Эхлэл Мэдээ мэдээлэл

ИРГЭН ТА ӨӨРИЙН ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛОО ХАМГААЛУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТ, ГОМДЛЫГ ПРОКУРОРТ ГАРГАХ ЭРХТЭЙ

Прокурорын тухай хуульд “Прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхдээ  хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл прокурор зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх, ял эдлүүлэх, гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хүний эрх зөрчигдсөн эсэх, хүний эрхийг хөндсөн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг “Хүний эрхийг хангагч” юм.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий  Ассамблей 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан та бүхэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрхийг хангах үндсэн зарчмуудаас хүргэж байна.

Орон байранд хийх нэгжлэгийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.

Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах ба энэхүү эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж болно.

Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.

Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана.

Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.