Эхлэл Мэдээ мэдээлэл

ИРГЭДИЙГ МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХОР УРШГИЙН ТАЛААРХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан иргэдийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх сургалтад хамрууллаа.

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникийн эрхлэгч С.Байгальмаа “Мансууруулах, сэтгэц идэвхт бодисын хэрэглээ” сэдвээр сургалт хийж, ахлах прокурор Х.Жанибек “Эрүүгийн  хуулинд заасан шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлт, түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага”, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Хүрэлтогоо “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ, хяналтад авагдсан этгээдийн эрх, үүрэг, шүүхээс тогтоосон хязгаарлалт”-ын талаар тус тус мэдээлэл өгч, гарын авлага тараасан байна.  

Тус прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран хяналтад авагдсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хугацаанаас өмнө хяналт тогтоосон иргэдийг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг гэнэтийн байдлаар шалгах арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд дүүргийн хэмжээнд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдол гараагүй байна.