Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлын дүнг нэгтгэн дүгнэлээ

5b7485e02e285a0foriginal

  Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн Зөвлөх Д.Дорлигжав 2011 онд “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” тухай удирдамжийг баталж, аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газруудад хүргүүлсэн.

Энэхүү удирдамжид  харьяа прокурорын газрууд прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа өөрчлөлт шинэчлэлтийг олон нийтэд хүргэх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртал чирэгдлийг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх, орон нутгийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зэрэг олон талт ажлыг хийж гүйцэтгэхээр тусгасны дагуу аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрууд хэрхэн ажилласныг  2013 оны байдлаар судлан дүгнэлээ.

Энэ ажлын хүрээнд аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газрын прокурорууд нийт 250 сум, 99 баг, хороо, тосгон, 214 байгууллага, албан газар, аж ахуйн нэгжид очиж ажиллан иргэдтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдан гарсан хуулиуд, Прокурорын байгууллагын шинэчлэл, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамжийн баримт бичгүүд болон тухайн орон нутаг дахь эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, нөхцөл шалтгааны талаар 33890 хүнд мэдээлэл хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн ажлыг шалган зааварлаж, үүрэг чиглэл өгчээ.

Нийслэлийн прокурорын газар нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үйл ажиллагаа”-ны төлөвлөгөөнд прокурорын газраас хариуцан хийх ажлын чиглэлийг тусгаж,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 2013-2016 онд хэрэгжүүлэх ажлын ерөнхий хөтөлбөрийг боловсруулж, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлуулан, хөтөлбөрт заасны дагуу үе шат бүхий олон ажлыг эхлэн хэрэгжүүлж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар  дүүргийн хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдийн ажлыг шалгаж, шалгалтын дүнгээр 2 дугаар хороог “жишиг” хороогоор шалгаруулж, уг хорооны ажлыг бусдад сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнг танилцуулах зорилгоор дүүргийн салбар зөвлөл, хороодын засаг дарга, ИНХ-ын дарга нар, хэсгийн байцаагч нартай хамтарсан уулзалт өдөрлөгийг санаачлан зохион байгуулж, уг арга хэмжээг Улаанбаатар телевизээр нэвтрүүлжээ.

Налайх дүүргийн прокурорын газар дүүргийн хэмжээнд гарсан уурхайн ослын гэмт хэрэг, шалтгаан, нөхцлийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж, дүүргийн Засаг дарга, ГХУСАЗЗ-д танилцуулж, судалгаанд үндэслэн уурхайн ослоос урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар дүүргийн Засаг дарга, ИТХ, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох ажилтнууд, уурхайн лиценз эзэмшигчид болон бичил уурхай ажиллуулдаг иргэдийг оролцуулан нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулсан байна.

Тээврийн прокурорын газар  нийслэлийн замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож үйлчилгээ үзүүлдэг том оврын автобуснуудын гаргасан зам тээврийн ослын байдлыг сүүлийн 2 жилийн байдлаар судалж, 9 аж ахуйн нэгжид ослын талаар мэдээлэл хийж, жолооч нарын гаргаж байгаа нийтлэг зөрчил, замын хөдөлгөөнд оролцоход учирч буй бэрхшээлийн талаар танилцуулж, харилцан ярилцаж, санал солилцсон ба зам тээврийн осолд замын байгууламжийн асуудал зохих нөлөө үзүүлж байгааг тогтоож, Нийслэлийн авто замын газар, Улаанбаатар Төмөр замын удирдлагад прокурорын мэдэгдэл бичиж, биелэлтийг тооцжээ.

Харьяа прокурорын газрууд сум, баг, хороонд очиж ажиллахдаа иргэдээс  76 гомдол, хүсэлт хүлээн авч шийдвэрлэн  зохих хариу өгчээ.

