Эхлэл Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР

Жил бүрийн 1 дүгээр сарын 13-нд Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиодог. Монгол Улс 1924 онд анхдугаар үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992, 2020 онуудад Үндсэн хуулиа шинэчлэн баталж байсан түүхтэй. Үе үеийн Үндсэн хуульд Прокурорын байгууллагын чиг үүргийг хэрхэн тусгаж байсныг хүргэе. 

БНМАУ-ын хөгжлийн шинэ үе дэх прокурорын байгууллага (1921-1992 он хүртэл)

1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялснаар феодалын нийгмийн үеийн төрийн аппаратыг өөрчилж, тухайн үеийн хууль ёс, эрүү шүүлт, ял шийтгэл, феодалийн эрх мэдлийг устгаж, ардын эрх ашгийг хамгаалсан төрт ёсыг тогтоон байгуулж, улмаар 1924 оны 11 дүгээр сард Улсын Анхдугаар Их Хурал хуралдаж, хэмжээт эрхт хаант ёсыг халж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, шинэ Үндсэн хуулийг батлан гаргаснаар тухайн нийгэмдээ ардчилсан хууль ёсыг сахин биелүүлэх ардын шүүн таслах газрыг бий болгосон нь прокурорын байгууллагын үүсэн төлөвших нөхцөлийг бүрдүүлжээ.

БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, мөн Хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж заажээ.

Үндсэн хуульд заасан “Улсын аливаа хэрэг” гэдэг нь төрийн үйл ажиллагааны бүхий л  талыг хамарсан цогц ойлголт бөгөөд түүнд хууль ёсыг хангах чиг үүрэг нэг адил хамаарч байсан гэж үзэж байна. Иймд хэдийгээр анхдугаар Үндсэн хуульд прокурорын байгууллагын үйл ажиллагааг шууд тодорхойлон заагаагүй боловч тэр нь төрийн ерөнхий чиг үүргийн хүрээнд багтаж байв.

БНМАУ-ын 1940 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар шинэ Үндсэн хуулийг батлан гаргасан нь Прокурорын байгууллагын хувьд чухал алхам болов. 1940 оны Үндсэн хуульд “Шүүх ба прокурорын газар”-ын тухай бие даасан бүлэг нэмж оруулсан бөгөөд шүүхийн зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тодорхойлохын хамт прокурорын байгууллагын үндсэн чиг үүрэг, зорилт, зохион байгуулалтын зарчмыг тодорхойлон тогтоожээ. Ингэснээр прокурорын байгууллага нь анх удаа Үндсэн хуулийн статустай болсон байна.

БНМАУ-ын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд: “Бүх яамд ба төв, орон нутгийн албан байгууллагууд хийгээд тэдгээрийн харьяат газрууд, мөн албан тушаалын хүмүүс ба ард  нийтээс хууль цаазыг нарийнаар биелүүлж байгаа явдлыг байцаан хянах үүргийг Улсын прокурор (хууль сахигч) хүлээнэ” гэсэн байна.

1940 онд батлагдсан Үндсэн хууль бол Монгол Улсын Үндсэн хуулиудын дотроос анх удаа Прокурорын байгууллагын эрх зүйн үндсийг бие даасан байдлаар хуульчилж өгсөн бөгөөд энэ нь тус улсын Үндсэн хуулиудын хөгжилд зарчмын шинжтэй чухал заалтуудыг агуулж, тэдгээр нь дараа дараагийн Үндсэн хуулиудад тусгалаа олсон юм.

Энэ үеэс 1990 он хүртэл прокурор одоогийн Үндсэн хуульд заасантай төстэй үүргээс гадна прокурорын ерөнхий хяналтын чиг үүргийн дор төр, олон нийт, хоршоолол, аж ахуйн бүх байгууллага, албан газар, тэдгээрийн албан тушаалтан төдийгүй, нийт иргэний үйл ажиллагаанд хууль ёс хэрхэн биелүүлж буйг хянах бүхнийг хамарсан чиг үүргийг хэрэгжүүлэх болжээ.

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн шинэ шатанд гаргахад 1960 оны 7 дугаар сарын 6-нд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль онцгой байр суурь эзэлж байв. Үндсэн хуулийн 72 дугаар зүйлд: БНМАУ-ын бүх яам, төв байгууллагууд, тэдгээрийн харьяа албан газар, байгууллага, орон нутгийн засаг захиргаа болон олон нийт, хоршооллын бүх байгууллага, мөн албан тушаалтан ба ард иргэдээс хуулийг хэрхэн нарийн чанд биелүүлж байгааг нэгэн адил хянах дээд дээд хяналтыг улсын прокурор гүйцэтгэнэ” гэжээ.

1978 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж БНМАУ-ын Прокурор хууль санаачлах эрхтэй болсон байна.

1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн БНМАУ-ын Үндсэн  хуулийн нэмэлтийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д БНМАУ-ын прокурорыг БНМАУ-ын Ерөнхийлөгчийн санал болгосноор Ардын Их Хурал томилох, чөлөөлөхөөр заасан байна.

Ардчилсан тогтолцооны үе дэх прокурорын байгууллага, хууль тогтоомж /1992 оноос хойш/

Монгол Улс 1992 оны 1 дүгээр сарын 13-нд дөрөв дэх Үндсэн хуулиа баталсан.

1992 онд батлагдсан Үндсэн хуулиар Прокурорын байгууллагыг шүүх эрх мэдлийн хүрээнд хамруулан өгчээ.

Шинэ Үндсэн хуульд Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Монгол Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилохоор болж, БНМАУ-ын прокурор гэж байсныг Улсын Ерөнхий прокурор болгон өөрчилсөн байна. Түүнчлэн УИХ-ын тогтоолоор Монгол Улсын прокурорын газрыг Монгол Улсын ерөнхий прокурорын газар болгон өөрчилжээ. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн прокурорын үндсэн чиг үүрэг нь:

  • Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих
  • Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих
  • Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих
  • Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох гэх зэргээр үндсэн чиг үүргийг нь тодорхойлсон юм.

Эх сурвалж: Б.Цэрэнбалтав Б.Амарбаясгалан “Прокурорын хяналт” /Улаанбаатар хот 2009 он/ номоос