Эхлэл Мэдээ мэдээлэл

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн дарга, гишүүд өнгөрсөн 10 дугаар сард Хэнтий аймагт ажилласан бол энэ сарын 06-ны өдөр Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн болон Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймаг, Замын-Үүд, Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын прокуроруудтай ажил хэргийн уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд аймгийн ерөнхий прокурорууд мэдээлэл хийсэн бөгөөд прокурорын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгддөг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах санал, хүсэлт, хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцсэн юм.

Дээрх уулзалтуудын үеэр зарим аймаг, орон нутгийн онцлог, гэмт хэргийн гаралт ямар байгаа талаар тодрууллаа.

Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу:

Прокурорын системд мөрдөгддөг олон бичиг баримтууд байдаг. Гэхдээ хууль өөрчлөгдөхийн хэрээр түүнд нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ асуудлыг ч бид уулзалтын үеэр хөндөн ярилцлаа.

Дорноговь аймгийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд гэмт хэргийн гаралт буурсан. Хулгайн гэмт хэрэг тэр дундаа малын хулгай, орон байрны хулгай, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг болон хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг зонхилон гардаг. Аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлан санал, дүгнэлтээ аймгийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд хүргүүлж, тодорхой арга хэмжээ авахуулж байна. Мөн аймгийн Цагдаагийн газартай хамтран зөрчлийн хэргийг бууруулахад анхаарч байгаагаас гадна аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, коллежуудад урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт, яриа таниулга хийж, шаардлагатай бол мэдэгдэл, албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Мөнгөнцэцэг:

Манай Говьсүмбэр аймаг 17000 гаруй хүн амтай, жижиг аймаг боловч зам дагуух аймаг учир гэмт хэрэг, зөрчил буурахгүй байна. Ялангуяа зам тээврийн осол хэрэг, зөрчил их гардаг. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр ажилгүйдэл нэмэгдэж, ахуйн хүрээнд үйлдэгдэх гэмт хэрэг ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил өсөх хандлагатай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д заасан бусдын биед хөнгөн хохирол учруулах зөрчлийн хэргүүд түгээмэл гарч байна. Ажилгүйдэл, архидан согтуурахтай холбоотой энэ төрлийн хэргийн тоо буурахгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс манай байгууллага энэ төрлийн хэрэг, зөрчлийг бууруулахад онцгой анхаарал хандуулж аймгийн иргэдтэй уулзалт, яриа таниулга хийх, гарын авлага тараах зэргээр ажиллаж байна.

Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэл:

Энэхүү уулзалт ярилцлагад Хэнтий аймгийн прокурорын газраас прокуроруудын хяналтын ажлыг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан цаашид засаж сайжруулах, зарим нэг хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад гардаг хүндрэл бэрхшээлүүдийн талаар болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах талаарх саналуудыг гаргаж, мэдээлэл хийлээ. Хэнтий аймгийн хувьд эрүүгийн хэргийн гаралт нөхцөл байдлаараа улсын хэмжээнд нэлээд өндөрт ордог. Уулзалтын үр дүнд бидний саналаас үндэслэн холбогдох арга хэмжээг авч, прокуроруудын ажлын чанар нэмэгдэж, ачаалал буурах байх гэж найдаж байна.  

Дорнод аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар:

Энэхүү уулзалт зөвлөгөөн нь их ач холбогдолтой болж байна. Дорнод аймгийн прокурорын газрын хувьд хилийн 5 боомттой, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдтэй, ой хээрийн, тал хээрийн аль аль бүсэд нь ордог онцлогтой аймаг. Үүнээсээ шалтгаалан хилийн зөрчлүүд нэлээд их гардаг. Мөн хориотой ургамал түүх, ан амьтдын түүхий мах хилээр гаргах зэрэг зөрчлийн хэргийн объект өндөртэй газарт тооцогддог. Үүнтэй холбогдуулан Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид тодорхой өөрчлөлтүүдийг гаргуулснаар зөрчлийн хэргийн бууралтад нөлөөлөх үр дүн өгнө гэж үзэн 7-8 төрлийн саналуудыг гаргалаа. Түүнчлэн байгаль экологийн гэмт хэргийн төрөлд гарч буй ой хээрийн түймэр, хортой хоргүй ургамал түүх гэмт хэргүүдийн шийдвэрлэлт дээр хууль эрх зүйн зохицуулалт нь хоорондоо зөрчилддөг учир шинэчлэх өөрчлөх талаар санал гаргасан.

Тус аймгийн хувьд сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн болон мал хулгайлах гэмт хэргийн тоо өссөнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэргүүдийг бууруулах тодорхой төрлийн ажил арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллалаа.