Эхлэл Мэдээ мэдээлэл

СУРАГЧДЫН ДУНД ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН  ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд миний оролцоо сэдэвт” эссе бичлэгийн уралдаан зарлаж, шилдэг эссе бичсэн сурагчдыг шалгаруулан шагнаж урамшуулсан байна.

Уралдаанд тус сумын 2 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Н.Дуламсүрэн, 11г ангийн сурагч Т.Бямба-Эрдэнэ, Цаст-Алтай сургуулийн 11б ангийн сурагч Б.Баясалмаа нар эхний гурван байрыг эзэлж, сурагч Л.Хонгорзул, М.Ариунжаргал нар тусгай байрт шалгарчээ.

Сурагчид гэмт хэрэг үйлдэх, түүнд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх, ямар оролцоотой байх талаар эссендээ тусгаж, уралдаанд идэвхтэй оролцсон байна.

 

Тэргүүн байранд шалгарсан Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Н.Дуламсүрэнгийн эссе 

                                     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд миний оролцоо

Сайн уу? Намайг Нямаагийн Дуламсүрэн гэдэг. Би одоогоор орчлонд 17 жилээр хэмжүүлсэн байгаа өсвөр Насны охин байна. Би бол Монголын ирээдуй. Аан үгүй Бид бол Монголын ирээдуй. Тийм биз? Бид одоо ямар байна ирээдүй тийм л байна.

Нэгэн өдөр би цагдаагийн газрын мэдээ үзэж байтал амьдрал нь нүднийх нь өмнө цэцэглэж байгаа арван жилийнхэн хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэрэг гарчээ. Энэхүү мэдээг сонссоны дараа миний толгойд борооны дараах мөөг шиг л ээлж дараалан маш олон асуултууд гарч ирсэн. Хэрвээ энэхүү мэдээнд өсвөр насныхан биш харин насанд хүрсэн хүмүүс гарч байсан бол би ингэж их санаагаа чилээхгүй. Харин миний насныхан гэмт хэргийг үйлдээд, гэмт хэрэг үйлдэгч болоод зогсож байсан нь миний анхаарлыг дээд цэгт нь татаж байсан юм. Дөнгөж арван хэдхэн настайдаа цагдаагийн газарт данстай болчихсон, гэмт хэрэгтэн гэх нэр томъёог хэдийнээ өөртөө зүүчихсэн байгаа тэр хүүхдүүд ирээдүйд гэмт хэрэгтэн болчих вий гэх айдас миний бодлыг дотроос минь нөмөрсөн. Яагаад гэвэл ирээдүй болсон чадварлаг залуу үеийнхэн ийм байдалтай, ийм ухамсаргүй, ийм хүмүүжлийн доройтолтой байвал мөн ч бүрхэг ирээдүй Монголыг хүлээж байгаа...

Одоогоор хулгайлах, залилах, дээрэмдэх терлийн гэмт хэргүүд нийт хэргийн 85.5 хувийг эзэлдэг. 2020 оны нийт гэмт хэргийн хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд 2802 буюу 21, 7 хувиар буурсан таатай үзүүлэлт гарчээ. Тиймээс ядаж миний үеийнхэн буюу өсвөр насныхан хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй бол энэхүү таатай үзүүлэлтийг илүү ихээр нэмэгдүүлж чадах тод амжилттай. Өсвөр насныхан бид юманд амархан автдаг бас хүрээлэлдээ ч амархан уусдаг. Бид 24 цагийн тал хувийг гэр бүлийнхэнтэйгээ, үлдсэн тал хувийг найз нөхөд, үеийнхэнтэйгээ өнгөрөөдөг. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд хурээлэлд нь нөлөөлөх ёстой болж байна. Тиймээс нэгдүгээрт: Эцэг эхэд нь гэмт хэргийн талаарх тодорхой мэдээлэл хүргэж, хүүхэддээ зев үлгэр дуурайлалтай байхыг сануулах. Үүнд:

Нэгдүгээрт: Цагдаагийн байгууллага болон хуухдийн хамтын ажиллагаатайгаар эцэг эхэд нөлөөлөх сошиал ажиллагаа. Эцэг эхчууд цагдаагийн байгууллагын пэйж хуудсыг тэр болгон дагадаггүй. Харин хүүхдийнхээ фэйсбүүкдээ оруулсан пост болон сториг байнга харж үзэж чадна. Тиймээс өсвөр насныхан гэмт хэргийн гол шалтгаанд эцэг эх нь нөлөөлөөд  байна аа гэдгийг батлах бодит тохиолдлуудыг цагдаагийн байгууллага пэйж хуудсандаа постлож, тэрийг хүүхдүүд еерийн фэйсбүүкдээ хуваалцаж эцэг эхдээ далд утгаар уламжлах явдал юм.

Хоёрдугаарт: Өсвөр насныхны оролцоог дэмжиж гэмт хэрэгт өртөх  эрсдлийг багасгах. Үүнд ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдийг нийгмийн ямарваа нэгэн үйл ажиллагаанд түлхүү оролцуулж, муу зүйлст автах цагийн багасгах. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ихэнх хувийг эрэгтэй хүүхдүүд эзэлдэг шүү дээ. Улс орныг авч явах хамгийн гол хүмүүс бол эрэгтэйчүүд. Энэ ойлголтыг тэдний оюун санаанд бүрэн гүйцэд шигтгэж чадвал тэд юу ч бүтээж, юуг ч хийж чадна. Тиймээс тэдгээр өсвөр насны залуучуудад илтгэл тавьж, тэрхүү илтгэлээрээ тэдэнд урам зориг бахдалыг өгөх нь бидний ирээдүйдээ анхаарч буй бодитой ажил болж чадах байх гэж бодож байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийн үзүүлэлтийг бууруулах тухай өөрийн бодол санаагаа ингээд цагдаагийн байгууллагын ах эгч нартаа уламжилж байгаа нь миний гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оролцож байгаа оролцоо гэж би дүгнэж байна.