Эхлэл Мэдээ мэдээлэл

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА СУРАГЧДЫН НҮДЭЭР...

 Увс аймгийн прокурорын газраас  прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийт, залуу хойч үеийнхэнд сурталчлан танилцуулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний мэдэх прокурорын байгууллага” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зохион явуулав. Уралдаанд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нийт 30 гаруй шилдэг эссе ирснээс тэргүүн байранд Цогцолбор 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Маралмаа, дэд байранд Цогцолбор 2 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Тэмүүжин, гуравдугаар байранд байранд Өмнөговь сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Ё.Бүрэнтэгш  нар шалгарсан байна.

Тус эссе бичлэгийн уралдааныг прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ.

Цогцолбор 1-р сургуулийн 10а ангийн сурагч:Гончигсүрэн овогтой Маралмаагийн  "Миний мэдэх прокурорын байгууллага" эссег хүргэе.  

Би хаана ирчихсэн юм бэ? Энэ юун хүмүүс вэ? Яагаад бүгд дуугаа хураачихсан юм бэ? Хэсэг гайхаж балмагдсаны эцэст эргэн тойрноо ажив. Танхим дүүрэн хүн суусан байх ба сэжигтэн гэсэн хэсэгт суусан багш маань миний гайхшралыг хамгийн ихээр хөдөлгөсөн юм. Цаанаа л нэг хүйтэн, айдас дагуулсан энэхүү танхимд цагдаа, прокурор, шүүгчид гээд хуульчид цөм бүрэн. Гэнэтхэн алх цохих дуутай зэрэгцэн цагдаа нар багшийг маань аваад гарлаа... Ээ бурхан минь... зүүд байжээ. Уг зүүд нь миний сонирхлыг маш ихээр татсан ба 2 хоног өнөөх зүүдээ бодсоны эцэст би шүүх, прокурорын талаар судалж эхэлсэн юм.

1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх, үүргийн дүрэм" нэртэй баримт бичгийг батлан гаргаж Улсын болон орон нутгийн прокурорын газруудыг байгуулж, прокурорын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй билээ. Монгол Улсын прокурорын байгууллага үүсэн байгуулагдсан үеэсээ эхлэн хууль ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлогдсон чиг үүргээ шүүх эрх мэдлийн шинэчлэлийг эрчимжүүлж байгаа өнөө үед ч амжилттай хэрэгжүүлж байгаа нь ард иргэд бидний нүдэнд тодхон харагдаж буй. Нэрт эрх зүйч Н.Хартманы тэмдэглэснээр "Хүмүүний эв нэгдэл болсон нийгмийг цогцоор нь хадгалан үлдэх гол үндэс нь эрх зүй” хэмээжээ. Тэгвэл нүдэнд үл харагдаж, гарт мэдрэгдэхгүй ч хүн төрөлхтнийг цогцлоон тогтоогч "Эрх зүй” гэх хийсвэр гэмээр ойлголтыг бодит байдалд буулгаж өгдөг байгууллага бол "Прокурор" юм.

Монгол улсын прокурорын тухай хуулийн 5.1д зааснаар “Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна.” гэсэн байдаг ба энэ нь прокурор гэх байгууллага ямагт иргэдийнхээ төлөө ажиллаж, тэдгээрийн эрх ашигийг дээдэлж, аливаа асуудлыг хянан шийдвэрлэдэг гэсэн утгатай билээ.. Тэгвэл бид ямар тохиолдолд уг байгууллагаар өөрийн эрх чөлөө болоод эрх ашигаа хамгаалуулах эрхтэй вэ? Хүмүүс бид өвдөхөөрөө эмнэлэгт очдог. Учир нь бидэнд эмч хэрэгтэй байдгийн адил хүмүүс зөрчилдөхөөрөө "хуулийн байгууллага”-д ханддаг. Яагаад гэвэл бидний амьдарч буй нийгэм эрүүл, аюулгүй байдлыг хангахад шүүх прокурор, өмгөөлөгч нар тусалдаг. Харин миний хувьд нийгмийг гийгүүлэгч нь “хуулийн байгууллага” гэмээр санагдлаа. Нар гэдэг хүмүүсийг өндөр, нам, хөгшин залуугаар нь ялгаж зааглахгүй бүгдийг л ивээж гэрэлтүүлдэгтэй адил прокурорын байгууллага нь хүмүүсийг эрх мэдэл, нас хүйс, сайн муугаар нь ялгаж бусдын нөлөөнд авталгүй, хэн нэгэн эрх мэдэлтнээс хараат бус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүн бүрт адил тэгш үйлчилдэг аж. "Прокурорын байгууллага бол нийгмийг гэрэлтүүлэгч тэнгэрт мандсан нар юм”

"Хууль” гэдэг үгийг сонсмогц ард нь "Шударга ёс” гэх үг даган цуурайтаж байдаг. Шүүхэд хандсан хэн боловч эрх тэгш байх тухай Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт "Шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан хэргийг, хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй шударгаар шүүлгэх эрхтэй” хэмээн тусгасан нь эртний сэтгэгч Гегелийн хэлсэнчлэн "Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны зарчмыг хангасан хууль л жинхэнэ эрх зүй юм" гэсэнтэй бүрэн дүйцэж буй юм.

Миний бодлоор хуулийн байгууллага гэдэг хэн нэгний зөв эсхүл буруу үйлдэл нь аль тохиолдолд нь хуулийг зөрчиж, аль тохиолдолд нь хуульд нийцэж байна?, Шударга үйлдэл үү? шударга бус уу? гэх мэт олон ээдрээт асуудлуудад шударгаар, олон нийтийн эрх ашигт нийцсэн тогтвортой хариултыг өгдөг байгууллага гэж боддог. Яагаад ард иргэд маань хуулийг дагаж мөрдөхийн оронд зөрчөөд байна вэ? магадгүй ард иргэдийн хуулийн мэдлэг, мэдээлэл дутуу дулимаг байгаагийн улмаас зөрчил маргаанаа шийдвэрлэж чадалгүй, цаг хугацаа, аж амьдрал зэрэг олон үнэт зүйлсээрээ хохирсоор байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэвэл зохимжтой талаар бодож үзлээ. Иргэдэд мэдээ мэдээллийг цахим сүлжээ, телевиз, сонин сэтгүүл гэх улиг болсон асуудлаар хүргэх биш, арай хэрэгтэй, чухал гэсэн зүйл дээр нь тулгуурлаж мэдээллийг олговол зүйтэй. Жишээлбэл ямар нэгэн ажилд ороход нь тухайн ажилд шаардагдах хууль эрх зүйн шалгалт авах байж болно... Заавал хохирол амсаж, хэрэг явдал болж өнгөрсөн хойно хуулийн байгууллагад хандах бус аливаа зөрчил маргааныг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд урьдаас тодорхой мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал юм шүү хэмээн ах, эгч, үе тэнгийн найзууд болон дүү нартаа хэлмээр байна.

Үхлийн хойно бурхан дэнсэлнэ

Үйлийн ард хууль биднийг дэнсэлнэ.

Мунхагт эрлэг, шударгад тэнгэрийн элч болсон "Шүүх, Прокурор”-ын байгууллага үгүйсэн бол хүн та адгуус адил.