Эхлэл Мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “ШҮХЭР” ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ АНХДУГААР АЯНД НЭГДЛЭЭ

Орхон аймгийн прокурорын газар нь “Монголын үндэсний хүүхдийн кино академи” ТББ-тай хамтран “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний анхдугаар аянд нэгдэж хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, буруулахад иргэн бүрийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нэлээдгүй ажлыг зохион байгуулаад байна.

Аяны хүрээнд аймаг дахь ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Миний гэр бүл”, “Бид гэр бүлдээ хайртай”, “Бид бие биедээ тусалж чадна” сэдэвт эссе бичлэг, гар зураг, баримлын шавраар бүтээл хийх уралдаан зарлаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийжээ.

Мөн тус аймгийн нээлттэй хорих ангид ял эдэлж буй хоригдлуудад “Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж,  тэдний бичсэн уучлал, ухаарлын талаарх ил захидлыг нь бяцхан гарын бэлгийн хамт гэр бүл, үр хүүхдүүдэд нь хүргүүлсэн байна.

Тус аймагт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Тавилан” уран сайхны киног бүтээхэд аймгийн прокурорын газраас мэргэжлийн туслалцаа үзүүлсэн бөгөөд киноны нээлтийн үйл ажиллагааны үеэр “Хүүхэд гэр бүлтэйгээ байхад жаргалтай” нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл өгчээ.

Орхон аймгаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний анхдугаар аян нь цаашид бүх аймгуудад үргэлжлэн явагдах юм байна.