Эхлэл Мэдээ мэдээлэл

ҮХСЭН МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ЦЭВЭРЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

Багануур дүүргийн прокурорын газар “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналтын харьяа хуулийн байгууллагуудтай хамтран иргэдэд чиглэсэн хэд хэдэн ажлыг “Ногоон дуу хоолой” нэрийн дор зохион байгууллаа.

Тухайлбал, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр арваад төрлийн санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага бэлтгэж Багануур дүүргийн хороодод болон Хэрлэн гол дагуу байрлах амралтын газруудад байршуулсан байна. Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын Аягын ам, Мэлз, Нарийны ам, Мандлын ар, Баруун байдлаг, Дунд байдлаг, Нүхэн зараа, Зүүн байдлаг, Эрэг бүрэг газраар нутаглаж буй малчин айл өрх, амралтын газрын ажилтан зэрэг 100 гаруй иргэнд “Байгалиа хамгаалья” аяны зорилгыг танилцуулж, яриа таниулга хийн, дүүргийнхээ сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулжээ.

Түүнчлэн Багануур дүүргийн нутаг дэвсгэртэй хөрш залгаа орших Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт их хэмжээний хог, хаягдал, үхсэн малын сэг зэм байгааг цэвэрлүүлэхээр холбогдох газруудад нь албан бичиг хүргүүлсэн байна.