Сумдад ажиллахдаа хэсгийн төлөөлөгчийн ажлыг шалгаж холбогдох арга хэмжээ авсан байна. Тухайлбал: Өмнөговь аймгийн прокурорын газар  хэсгийн төлөөлөгч нарын ажлыг шалгаж үзэхэд  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг хэтрүүлдэг, ажиллагаа хийлгүй дарагдуулдаг, гомдол гаргагчид санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар сануулдаггүй зэрэг зөрчил гаргасныг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар аймгийн Цагдаагийн газарт прокурорын шаардлага бичсэн байна.

Архангай аймгийн прокурорын газраас санаачлан сумдад спортын нөхөрсөг тэмцээн, “Дэвжээ” “АХА” тэмцээн зохиосон нь иргэдийн идэвхийг өрнүүлсэн ажил болжээ.

Баянхонгор, Хэнтий аймгийн прокурорын газраас сумдад ажиллах үеэр нээлттэй шүүх хурал хийсэн нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүмүүжлийн ач холбогдолтой, үр дүнтэй ажил болсон.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаа, Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Ажлын хариуцлага-сонор сэрэмж” нэгдсэн арга хэмжээг зохиож, албан газар, аж ахуйн нэгжийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажил, гарч болзошгүй хэрэг зөрчил, аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг шалган, зааварчилж, яриа таниулга хийжээ. Мөн сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж, 10 сумын салбар зөвлөлд аймгийн прокурорын мэдэгдэл бичиж, биелэлтийг тооцон, 6 сумын салбар зөвлөлийн даргад захиргааны арга хэмжээ авахуулсан байна.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас ерөнхий боловсролын зарим сургуулийн ахлах ангийн сурагчдад “Прокурорын байгууллага, тогтолцоо, чиг үүрэг” сэдвээр нэг цагийн сургалт хийснээс гадна Дархан-Уул, Сүхбаатар, Төв аймгийн прокурорын газрууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулжээ.

Дорноговь аймгийн прокурор Замын-Үүд сумын ШШГА-ны ажилтнууд шүүхийн шийдвэрээр устгавал зохих 14 тн жимс, гаалийн агуулахад эрүүгийн хэргүүдийн эд мөрийн баримтууд эмх замбараагүй, хамгаалалтгүй, хаяггүй хадгалагдаж байсан зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авахуулсан байна. Мөн сумдад ажилласан талаараа аймгийн удирдлагад танилцуулснаар сумдын салбар зөвлөлүүдэд цаашид хийх ажлын талаар зөвлөмж хүргүүлснээс гадна сумдад олон нийтийн байцаагч ажиллуулах, тэдэнд урамшууллыг 2 дахин нэмэгдүүлэх, цаашид цалингийн жишигт нийцүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн байна.

Дорноговь, Дорнод аймгийн прокурорын газрууд  үйл ажиллагаагаа ил тод байлгах зорилгоор мэдээллийн дэлгэц, мэдээллийн төвийг  шинээр бий болгожээ.

Орхон аймгийн прокурорын газар  хулгайн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх  талаар 600 гаруй иргэнээс санал авч, дүгнэлт хийн  аймгийн ГХУСАЗЗ-д хүргүүлсний гадна Өмнөговь аймгийн прокурорын газраас аймгийн зарим сумдын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиосон ажлыг шалгасан, ахлах ангийн сурагчдыг хамруулан “Хүн худалдаалах гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулсан байна.

 Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар орон нутгийн телевизүүд болон хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийт 92 удаа мэдээ мэдээлэл хийж, нэвтрүүлэг явуулжээ. Энэ талаар   Архангай, Орхон аймаг, Багануур дүүргийн прокурорын газрууд  бусдаасаа илүү санаачлага гаргаж ажиллажээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх чиглэлээр 2013 онд хийсэн ажлыг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хуралдаанаар хэлэлцээд  энэ ажлыг 2014 онд эрчимжүүлэн үргэлжлүүлэх, хуулийн болон орон нутгийн төр  захиргааны байгууллагуудтай илүү өргөн хүрээнд хамтран ажиллахыг аймаг нийслэл тээвэр дүүргийн прокурорын газруудад үүрэг болгосон шийдвэр гаргажээ.

 УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХМОНХАлба

328 нийт үзсэн, 3 өнөөдөр үзсэн