр , тээвэр холбоо, соёл гэгээрэл, эрүүлийг хамгаалах байгууллагуудыг бэхжүүлэх, шинэ эргэлтийн бодлогыг зөв явуулах, хувьсгалт хуулийн учрыг ард олонд ойлгуулах ажилд голлон анхаарч байжээ.

ХОТЫН ПРОКУРОР ТОМОРЧ ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭВ (1963)

Сн3-ийн тогтоол ёсоор Улаанбаатар хотын прокурорын газрын ажлын шаардлагыг харгалзан орон тоог 14-өөр нэмж жижүүрийн машин нэг, мотоцикл гурвыг тус тус өгч, мөрдөн байцаах ажлын чухлыг харгалзан, мөрдөн байцаагч нарын үндсэн цалинг 650-700 төгрөг болгон нэмсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын прокурорын газар нь жинхэнэ прокурор 1, газар хэлтсийн дарга, туслах прокурор 18, мөрдөн байцаагч 34, бичиг хэрэг, аж ахуйн үйлчилгээний ажилчин  19, бүгд 71 орон тоотой, ачааны машин 1, суудлын машин  гуравтай томоохон байгууллага болж өөрчлөгдөв. Энэ оны байдлаар Улаанбаатар хотод олон нийтийн шүүх 217, цагдан сэргийлэхэд туслах олон нийтийн бригад, товчоо штаб 220, ахмадын зөвлөл, сэхээтний ба социалист хөдөлмөрийн бригад зэрэг 10 шахам төрлийн 1345 зөвлөл, бригад нөхөрлөлд 17000 гаруй хүн хамрагдаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сайн дураараа хуулийн байгууллагынхантай хамтран ажиллаж, баяр ёслол, амралтын өдөр орой үдшийн цагаар эргүүлд 3000 гаруй хүн тогтмол гардаг байжээ.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН БҮТЭЦ  (1993)

Нийслэлийн прокурорын газар хэмээн нэр нь өөрчлөгдсөнөөр Улаанбаатар хотын прокурорын газрын бүтэц ч өөрчлөгдөв. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих алба, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих алба, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих алба, Тамгын хэлтэстэй байхаар тогтоожээ. 1980-1993 он хүртэл Улаанбаатар хотын прокурорын газарт боловсон хүчин, хяналт шалгалт эрхэлсэн туслах прокурор (Хотын прокурорын туслах) ажиллаж байгаад Прокурор байгууллагын тухай хуулийн дагуу Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Нийслэлийн газрын бүтцэд анх удаа Тамгын хэлтэс  бий болгов.

Эх сурвалж: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ТОВЧООН (1930-2020) номоос