Эхлэл Мэдээ мэдээлэл

ХОВД АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД  ХАМТРАН СУМДАД АЖИЛЛАЖЭЭ

Ховд аймгийн хуулийн байгууллагууд хамтран 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Дуут сумдын багын иргэд, малчдад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах арга хэмжээг зохион байгуулсан байна.

Уг арга хэмжээнд Ховд аймгийн прокурорын газар, мөн аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Байгаль, орчин аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Соёны бүсийн салбар  хамтран оролцож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллажээ.

Сумдад ажиллах үеэр тус аймгийн прокурорын газраас энэ оны аймаг, сумдын эрүүгийн нөхцөл байдал, шинээр хэрэгжиж буй Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд орсон онцлог нэмэлт өөрчлөлт, прокурорын байгууллагын 2020 онд дэвшүүлсэн бодлого зорилт, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгсөн байна.