Эхлэл Мэдээ мэдээлэл

ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ?

Улсын Ерөнхий Прокурорын газрын Олон нийттэй харилцах албанд иргэдээс прокурорын туслах ажилтан шалгаруулахтай холбоотой асуултууд их ирдэг. Үүнтэй холбоотойгоор тодруулга мэдээлэл бэлтгэлээ.  

Прокурорын туслах ажилтан гэж ямар ажил, албан тушаал байдаг, хэрхэн ажилд авдаг вэ?

Прокурорын байгууллагад прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах үүрэгтэй ажилтнууд ажилладаг бөгөөд Улсын Ерөнхий прокурорын 2018 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын туслах ажилтанд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу зохион байгуулсан шалгалтад тэнцсэн иргэнийг прокурорын туслах ажилтнаар томилон ажиллуулдаг.

Улсын Ерөнхий Прокурорын газраас байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор жил бүр прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулдаг.  Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахал гарч, хөл хорио тогтоосны улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилж байна.

Ирээдүйд прокуророор ажиллах хүсэлтэй залуучууд прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцдог. Учир нь  Прокурорын тухай хуульд зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил, эсхүл прокурорын туслах ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан иргэнийг прокуророор томилох үндэслэл болдог юм.

Прокурорын туслах ажилтан болоход ямар шалгуур тавьдаг вэ?

Хууль, эрх зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, гэмт хэрэг үйлдэж, шүүхээр гэм буруутайд тооцогдож байгаагүй, төрийн албаны шалгалтад тэнцсэн, цэргийн алба хаасан байх гэсэн үндсэн шаардлагуудаас гадна компьютерийн программ ашиглах, бичиг хэрэг боловсруулах зэрэг чадваруудыг эзэмшсэн иргэд туслах ажилтнаар ажиллах хүсэлт гаргаж болно.

Шалгаруулалтад оролцогчид ямар материал бүрдүүлэх вэ?

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд

- шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл;

- гурван үеийн түүх;

- төрийн албан хаагчийн анкет;

-ерөнхий боловсролын болон бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэйг батламжилсан гэрчилгээний эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 

- Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

- ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт;      

- 4х6 см хэмжээтэй цээж зураг 2 хувь;

- хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 

- өөрийн боловсрол, ур чадварыг илэрхийлэхтэй холбоотой бусад баримт бичиг

- төрийн албаны шалгалтад тэнцсэнийг батламжилсан гэрчилгээний эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

- цэргийн албыг биечилж болон дүйцүүлэн хаасныг гэрчлэх баримт бичгийн эх хувь;

- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хуудас;

- сонгон шалгаруулалтанд оролцох төлбөр тушаасан баримт зэргийг бүрдүүлсэн байх ёстой.

Сонгон шалгаруулалт ямар зарчмаар явагддаг вэ?

Сонгон шалгаруулалтын хүрээнд 4 төрлийн шалгалт авдаг. Эхлээд эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорилго авна. Сорилгод тэнцсэн иргэн дараагийн шатны буюу эссэ бичилтийн, ярилцлагын, компьютерийн хэрэглээний программыг ашиглах чадварын шалгалтуудад ордог. Шалгалтын нийт онооны нийлбэр нь 250 байдаг ба 210-аас доошгүй оноог авсан бол тэнцсэнд тооцно.

Хэрвээ шалгалтад оролцогч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй  бол эрх зүйн ерөнхий мэдлэгийн шалгалтаас чөлөөлөгддөг.

Тэнцсэн оролцогчид шууд прокурорын байгууллагад туслах ажилтнаар ажилладаг уу?

Тэнцсэн иргэдийг хүний нөөцийн бүртгэлд авч, шалгалтын онооны эрэмбийг нь харгалзан прокурорын туслах ажилтны сул ажлын байрыг санал болгоно. Хэрэв тухайн иргэн татгалзвал дараагийн хүнд санал болгож шийдвэрлэдэг.  Мөн өөрөө хүсвэл бичиг хэргийн бусад сул ажлын байранд томилогдон ажиллаж болно.

Шалгаруулалттай холбоотой мэдээ, мэдээллийг хаанаас авах вэ?

Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг шалгаруулалт эхлэх өдрөөс гучаас доошгүй хоногийн өмнө байгууллагын www.prokuror.mn сайтад болон бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлдэг. Мөн бүрдүүлэх шаардлагатай материал, тэдгээрийг хүлээж авах өдөр, газар, цаг хугацаа, шалгалтын төрөл зэрэг холбогдох бусад мэдээллийг тухайн үед нь дэлгэрэнгүй хүргэх болно.