ЗАМЫН ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭГ ШАЛГАЛАА

2971d8e18a28f12ebig

Улаанбаатар хотод зам тээврийн осол, хэргийн тоо буурахгүй, жилээс жилд өсөн нэмэгдэж, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд  хөрөнгөд хохирол учирч байгаа нь зөвхөн замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн жолооч, явган зорчигчийн гэм буруугийн асуудлаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэг нөхцөл болох зам, орчины байдал чухал нөлөөтэй байна.

 Иймд авто зам, тухайн замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, гарц, гарамыг бүрэн зөв хийснээр энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад зайлшгүй ач холбогдолтой гэж үзэж, Тээврийн прокурорын газар, Замын цагдаагийн газартай хамтарч Нийслэлийн 6-н дүүргийн авто замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, гарц, гармын байдлыг 2013 оны 03 дугаар сарын байдлаар шалгалаа.

Нийслэлийн хэмжээнд дор дурдсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.

-Шинээр буюу засаж сайжруулах шаардлагатай замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн байдлын талаар хариуцан ажиллаж буй зам арчлалтын болон Замын цагдаагийн газрын /дүүргүүдэд ажиллаж байгаа/  байцаагч нараас саналыг нь авч харилцан холбоотой ажилладаггүйгээс замын тэмдэг, тэмдэглэгээ буруу тавигдах, гэрэлтүүлэгийн шон ойртох буюу холдох, хэт өндөрт гэрэлтүүлгийн толгой байрлах, хэрэглэгдэхээ больсон буюу манай стандартанд таарахгүй гэрлийн толгой байрлуулах, шон хоорондын кабел нь хүчин чадал нь хүрэхгүй байх

-Нийслэл хотод замын ажил удааширсанаас хүйтний улирал эхэлж тэмдэг, тэмдэглэгээгүй, гэрэлтүүлэггүй замаар хүн, тээврийн хэрэгсэл зорчих болдог

-Нийслэлийн дүүргүүдийн зам арчлалтын компаниуд стандартад нийцсэн тэмдэг тэмдэглэгээг хийдэггүй учраас Нийслэлийн утаа, шороо тоосонд дарагдаж үзэгдэх орчин хязгаарлагдсан үед шөнийн цагт тээврийн хэрэгслийн гэрэлд гэрэлтэж харагддаггүйгээс мэдээлэл өгч чаддаггүй

-Зам тээврийн ослын улмаас Замын тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлгийг эвдэж гэмтээсэн гэм хорыг хэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар тухайн хариуцсан байгууллага, компани, албан тушаалтнууд холбогдох арга хэмжээ авахгүй орхиж байна.

Шалгалтаар тогтоогдсон зарим жишээг  дурьдвал,  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 347 тэмдэг байгаагаас хазайж муруйсан шонтой 16 ширхэг, тэмдэг нугарсан байдалтай 25 ширхэг, тэмдэг унжсан 7 ширхэг, стандартын бус хийгдсэн 21 ширхэг, өнгө үзэмж алдсан 12 ширхэг, байрлал оновчгүй 12 ширхэг, солих шаардлагатай 38 ширхэг тэмдэг байх ба  зам засварын ажил хийгдэж байгаа 3 газарт замын тэмдэг тэмдэглэгээ огт тавигдаагүй, буруу газар тавигдсан 12 тэмдэг байгаагаас гадна гэрэлтүүлэг муутай замууд байна.

Чингэлтэй дүүрэгт  тодруулах  шаардлагатай түүнчлэн стандарт бус, шаардлага хангахгүй болсон 29, огт тэмдэг тэмдэглэгээ байхгүй буюу нэмж тавих шаардлагатай 40, илүү тавигдсан буюу шаардлагагүй газарт тавигдсан 16 тэмдэг, тэмдэглэгээ,  Сүхбаатар дүүргийн  хэмжээнд  нийт 453 тэмдэг, тэмдэглэгээ байгаагаас  сольж, засах шаардлагатай,  стандарт бус, ойлгомжгүй болсон 21 тэмдэг, тэмдэглэгээ байх ба огт тэмдэг тэмдэглэгээгүй, шинээр тавих шаардлагатай 13 газрууд  байлаа.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 64 газарт шинээр тэмдэг тэмдэглэгээг тавих,  шаардлагагүй газарт  тавигдсан 11, засах, сэргээх шаардлагатай 11, байрлалыг зөвтгөх шаардлагатай 11 тэмдэг, тэмдэглэгээ,  Хан-Уул дүүргийн  хэмжээнд  стандартын бус, шаардлага хангахгүй болсон, будаг нь арилсан, хугарсан, шон нь далийсан гэх мэтээр  солих, засах  шаардлагатай 15 тэмдэг, тэмдэглэгээ байв.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн төв зам болох Энхтайваны гүүрнээс Нисэхийн эцэс хүртлэх зам дагуу тавигдсан гэрлүүдийг шалгахад Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрнээс Танктай хөшөө хүртэл нийт 74 гэрэл тавигдсанаас асаж байгаа нь 67, асахгүй 10, Танктай хөшөөнөөс Троллейбусны эцсийн буудал хүртэл 97 гэрэл тавигдсанаас асаж байгаа 95, асахгүй байгаа 2, Троллейбусны эцсийн буудлаас Яармагийн гүүр хүртэл 48 гэрэл тавигдсанаас асаж байгаа нь 47, асахгүй байгаа 1 гэрэл байна. Нисэхийн цагаан хаалганаас Нисэхийн эцэс хүртэл 56 гэрэл тавигдсанаас асаж байгаа 50, асахгүй байгаа 6 гэрэл байна. Бусад газар 1220 гэрэл тавигдсанаас асаж байгаа нь 1149, асахгүй 71 гэрэл байна. Мөн Нисэхээс Био орох замд огт гэрэлтүүлэггүй байлаа.

Баянгол дүүргийн хэмжээнд 528 тэмдэг байгаагаас 36 нь хуучирч муудсан, стандарт бус, солих засах  шаардлагатай, буруу газарт тавигдсан болон давхар тавигдсаныг авах шаардлагатай түүнчлэн шинээр тавих шаардлагатай 40, шаардлагагүй газарт тавигдсан 6 тэмдэг, тэмдэглэгээ байна.

             Сөүлийн гудамж, Өндөр гэгээн Занабазарын гудамж, Чингүнжавын гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, Замчдын гудамжны тэмдэглэл бүдгэрч муудсан байна. Эх нялхасын төв гудамж засварын ажилтай байх ба Амарсанаагийн өргөн чөлөө, ажилчины гудамж, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, Тээвэрчидийн гудамж, Ард аюушийн өргөн чөлөө тэмдэглэл огт байхгүй байв.

Гандангаас уруудан баруун 4 замын уулзварт орох хэсэгт хурд сааруулагч байршуулах шаардлагатай байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон болно.

Замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц гарам, гэрэлтүүлэгийг  Нийслэлийн дүүргүүдээр тодорхой гаргаж, зарим зөрчлийг шалгалтын явцад арилгуулсанаас гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд  Танилцуулга, замын арчлалт, хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг хугацаа алдалгүй тухай бүр  шинэчлэн, засварлах, түүнд хяналт тавих үүрэг бүхий “Нийслэлийн Авто замын газар”,  “Нийслэлийн захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтэс”-ийн удирдлагуудад тус тус  Прокурорын мэдэгдэл бичиж хүргүүллээ.

              УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

        ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

680 нийт үзсэн, 4 өнөөдөр үзсэн